Шинэ ном: Нэрийн дэлгүүрийн эмэгтэй

Хуучирсан мэдээ: 2025.08.22-нд нийтлэгдсэн

ШИНЭ НОМ

Шинэ ном: Нэрийн дэлгүүрийн эмэгтэй

Шинэ ном: Нэрийн дэлгүүрийн эмэгтэй

Японы зохиолч Саяака Мүрата "Нэрийн дэлгүүрийн эмэгтэй" зохиолоо 2016 онд олны хүртээл болгожээ. Тэрбээр долоо хоногт гурван өдөр нэрийн дэлгүүрт ажилладаг байсан туршлагаасаа санаа авч уг зохиолоо бичсэн гэдэг. Япон хүний онцлог, цаашилбал, хүний нийгмийн нэгээхэн эд эс байхын тулд хангавал зохих шаардлагыг хөндөн бичсэн тус зохиол 2016 онд Акүтагавагийн шагнал хүртсэн байна. "Нэрийн дэлгүүрийн эмэгтэй" зохиолын талаар бяцхан тэмдэглэлийг энэ удаагийн ШИНЭ НОМ булангаараа хүргэе.


Шөнөөр ч амьдрал ид буцалж байдаг тунгалаг шилэн хорго бол нэрийн дэлгүүр. Нэрийн дэлгүүр гэдэг монгол үгийг бүр илүү “монголчилж” орчуулбал “CU”, “GS25” гэсэн үг юм. Үүдээр нь орох бүрт эелдэгээр мэнд мэддэг ажилтнууд өдөрт хэдэн зуун царай төрх, хэдэн зуун ааш авиртай тулгардаг байлгүй. Өдөр тутамдаа бид нар бүгдээрээ л хүнтэй харьцдаг, хүнтэй ажилладаг боловч үйлчилгээний ажил яах аргагүй ондоо. Заримдаа хүн судлалын ажил ч гэмээр. 

Нэрийн дэлгүүрийн эмэгтэй Фүрүкүра үйлчлүүлэгчдийн учрыг ядах юмгүй олох боловч өөрийнхөө л учрыг олоогүй 18 жилийг үджээ. Амьдралынхаа 18 жилийн өглөө бүрийг дэлгүүрээ цог золбоотойгоор нээхэд, тавтай морил гэж цовоо дуугаар хэлэхэд зарцуулсан эмэгтэй. Хүний нийгмийн энгийн л нэг эрэг шураг гэдгээ дэлгүүрт ажиллахдаа л тэр мэдэрдэг.

Гэвч хөндлөнгийн нүдээр, нийгэм дэх олонхийн харахаар бол тэр эмэгтэй “энгийн нэгэн биш”. Хүнтэй сууж, хүүхэд гаргах, олигтойхон тогтвор суурьшилтай ажил хийх. Нэг иймэрхүү юм л цагаан сараар ах дүү хамаатан садан чинь нэхээд байгаа биз дээ. Яг үнэндээ эдгээрийг биелүүлэх ёстой, тэгж гэмээнэ тодорхой нэг түвшинд хүрнэ гэсэн дүрэм журам хаана ч байхгүй юм. Гэвч яаж ийгээд л чулуун зэвсгийн үеэс эхлээд ийм жишиг хүний нийгэмд тогтчихож. Фүрүкүра энэ жишигт хүрээгүй нэгэн. 

Энэ жишигт хүрэхгүй байх нь эзэн биедээ хохиролтой биш боловч хэн хүнгүй амьдралд чинь дураараа хошуу дүрдэг нь гашуун үнэн. Өөрсдийгөө хэвийн гэж дүгнэгсдэд тийм бүдүүлэг дархан эрх нь байгалиасаа заяагдмал. Хөл толгой нь олдохгүй замбараагүй амьдарсан ч хамаагүй хүнтэй суугаад, гэрлэж бараалсан болвол болох нь тэр. Амьдралын гарын авлага гэдэг нь энэ. 

Гэвч амьдралын гарын авлагыг дагаж мөрдөхөд алив юмс дэндүү төвөгтэй учир Фүрүкүра нийгмийн гишүүн бололгүй нэрийн дэлгүүртээ л үлдэхийг сонгодог. Яагаад гэвэл нэрийн дэлгүүртээ тэд “дүрэмт хувцсаа өмссөн л бол нас, хүйс, үндэс угсаа ялгалгүй бүгд адил тэгш, эгэл жирийн дэлгүүрийн ажилчид болдог” учраас. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж