Герман, Францын шуудангийн байгууллагууд ерөнхийлөгч Дональд Трампын тогтоосон татварын улмаас АНУ руу илгээх илгээмжийн үйлчилгээнд хязгаарлалт хийхээр болсноо мэдэгдэв. "Deutsche Post"-ыг эзэмшдэг "DHL" Баасан гаригт (2025.08.22) гаргасан мэдэгдэлдээ, Бямба гаригаас эхлэн АНУ руу чиглэсэн стандарт ангиллын илгээмжийн үйлчилгээг түр хугацаагаар зогсооно гэжээ. Энэ нь олон жижиг бизнесийн хувьд хамгийн түгээмэл сонголт байсан. Мөн “Эдгээр хязгаарлалтын шалтгаан нь АНУ-ын эрх баригчдын хэрэгжүүлсэн шинэ шуудангийн журамтай холбоотой бөгөөд түр хугацааны арга хэмжээ байна гэж бид найдаж байна” гэж "DHL" тайлбарласан байна. Түүнчлэн, “Татварыг яг хэн төлөх, хэрхэн төлөх тухай чухал асуултууд хараахан тодорхой болоогүй байна” гэжээ.
Францын "La Poste"-ийн мэдээлснээр, ирэх Даваа гаригаас эхлэн АНУ руу илгээмжийн үйлчилгээгээ зогсоож, зөвхөн хувь хүнээс илгээж буй 100 еврогоос буюу 116 ам.доллараас бага үнэтэй бэлгүүдийг л илгээхийг зөвшөөрнө. Тус байгууллагын хэлснээр, шинэ дүрмийг наймдугаар сарын 15-нд гаргасан тул Европын шуудангийн байгууллагуудад бэлтгэл хангахад маш богино хугацаа өгсөн байна. Мөн шаардлагатай баримт бичгийн тодорхойгүй асуудал хэвээр байгааг "La Poste" дурджээ. Францын шуудан жилд дунджаар 1.6 сая илгээмж АНУ руу илгээдэг бөгөөд үүний 80 хувь нь бизнесийн, 20 хувь нь хувь хүнээс илгээгддэг байна.
Бельги, Австри, Дани зэрэг улсын бусад Европын шуудангийн байгууллагууд мөн адил арга хэмжээ авч эхэлжээ. "DHL"-ийн мэдээлснээр, 70 кг хүртэл жинтэй илгээмжийн илүү үнэтэй экспресс үйлчилгээ хэвээр үлдэх бөгөөд хувь хүн 100 ам.доллараас (86 евро) хэтрэхгүй үнэтэй бэлэг илгээж болно. Гэвч эдгээр нь нэмэлт шалгалтад хамрагдана. Учир нь уг үйлчилгээг арилжааны зорилгоор ашиглах эрсдэлтэй гэж үзэж байна. АНУ-ын засаг захиргаа наймдугаар сарын 29-нөөс эхлэн жижиг илгээмжид ногдуулдаг татварын чөлөөлөлтийг цуцална гэж мэдэгдсэн. Үүний дагуу 800 ам.доллараас доош үнэтэй илгээмжид 15 хувийн татвар ногдуулах болжээ.
3,600.44





















































Холбоотой мэдээ