Хотын ой санамжаас "арчигдсан" түүхэн дурсгалт БАРИЛГУУД

Хуучирсан мэдээ: 2025.08.22-нд нийтлэгдсэн

Хотын ой санамжаас "арчигдсан" түүхэн дурсгалт БАРИЛГУУД

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын түүхэн дурсгалт хэд хэдэн барилгыг өмч хувьчлал, соёлын өвд бүртгэгдээгүй гэдэг шалтгаанаар буулгаж, нурааж, түүхэн дүр төрхийг нь алдагдуулсан. Тухайлбал, Улс төрийн хэлмэгдэгсдийн музей, анхны европ хоёр давхар байшин, Байгалийн түүхийн музейн барилга, Улсын цирк, Урт цагаан, монументаль бүтээл гээд чамгүй урт жагсаал гарна. Судлаачдын зүгээс социализмын үед Сүхбаатарын талбай тойрсон барилга байгууламжуудыг нэг ансамбль болгосон. Өөрөөр хэлбэл, архитектурын чуулбар хэлбэрээр барьсан гэсэн үг. Ихэнх нь неокласизмын үеийн загвартай буюу урдаа баганатай барилга. Үүнд, Монгол Улсын их сургуулийн барилга ч багтдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд түүхэн дурсгалт музей, театрын барилгаас гадна их сургуулийн барилгуудыг нураасан нь харамсалтай гэдгийг хэлж байгаа юм. Ингээд орчин цагийн Улаанбаатар хотын ой санамжаас "арчигдсан" түүхэн дурсгалт барилгуудыг онцолъё.


НИЙСЛЭЛ ХҮРЭЭНД АНХ БАРИГДСАН ЕВРОП ХИЙЦТЭЙ 2 ДАВХАР БАРИЛГЫГ НУРААСАН

Нийслэл хүрээнд хамгийн анх баригдсан европ хийцтэй хоёр давхар барилга нь төмөр дээвэртэй, урд талдаа 19 ширхэг цонхтой, цонхны дээд доод талд гоёл модтой моднууд нь орос маягийн болон монгол үндэсний хээ уаглзтай. Урд талдаа хаалгатай. Байшин нь дотроо 24 өрөөтэй. Барилгыг 1996 онд дүр төрхийг нь өөрчлөхгүйгээр шинээр сэргээн барьсан. 1860 оноос Их хүрээнд суусан Оросын анхны консул Я.П.Шишмарев 1863 онд бариулсан хоёр давхар модон барилга тухайн үедээ Хүрээний хамгийн өндөр барилга байсан. Ази судлаач А.Я.Бичурин Г.Н.Потанин, А.П.Позднеев, Н.Ю.Рерих нарын зэрэг Оросын нэрт эрдэмтэд Монгол орноор дайрч явахдаа энэхүү байшинд буудаллаж байсан түүхтэй талаар өмнө нь хот судлаач Г.Очбаяр ярьж байсан юм.

Олны хэлж заншсанаар Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд байрлах Н.Ю.Рерихийн музейн зүүн талд түүхэн дурсгалт барилгыг нурааж, орон сууц барьсан байдаг. Өмнө нь ээ газар нийслэл хүрээнд хамгийн анх баригдсан европ хийцтэй хоёр давхар барилга байсан ч өнөөдөр ор мөргүй устаж үгүй болсон. Түүхэн дурсгалт барилгын оронд 16 давхар худалдаа үйлчилгээний зориулалттай орон сууц сүндэрлэсэн юм.

Сайд нарын Зөвлөлийн 1971 оны 420 дугаар тогтоолоор байшинг улсын хамгаалалтад авсан бөгөөд Баянзүрх дүүрэг 1998 онд дахин бататган хамгаалалтад авчээ. Мөн 1996 онд байшингийн гадна дүр төрхийг өөрчлөлгүйгээр шинээр сэргээн барьж байжээ.

ХЭЛМЭГДЭГСЭДИЙН МУЗЕЙН СУУРИН ДЭЭР 22 ДАВХАР БАРИЛГА СҮНДЭРЛЭСЭН

Улаанбаатар хотод хуучны түүхэн дурсгалт цөөн барилга үлдсэний нэг нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей байв. Их хотын тасралтгүй үргэлжлэх дуу чимээн дунд нам гүмхэн орших энэ хоёр давхар модон байшинг 2019 онд нурааж, суурин дээр нь "Эко констракшн" ХХК 23 давхар барилга барьж эхэлсэн байдаг. Ингэхдээ шинэ барилгын нэг давхарт нь музейг сэргээн засварлаж барина гэдгийг албаныхан мэдээлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл уг музейг дахин сэргээн ажиллуулаагүй байгаа юм.

Уг байшинд БНМАУ-ын Ерөнхий сайд П.Гэндэн амьдарч байсан гэдгээр нь хүмүүс нэрлэх нь ч бий.

Ерөнхий сайд П.Гэндэнгийн гэх тодотголтой нийслэлийн Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт орших хоёр давхар дүнзэн байшинг 1930 онд Германы инженер Герингийн зураг төслөөр “Востванк” тоосгон заводын герман, швейцарь, унгар ажилчид барьсан түүхтэй. Энэ түүхэн дурсгалт байшинг 1996 оны есдүгээр сарын 10-нд Ерөнхий сайд П.Гэндэнгийн охин Г.Цэрэндуламын санаачилгаар музей болгож, долоон танхимд үзмэр дэлгэж байжээ.

Музейн суурин дээр барьсан 22 давхар "Министер тауэр" төслийн борлуулалт хариуцсан мэргэжилтэн Т.Цэдэн-Ишээс өмнө нь тодруулахад "Манай барилгын угсралтын ажил 2021 оноос эхэлж, 2024 оны долдугаар сард 22 давхар барилга бүрэн ашиглалтад бүрэн орсон.

Барилгын 1-4 давхарт худалдаа үйлчилгээ явуулах бол таван давхартаа ресторан лоунж, 6-9 давхар нь оффисын зориулалттай бол 10 давхраас дээш 104 айлын орон сууц, 22 давхартаа пент хаусын зориулалттай байхаар төлөвлөсөн.

Манай барилгын суурин дээр Хэлмэгдэгсдийн музей байсан. Тэр утгаараа барилгын нэг, хоёр давхарт музейг сэргээн барьж байгаагаараа онцлог. Бидний зүгээс "Гэндэн сан" төрийн бус байгууллагад 2024 оны сүүлээр барилгын давхрыг хүлээлгэн өгсөн" гэдгийг мэдээлж  байв.

ГАЗРАА БУЛААЛГАСАН МУЗЕЙГ 2027 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛАХААР ТӨЛӨВЛӨСӨН

Байгалийн түүхийн музейн барилгын суурин дээр одоогийн “Чингис хаан” музей барих ажлыг 2020 оны тавдугаар сард эхлүүлсэн. Ийнхүү олны шүүмжлэл дагуулсан музейн байгуулалт хоёр жил гаруй үргэлжилж /2022.10.11/ нээлтээ хийсэн бөгөөд хуучин музейг Их тэнгэрийн тусгай хамгаалалттай газарт сэргээн барьж, Ази тивд долдугаарт эрэмбэлэгдэх олон улсын музей байгуулна гэсэн. Шинэ музей нь гурван блок бүхий 39 мянган м² талбайтай бөгөөд 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж, нэг жилийн өмнө бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх ёслолын ажиллагааг Их тэнгэрт хийсэн.

Хуучин Байгалийн түүхийн музейн барилгыг анх 1952 онд хөдөө аж ахуйн техникумын барилгын зориулалтаар зураг төслийн гаргаж барьсан бөгөөд соёлын өвд бүртгэгдээгүй гэдгийг тухайн үеийн салбарын сайд асан Ё.Баатарбилэг онцолж байв.

"Байгалийн түүхийн музейн барилгын буурин дээр шинэ музей барьсан нь ганц барилга, байшингийн асуудал биш юм. Улаанбаатар хотын өв буюу Сүхбаатарын талбай тойрсон барилгууд нь тухайн цаг үеийнхээ архитектурын оргил бүтээлүүд гэж хэлж болно. Ингэхдээ тухайн үеийн хамгийн шилдэг архитектор, инженер, зураач гэсэн мэргэжилтнүүдийг дайчилсан. Ялангуяа Байгалийн түүхийн музейн зураг төслийг Монголын анхны архитектор Б.Чимэд хийсэн. Энэ хүний алдартай хэд хэдэн бүтээл бий.  Тухайлбал, Байгалийн түүхийн музей, “Улаанбаатар” зочид буудал, Улсын драмын эрдмийн театрын барилга юм. Тэдгээр гурван барилга гурвуулаа неокласизмын үеийн Б.Чимэд архитекторын хамгийн оргил бүтээл. Он цагийн хувьд Байгалийн түүхийн музейг 1954 онд барьсан бол 1960 онд Улсын драмын эрдмийн театр, 1961 онд “Улаанбаатар” зочид буудлын барилгыг барьсан түүхтэй" гэдгийг судлаач Г.Очбаяр хэлж байв.

Социализмын үед Сүхбаатарын талбай тойрсон барилга байгууламжуудыг нэг ансамбль болгосон. Өөрөөр хэлбэл, архитектурын чуулбар хэлбэрээр барьсан гэсэн үг. Ихэнх нь неокласизмын үеийн загвартай буюу урдаа баганатай барилга.

Тодруулбал, Байгалийн түүхийн музей тэрний зүүн талд хуучнаар 72 айлын орон сууц гээд хоёр арктай барилга байгаа. Тэрний зүүн талд Монгол Улсын их сургуулийн барилга, урагшаа Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Гадаад харилцааны яам, Үндэсний төв номын сан, Улсын драмын эрдмийн театрын баруун талд Чойбалсангийн өвлийн ордон буюу “Маршал харш”, Хөрөнгийн бирж, одоогийн “Алтай” зочид буудлын барилга, Монголын Үйлдвэрчний эвлэлийн барилга, Төрийн ордон байна. Энэ барилгууд Монголын уран барилга, архитектурын чуулбар бөгөөд оргил бүтээлд тооцогддог.

ХОТЫН АНХНЫ КИНО ТЕАТРЫН НЭГИЙГ ХУВЬЧИЛСНААС БОЛЖ СОЁЛЫН ӨВД БҮРТГҮҮЛЖ ЧАДААГҮЙ

Дараагийн барилга бол "Ард" кино театр. Уг барилгыг 1990-ээд онд өмч хувьчлалаар авснаас хойш өнгөрсөн 20 гаруй жилийн турш театрын байрыг банк, автомат тоглоомын төв, ломбард, канон, зурагчин, нотариат зэрэг үйлчилгээний байгууллагуудад зориулалтын бусаар түрээслүүлж байсан. XX зууны нийслэл Улаанбаатар хотын гудамж, талбай, түүхэн дурсгалт барилгуудын нэг энэ барилгыг мэргэжлийн байгууллагаас 2015 онд соёлын өвд бүртгүүлэх гэсэн боловч эзэн нь зөвшөөрөл өгөөгүй гэдгийг судлаачид хэлсэн юм.
Улаанбаатар хотод анх кино театрын зориулалтаар баригдсан хоёр барилгын нэг нь "Ард" кино театр.
Анхны нь одоогийн Хөрөнгийн биржийн барилга юм. Энэ театр 1930 онд ойролцоох барилгад үйл ажиллагаагаа эхлүүлж, үүдээ нээсэн түүхтэй. Харин одоогийн барилгыг 1966 онд Болгар улсын тусламжаар баригдсан гэдгийг судлаачид хэлдэг. Гэвч өнөөдөр энэ барилга түүх болон үлдэх нь ээ. Учир нь хуучин кино театрын барилгыг нурааж, 25 давхар өндөр шилэн барилга барих гэж байна. Болгарын төрийн шагналт архитектор Хадживанев гэдэг хүн "Ард" кино театрын ерөнхий төлөвлөлтөд анхаарал тавин ажиллаж, монголчууд барьж байгуулсан гэдэг. Тус кино театр 400 хүний суудалтай үзвэрийн хоёр танхимтайгаар үйл ажиллагаагаа эхэлж байжээ.
"Ард" кино театрын хувьчлалын үйл явцыг эргэн сануулбал, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам 2002-2004 онд Ард кино театрыг түрээслэн ажиллуулж, 2006 онд “Од театр” нэртэй компанийг үүсгэн байгуулж байжээ. Улмаар 2004 оны Нийслэлийн өмчийн хорооны комиссын 84 дугаартай тогтоолоор “Ард” кино театрын барилгыг хувьчлахаар болж “Түрээсийн давуу эрхээр” иргэн Д.Сосорбарамын эзэмшлийн “Од театр” ХХК-нд 150 сая төгрөгөөр нийслэлийн Өмчийн харилцааны газраас хувьчилсан гэх мэдээлэл бий.
Хотын төв хэсэгт байрлах кино театрын газрыг нийслэлийн Засаг даргын 2019 оны есдүгээр сарын 17-ны өдрийн А/951 дугаар захирамжаар нийт 3592 га газар олгосон бөгөөд 2022 оны тавдугаар сарын 10-ны өдрийн МЗХ2022/14-005 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан байна. Үүнийг нийслэлийн ерөнхий архитектор Н.Нацагдорж баталж байжээ.
НАХЯ-НЫ БАЙРНЫ АРЫН ХАНАН ДЭЭРХ "ЦАГААН МОРИН ЖИЛИЙН ГАРАА" МОНУМЕНТАЛЬ БҮТЭЭЛИЙГ БУУЛГАСАН

Төв шуудангийн уулзварын өмнө байрлах С61 дүгээр байрыг 2021 онд нурааж, суурин дээр нь өндөр шилэн барилга барьсан. Энэ байрны хананд түүхэн цаг хугацааг өгүүлэх  том хэмжээний монументаль бүтээл байсан билээ. Өнгөрөгч 2019 оны арванхоёрдугаар сард Төв шуудангийн урд байрлах хуучнаар НАХЯ-ны гурван давхар байрны арын ханан дээр урласан "Цагаан морин жилийн гараа" монументаль бүтээлийг буулгасан нь олны шүүмжлэлд өртсөн.

Энэ бүтээл нь хотын төвд байрладаг учраас урдуур нь зарлалын том самбар байршуулснаас хагарч эвдрэн олны нүдэнд өртөхгүй мартагдаад байсан юм.

Түүхэн дурсгалыг хамгаалалт авах хүсэлтийг гаргаж, “Арт авеню” компани хамтран ажилласан. Энэ бүтээлийг зургаа дахь жилдээ агуулахад хадгалж байгаа бөгөөд сэргээн засварлаж, гудамж талбайд байршуулах хүсэлтийг нийслэлийн удирдлагад хэд хэдэн удаа хүргүүлжээ. Түүхийн гэрч болсон энэ бүтээл нь 1990 оноос хойш Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах С61 дүгээр байрны арын хананд байрласан. Уг бүтээлийн төсөвт өртгийг тухайн үеийн Хотын гүйцэтгэх захиргаа шийдвэрлэж өгсөн бөгөөд уран бүтээлч Ш.Галсандорж нарын уран бүтээлчид өөрсдийн бүтээлдээ 100 жилийн баталгаа өгсөн байдаг. Гэтэл өдгөө 30 жил бололгүй устах эрсдэл үүссэн талаар өмнө нь судлаачид онцолж байв.

1939 онд баригдсан С61 байрыг 2014 онд Мэргэжлийн хяналтын газраас ашиглалтын шаардлагад нийцэхгүй 200 гаруй барилгын тоонд оруулж, дахин төлөвлөлтөд оруулсантай холбоотой. Улаанбаатар хотын барилга байгууламжид өнгө нэмж, түүхэн цаг хугацааг өгүүлэх цөөн тооны монументаль бүтээл бий. Жишээлбэл, Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө болон 120 мянгат орчмын байрны хананд ийм бүтээл ганц нэг харагддаг.

“Морин жилийн гараа” бүтээл 62 м.кв хэмжээтэй. Өнөөдрийн ханшаар тооцоход 3-4 тэрбум төгрөг болно гэдгийг судлаачид хэлж байгаа юм. Уг бүтээлийг “Бодь дарма сан, “Арт Авеню” компанийн хамтарсан мозайк хамгаалалтын судалгааны баг 2019 оны арванхоёрдугаар сард авран хамгаалах судалгааны ажлын эхний хэсэг болох баримтжуулах, салган авах болон хадгалах ажлыг хийж гүйцэтгэсэн. Тус барилгын эзэмшигч болох " Дүүс 61″СӨХ -тэй гэрээ байгуулж 170 ширхэг дөрвөлжин хавтанг 43 хайрцагт хийгээд “Бодь дарма сангийн агуулахад хадгалагдаж байгаа юм.

МУИС-ИЙН 64 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ БАРИЛГЫГ НУРААСАН

МУИС-ийн төв байртай залгаа гурван давхар байшинд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургууль байлаа. Гэвч 2023 оны есдүгээр сард хичээлийн байр ашиглалтын шаардлага хангахгүй болсон гэх дүгнэлтээр барилгыг нураасан байдаг. Тус сургуулийн 64 жилийн түүхтэй барилгыг нураагаад 2025 онд ашиглалтад оруулна гэж төсөвлөж байсан ч ашиглалтад ороогүй байгаа юм.

Энэ талаар өмнө нь Боловсролын сайд П.Наранбаяр байнгын хорооны хурлын үеэр ярихдаа "МУИС-ийн өргөтгөл буюу гуравдугаар байрны бүтээн байгуулалтын ажлыг дуусгах ёстой. Харамсалтай нь 2025 оны төсөвт энэ ажлын төсвийг тусгаж чадаагүй. Учир нь магадлан үнэлгээгээр орж, зардал нь нэлээд өссөн байдалтай байгаа. Өнгөрсөн жил барилгын ажил эхэлсэн ч зогссон байдалтай байна" гэдгийг хэлж байв.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн шинэ барилгын шав тавих ёслол өнгөрсөн 2022 оны есдүгээр сард болж байв.

Гэвч хичээлийн байр ашиглалтын шаардлага хангахгүй болж, нураах асуудлыг олон жил ярьсан. Иймээс тус сургуулийн багш, ажилтны ажиллах орчныг сайжруулах, оюутан суралцагчдын боловсрох нөхцөлийг хангах зорилгоор орчин үеийн шийдэлд нийцсэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн шинэ барилга барихаар төлөвлөсөн юм. Хичээлийн шинэ өргөтгөл нийтдээ долоон давхар, хоёр блокоос бүрдсэн барилга баригдана гэдгийг албаныхан мэдээлж байсан юм.

УЛСЫН ЦИРК 2008 ОНД ХУВИЙН ӨМЧИД ШИЛЖИЖ, АЖИЛЛАХАА БОЛЬСОН

Улсын цирк 2008 онд хувийн өмчид шилжсэн. Менежментийн хувьчлалын гэрээнд үндэслэн худалдах, худалдан авах гэрээ хийснээр “Аса” групп энэ барилгыг эзэмшин, Монголын үндэсний циркийг байгуулсан. Гэтэл 2020 оноос түүхэн дурсгалт барилгыг засварлаж, нэрийг нь "Аса арена" болгон өөрчилсөн. Сүүлд хотын дарга Х.Нямбаатар улсын циркийг Сэлбэ хотод байгуулна гэсэн юм. Тэрбээр "Соёлын хамгийн том үйлчилгээ болох Монгол Улсын циркийг Сэлбэ хотод байгуулахаар Соёл, спорт аялал жуулчлал, залуучуудын яамтай тохиролцож, төлөвлөлтөө хийсэн" гэдгийг яриандаа онцолсон.

Тэртээ 1971 онд одоогийн “Аса” циркийн барилгыг Румын улсын тусламжаар барьж, ашиглалтад оруулсан түүхтэй. Монголын циркийн барилгын зураг төслийг Монгол Улсын зөвлөх архитекторч Я.Шархүү хүрээ хүүхнүүдийн малгайнаас санаа авч дугуй хэлбэртэй байхаар гаргаж байсан гэдэг.

Хүүхэд залуучуудын очих дуртай газрын нэг Улсын цирк нь 1971 оноос хувьчлагдах 2008 он хүртэлх хугацаанд найруулагч, туслах найруулагч, зураач, туслах зураач, оёдолчин, цахилгаанчин, мужаан,  бүжиг дэглээч, дархан гээд бүхий л мэргэжлийн хүмүүс ажилладаг байсан. Мөн 50 гаруй уран бүтээлч цалин авдаг, 80 уран бүтээлч гэрээгээр ажилладаг, 50 толгой мал, ан амьтантай, хоёр ээлжээр ажилладаг байсан тухай циркийн уран бүтээлчид хэлсэн байдаг.

АХМАД АРХЕТИКТОРУУД УРТ ЦАГААНЫ БАРИЛГЫГ НУРААЖ, БУУЛГАХЫГ ЭСЭРГҮҮЦСЭН

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу Урт цагааны нураах шийдвэр гаргасан билээ. Ингэхдээ иргэдээс санал асуулга явуулж санал асуулгад 3564 хүн оролцсоноос 3419 буюу 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн гэдгийг албаныхан танилцуулж байв. Үүний дагуу Урт цагааныг 2024 оны нэгдүгээр сарын 8-нд бүрэн нураасан байдаг. Тухайн үед Монголын ахмад архетикторууд Урт цагааны барилгыг нурааж, буулгахыг эсэргүүцэж, шүүхэд хандаж байв. Судлаачдын зүгээс "Урт цагааны барилгыг хотын удирдлагууд болон иргэд соёлын өв гэж харахгүй байгаа нь харамсалтай. Социализмын үеийн орон зайг буулгаад дууслаа. Урт цагааны барилгыг буулгаад цэцэрлэгт хүрээлэн барих нь иргэдэд таатай санагдаж буй. Гэтэл цэцэрлэгт хүрээлэнг хаана ч байгуулж болно. Нэг зүйлийг бий болгохын тулд хотынхоо ой санамжийг устгаад байвал түүхгүй хот болж хувирна. Урт цагааны барилга айхтар том хэмжээний бас нурж унах гэж байгаа барилга биш. Мэргэжлийн хяналтын олон удаагийн дүгнэлтийг харахад ашиглалтын шаардлага хангахгүй гэдэг дүгнэлт байхгүй. Нийслэл соёлын өвөө устгаж болохгүй. Хуучны 43-хан барилга нийслэлийн соёлын өвд бүртгэгдсэн байдаг. Түүний нэг нь Урт цагааны гудамж. Өнөөгийн дүр төрхийг нь алдуулалгүй сэргээн засварлах шаардлагатай” гэдэг асуудлыг хөндөж тавьж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж