Ерөнхий сайдын Австри, Унгар улсад хийсэн айлчлалын талаар мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.03.19-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдын Австри, Унгар улсад хийсэн айлчлалын талаар мэдээлэл хийлээ

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ сарын 8-12-ны өдрүүдэд Австри, Унгар улсад анхныхаа ажлын айлчлалыг хийсэн юм. Энэхүү айлчлалын үр дүнгийн талаар Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх О.Оч, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Ерөнхий сайд Австри улсад хийсэн айлчлалынхаа үеэр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Перрин де Бришамбаотой уулзаж, ЕАБХАБ эдийн засгийн салбарт Ази, Европыг холбосон транзит тээврийн асуудалд анхаарч, Монгол Улсыг Европд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд туслалцаа үзүүлэхээ мэдэгдсэн. Мөн Европын холбооны стандартыг Монголд нэвтрүүлэх асуудлаар санал солилцсон бөгөөд Австрийн тал энэ чиглэлээр дэмжлэг үзүүлэхээр болсон.
Боловсролын салбар дахь хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцсон. Энэ үеэрээ Австри улсын Боловсрол, судалгааны салбар дахь олон улсын хамтын ажиллагааны агентлагаас хэрэгжүүлдэг тэтгэлэг, судалгааны хөтөлбөрүүдэд Монголын оюутнуудыг албан ёсоор хамруулах хүсэлт тавьсан. Боловсролын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилгоор канцлер В.Файманн манай улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдыг Австрид айлчлахыг албан ёсоор урьсан.
Унгар улсад хийсэн айлчлалынхаа үеэр хоёр орны худалдааны хамтын ажиллагааг дорвитой хөгжүүлэх үүднээс бизнес эрхлэгчдийн зөвлөл байгуулж, харилцан мэдээлэл солилцож, шууд хамтран ажиллах. Унгарын зүүн хилийн төмөр замын “Захонь” боомтоор Монголоос ачигдсан Европ руу нийлүүлэх бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн асуудал хариуцсан Монгол, Унгарын хамтарсан компани байгуулах, Геофизикийн хүрээлэн байгуулах, газрын гүний усны эрэл хайгуул хийх, Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээг шинэчлэх, Биокомбинатыг шинэчлэх зориулалтын 25 сая ам.долларын хүүгүй зээлийн хэрэгжилтийг түргэтгэх. Цөлжилттэй тэмцэх, далайд гарцгүй орны хувьд олон улсын форум, чуулга уулзалт дээр хамтран ажиллахаар тогтсон байна.
Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж