Америк эдийн засгийн статистикаа хуурамчаар мэдүүлбэл юу болох вэ?

Америк эдийн засгийн статистикаа хуурамчаар мэдүүлбэл юу болох вэ?

Америк эдийн засгийн статистикаа хуурамчаар мэдүүлбэл юу болох вэ?

АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчооны (BLS) даргыг тус улсын ерөнхийлөгч Дональд Трамп ажлаас нь халсан. Энэхүү үйл явдал дэлхийн эдийн засагч, санхүүгийн мэргэжилтнүүдийн санааг зовоож буй. Учир нь Хөдөлмөрийн статикийн товчооноос дотоодын ажлын байрны сэтгэл дундуур тоо баримтыг гаргасан нь тус байгууллагын дарга ажлаасаа халагдахад хүргэсэн юм. Хэдийгээр уг статистик тоо баримтад гаднын нөлөө орсон үгүй нь тодорхойгүй байгаа ч даргын албан тушаалыг улс төрийн хувьд нэр дэвшсэн хүнээр солих шийдвэр цаашид статистикт эргэлзэхэд хүргэж байна. Энэ нь улс төрийн ашиг хонжоо олохыг тулд эдийн засгийн мэдээллийг өөрчлөх эхний алхам байж магадгүй гэж шүүмжлэгчид буруутгаж байна. АНУ-ын эдийн засаг бол дэлхийн хамгийн том нь бөгөөд тус улсын ажлын байрны үзүүлэлт, инфляцын түвшин зэрэг нь дэлхий даяарх эдийн засгийн жишиг болдог.

Нью-Йоркийн гүйцэтгэх захирлуудаас авхуулаад хөгжиж буй орны ажилчид хүртэл АНУ-ын засгийн газрын найдвартай статистик мэдээлэлд итгэдэг. Хэрэв уг итгэл алдагдвал дэлхий дахинд сөрөг үр дагавар тархах аюултай.

АНУ-ын Холбооны нөөцийн сангийн дэд дарга асан Алан Блиндэр хэлэхдээ, "Ерөнхийлөгч Трамп BLS-ын даргыг халсан нь энэ цаг мөчид маш сөрөг үр дагавартай. Үүнээс болж мэдээлэл өөрчлөгдөх, гуйвуулах аюул ойртож байна" гэжээ. BLS-ын даргын үүрэг маш хариуцлагатай бөгөөд ямар нэгэн статистик мэдээлэл худал гарах нь олон тооны эрсдэлийг дагуулдаг байна. Жишээлбэл, Грек болон Аргентин улс эдийн засгийн тоо баримтаа хуурамчаар сайжруулж байсан түүхтэй. Тэд ийм аргаар илүү хүчтэй харагдахыг оролдсон ч, эцэст нь эдийн засгийн шийтгэл, хөрөнгө оруулагчдын итгэлийг алдсан. Улмаар тухайн хоёр орны нэр хүндэд нь урт хугацааны хохирол учирсан. АНУ эдгээр улсаас эдийн засгийн хувьд илүү хүчтэй, нөлөөтэй байж болох ч, мэргэжилтнүүдийн хэлж буйгаар нэг л зүйл хамгийн чухал байх ёстой. Энэ нь итгэл юм.

Цагаан ордны зүгээс Бюро статистикийн газрын (BLS) захирал Эрика МакЭнтарферийг халсан нь улс төртэй холбоогүй гэж мэдэгдэж байна.

Харин энэ нь өгөгдөл боловсруулах чанарыг сайжруулах зорилго гэж тайлбарлажээ. "Covid-19 цар тахлын дараах жилүүдэд Бюро статистикийн тоо баримт хэвийн бус, олон удаа засагдсан нь үнэн зөв байдалд эргэлзээ төрүүлсэн" хэмээн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Тейлор Рожерс мэдэгджээ. Тэрбээр мөн "Ерөнхийлөгч Трамп америкчуудыг зөв шийдвэр гаргахад туслахуйц найдвартай мэдээлэлтэй байх ёстой гэж үздэг. Ерөнхийлөгч BLS-д дахин итгэл бий болгохыг зорьж байна" гэж мэдэгдсэн байна. Тус улсын зарим эдийн засагчид мөн адил BLS-г шинэчлэх, загвар сайжруулах шаардлагатайг хүлээн зөвшөөрч байгаа аж. Гэсэн ч тэд "BLS" нь бие даасан, улс төрөөс ангид хэвээр байх ёстой гэдгийг онцолжээ.

“Найдвартай засгийн газрын мэдээллийг ямар ч зүйл орлож чадахгүй” гэж "Morningstar DBRS" үнэлгээний агентлагийн улсын шинжээч Майкл Хайдт хэлсэн байна.

Өдгөө Трампын засаг захиргаа эдийн засгийн мэдээлэл хэрхэн цуглуулж, тайлагнахыг мэргэжилтнүүд анхааралтай ажиглаж байна. АНУ-ын эдийн засгийн мэдээллийн нэр хүнд, үнэн зөв байдал нь олон улсын хэмжээнд "алтан стандарт" гэж тооцогддог юм. Өнөөгийн дэлхий дахины тодорхой бус байдал дунд, итгэл төрүүлсэн үнэн зөв мэдээлэл бол аливаа засгийн газрын хамгийн хүчтэй зэвсэг байсаар байна. Харин тэр итгэлийг алдвал, буцааж авах тун хэцүү.

ГРЕК БОЛОН АРГЕНТИН

Грек улс 2004 онд еврогийн бүсэд нэгдэхийн тулд үндэсний өр болон төсвийн алдагдлын талаар худал мэдээлэл өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ худал мэдээлэл үүгээр дуусаагүй. 2010 онд эдийн засагч Андреас Георгиу Грекийн статистикийн агентлагийн тэргүүнээр томилогджээ. Тэрбээр бодит, үнэн зөв тоо баримтыг нийтлэх зоригтой шийдвэр гаргасан. Олон жилийн турш итгэхэд бэрх, хуурамч мэдээлэл өгдөг байсан Грекийн хувьд энэ нь дэлхий даяар гайхширал төрүүлсэн үйл явдал болсон юм. Үүний дараа Георгиу олон жилийн турш шүүхийн асуудалд орж, зарим үед улсын санхүүгийн байдлыг илүү муугаар харуулсан хэмээн буруутгагдан, яллагдаж байв. Европын холбоо өөрөө ч Грек улс анхнаасаа тоо баримтыг хуурамчаар үйлдсэн хэмээн шүүмжилсэн байдаг. 2008–2009 оны дэлхийн санхүүгийн хямралын үеэр Грекийн хуурамч мэдээлэл нөхцөл байдлыг улам дордуулав. Зээлдүүлэгчид Грекийн санхүүгийн тоо баримтад итгэхээ больж, өндөр хүүтэй зээл шаардах болсон.

Улс орны бүрэн дампуурлаас зайлсхийхийн тулд Грек Олон улсын валютын сан (IMF) болон Дэлхийн банкнаас тусламж авсан бөгөөд хатуу хэмнэлтийн бодлогыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон байдаг. Энэ нь энгийн иргэдийг уурлуулж, жагсаал, үймээн самуун, автомашин шатаасан эсэргүүцэл Грекийн гудамжнуудыг дүүргэсэн юм.

Латин Америкийн гурав дахь том эдийн засагтай Аргентин улс эдийн засгийн мэдээллийг, ялангуяа инфляц болон өсөлтийн талаарх тоо баримтыг буруу мэдээлж байсан түүхтэй. 2007 онд тухайн үеийн ерөнхийлөгч Нестор Киршнер инфляц өсөж байгааг зөв мэдээлсэн албан тушаалтныг ажлаас нь буулгасан байна. Үүний дараа олон жил өнгөрсөн ч, ард иргэд болон хөрөнгө оруулагчид Аргентин улсын статистикт итгэхээ больсон. Энэ итгэлцэл алдагдсанаас болж Аргентины зээлийн үнэлгээ унаж, гадаадын хөрөнгө босгоход хэцүү, эсвэл маш өндөр өртөгтэй болсон байдаг. Энэ нь зөвхөн тоо баримтад биш, бодит амьдралд ч нөлөөлсөн.

Засгийн газар сургууль, эмнэлэг, зам, бусад чухал үйлчилгээг санхүүжүүлэхийн тулд зээл авдаг. Харин зээл авах өртөг нэмэгдвэл, эцсийн хохирогч нь энгийн иргэд болдог.

АНУ-ын эдийн засгийн мэдээлэлд улс төрийн нөлөө орж болзошгүй гэсэн айдас зарим шинжээчдийн дунд байгаа. Гэхдээ АНУ одоогоор Грек эсвэл Аргентин шиг болохоос хол байна гэж тэд үзэж байна. Эдийн засагч, АНУ-ын худалдааны яамны орлогч сайд асан Роберт Шапиро хэлэхдээ, Грек болон Аргентины нь худал мэдээлэл ил болсон байсан ч аль хэдийн эдийн засгийн ноцтой хямралд орсон байсан гэжээ. Зах зээлүүд аль хэдийн хөрөнгө оруулалтаа татаж эхэлсэн байсан аж. Харин АНУ-ын эдийн засаг одоогоор тогтвортой бөгөөд хүчтэй байна. Энэ оны хоёрдугаар улиралд 3 хувийн өсөлттэй байсан нь эрүүл өсөлт гэж тооцогдсон байна. Мөн АНУ-ын эдийн засаг 30 их наяд ам.доллароос давсан, дэлхийн санхүүгийн системд төв байр суурь эзэлдэг.

"Бид дэлхийн хамгийн том эдийн засаг. Бид хамгийн хүчирхэг санхүүгийн төв хэвээр байна" гэж Шапиро онцолжээ.

 

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

RC 2025-08-26 202.9.46.101

Орос, Xятадын бүх мэдээ хуурамч, санаатай, цензуртай байдаг. Ер нь улааны ертөнц булайгаа таг нууж өчүүхэн өөдөө юмаа тэнгэрт дөвийлгөн худал магтдаг жамтай юм даа.

Avatar

。BBC 2025-08-26 202.126.90.131

Путин Трамп уулзаад өөр өөр зүйл хүсэж байгаа гэдгээ ойлгоод дахин уулзах шаардлаггүй болсон баруун чаддаг 1 нц үлдсэн арга болох медиа ашиглан өөрийн бодолгүй малнуудыг Оросыг эсрэг шахалт үзүүлэхээс өөр аргагүй мухардалд орсон

Avatar

Бадарч тахар 2025-08-26 66.181.182.38

Монголын статистикийн хорооны дарга бүр нь тухайн ёрөнхий сайдынхаа гарын хүн нь байдаг юм ! Тэгээд ёрөнхий сайдынхаа хүсэлд нийцүүлэн худлаа тоо баримт цацаж ирсэн ! Энэ нь олон жил хуримтлагдсаар бөйгаад Монголын эдийн засаг одоо ийм муу байгаа юм ! Монгол бол тэр Грёк Аргёнтин хоёроос долоон доор !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж