"Монголд анх удаа ирээд сайн найзаа олсон"

"Монголд анх удаа ирээд сайн найзаа олсон"

"Монголд анх удаа ирээд сайн найзаа олсон"

"Монголд анх удаа ирээд л хамгийн сайн найзаа олсон" гэх энэ эрхмийг Валерио Амикуччи гэдэг. Тэрбээр найзуудтайгаа Итали улсын Ром хотоос ирж, Монголын баруун аймгуудаар мотоциклтой аялжээ. Адал явдлаар дүүрэн аяллын замд машинд дайруулсан нохой таарч, тэр нохойгоо эмчлэхээр Итали улс руугаа авч явахаар шийдсэн байна. Аялагч, амьтан аврагч түүнийг хэрхэн найзаа олсон талаарх яриаг та бүхэнд сонирхуулья.


-Монголд анх удаа аялсан гэсэн үү. Наашаа ирэхийн өмнө монгол орны талаарх судалгааг хэр хийсэн бол?

-Тийм ээ. Би Итали улсын нийслэл Ром хотод амьдардаг. Анх удаа Монгол Улсад аялахаар ирсэн. Монгол Улсын баруун аймгуудаар найз нөхөдтэйгөө хамтдаа мотоциклтой аяллаа. Миний хувьд мото спортыг 14 наснаасаа хойш сонирхон хичээллээд 25 жил болж байна. Би мотоциклтой аялах маш дуртай.

Монгол нутгийн түүх, онгон дагшин байгаль миний хоббитой яг гоё уялдаж байсан.

Ром хот бол маш том метрополитан хот буюу чимээ шуугиан ихтэй учраас тэрнээс зугтаж цэвэр онгон байгалийг харахыг хүссэн юм.

-Нийт хэдэн километр зам туулав?

-Бид аяллаа хийгээд дууссан. Удахгүй Итали руугаа буцна. Нийт 1500 км газар мотоциклтой аялж, өдөрт 6-7 цаг давхилаа. Монголын байгаль тэр чигээрээ сайхан учраас тэр газар хамгийн сайхан гэж нэр цохож хэлэх боломжгүй. Гэхдээ Тэрхийн цагаан нуур орчмын байгаль маш сайхан санагдсан.

-Аяллаасаа буцаж яваад Төв аймгийн Эрдэнэсант суманд машинд дайруулсан нохойтой таарсан гэсэн. Хэрхэн нохойд тусалсан тухайгаа ярихгүй юу?

-Би Итали улсад таван нохой тэжээдэг юм. Бас амьтан аврагч. Амьтан аврагч хүний хувьд үнэхээр сэтгэл өвдсөн. Тухайн үед наймуулаа мотоциклтой явж байсан учраас би тэр сумын нутагт үлдэж, группээсээ хоцрох боломжгүй байсан. Надад юу нь хөөрхөн санагдсан гэхээр, тэр нохойны хойд хоёр хөл нь машинд дайруулж, мэдээгүй болсон ч гэсэн хэчнээн нөхөрсөг сайхан зантай байсан гээч. Уг нь тийм хүнд гэмтэл авчихаад зэрлэг байх ёстой байтал тийм биш байсанд нь үнэхээр гайхсан. Гэсэн хэдий ч би тухайн үедээ нохойнд ямар ч тусламж үзүүлж чадаагүй.

Тэгээд хөтчөөрөө дамжуулан фэйсбүүкэд тэр нохойд туслахыг хүссэн пост оруулсан. Тэрийг нь амьтан аврагч Т.Баярцэцэг гэх эмэгтэй олж хараад таньдаг хүнээ гуйж, бидэнд тусалсан.

Тэгээд л тэр хүн нь нохойг Төв аймгийн Эрдэнэсант сумаас хотод авч ирж, Тахилтад нэг айлд үлдээсэн юм. Тэр айлын эзэн нь нохой сургах талаар туршлагатай юм билээ. Би нохойгоо Итали улс руу авч явахын тулд дөрвөн сарын хугацаанд бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай болсон учраас Монголд түр үлдээхээр шийдсэн.

-Нохойг Итали руу бүр авч явах юм уу?

-Би яагаад энэ нохойг аварсан бэ гэхээр нохойны аарцагны яс нь салж, гэмтсэн. Ирэх өвөл гэхэд гэмтлээ дийлэхгүй үхэх эрсдэлтэй байсан. Тийм учраас нохойг аварч, Италид мэс засалд оруулна. Би өөрөө нохойг  тэжээнэ. Хэрэв боломжгүй бол сайн айлд үрчлүүлнэ.

-Нохой нь одоо алхаж чадахгүй байгаа юу?

-Нохой маань нэг явахдаа таван минутаас илүү алхаж чадахгүй байгаа. Хойд хоёр хөл нь доголоод арайхийн алхана.

-Эзэнгүй нохойг гадаад руу авч явахад дөрвөн сарын хугацаа шаардана гэлээ. Холбогдох бичиг баримтыг нь бүрдүүлэхэд хүндрэлтэй асуудал тулгарч байна уу?

-Амьтан аврагч Т.Баярцэцэгийн тусламжтайгаар бид дөрвөн сарын хугацаанд бүх бичиг баримтыг нь бүрдүүлнэ. Жаахан хүнд сурталтай байдаг юм байна. Бичиг баримт бүрдүүлэх хугацаа нь урт. Эхлээд нохойг вакцинд хамруулж, цусны шинжилгээ авч Австрали руу явуулдаг юм байна. Тэндээс хариу нь ирж, Европын холбооны эрхийн бичиг авах гээд дөрвөн сарын хугацаа шаарддаг юм байна.

-Монголд амьтны эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчин муу байдаг. Итали улсад ямар байдаг вэ?

-Итали улсад хэрвээ нохойгоо тэжээж байгаад гаргаж хаясан бол өндөр торгууль төлдөг. Зарим тохиолдолд хуулийн арга хэмжээ авдаг. Хэрвээ санамсаргүй байдлаар нохой тэжээвэр амьтанг дайрч гэмтээж болно. Зориуд дайрсан бол эрүүгийн гэмт хэрэгт тооцогдож, шоронд сууж болно.

-Монгол найздаа ямар нэр өгөх вэ?

-Эмэгтэй нохой учраас Мааяа гэж нэр өгөхөөр бодож байсан ч сүүлд Монголтой холбоотой нэр өгөхөөр шийдсэн. Монголын түүхийг судалж үзээд Кайду гэж нэр өгсөн.

-Монголд дахин аялахаар ирэх үү?

-Бид дараа жил дахин Монголд ирж, говь нутгаар аялах төлөвлөгөөтэй байна. Наймдугаар сард Монголын говьд маш их халуун байдаг гэж  сонссон учраас энэ удаа баруун аймгаар аялсан. Миний хувьд мото аялал энгийн аялал биш. Дандаа адал явдалтай байдаг. Хүн бүр энэ мэдрэмжийг мэдрэх ёстой. Өнгөрсөн жил Гималайн нуруугаар мотоциклтойгоо аялсан. Одоогийн байдлаар дэлхийн 50 гаруй улсаар аялаад байна.

Монголчууд нохойг хамгийн сайн нөхөр гэж ярьдаг юм байна. Италид бас адилхан байдаг. Болж өгвөл гудамжинд байгаа нохойнуудаа хооллож байгаарай. Амьтдад хайртай байя. Монголчууд их найрсаг зочломтгой зангаар угтсан нь маш сайхан мэдрэмжийг үлдээсэн гэдгийг хэлье.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
71
ЗөвЗөв
11
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-08-26 150.228.177.249

Жинхэнэ азтай савар

Avatar

Зулаа 2025-08-26 66.181.184.182

Ямар сайхан ухаалаг өрөвч залуу вэ баярлалаа

Avatar

Нэргүй 2025-08-26 202.9.41.58

Хар тамхичин

Avatar

Л.Цэнгэл. 2025-08-26 203.91.115.53

Чи хамт тамхи татаж байсан юм уу?
Чи хэн бэ ? Өө нээрээ сая л мэдлээ чи хуурс байж байгаад бөөс болсон амьтан мөн байна.

Avatar

Нэргүй 2025-08-26 66.181.189.158

Хай чи Сайн найзаа

Avatar

Нэргүй 2025-08-26 202.126.89.31

Сэтгүүлч гуай, "эмэгтэй нохой" гэнэ үү? Монгол хэлний мэдлэгээ дээшлүүлэх хэрэгтэй шүү.

Avatar

Зочин 2025-08-26 89.147.101.65

Сайхан сэтгэлтэй залууд баярлалаа

Avatar

Нэргүй 2025-08-26 66.181.181.71

Амьтдыг хайрлахаас л хүн чанар харагддаг. амьтны эрх гэж Монголд байдаг уу?
Амьтан хайрлаж чадахгүй бол өөрсдийгөө монгол хүн гэж битгий хэлээрэй!

Avatar

Нэргүй 2025-08-26 202.9.46.139

монголчууд энийг ойлгохгүй.

Avatar

Нэргүй 2025-08-26 202.131.245.34

хилээр амьтан оруулах гаргах эрх зүйн орчин, процессыг арай боловсронгуй болгомоор юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж