Пакистаны хойд хэсэгт үер, хөрсний гулгалтын аюул нүүрлэснээр нас барагсдын тоо 194 хүрээд байна. Тэдний 180 буюу дийлэнх нь баруун хойд хэсгийн уулархаг Хайбер-Пахтунхва мужид байжээ. Мөн Гилгит-Балтистан хойд бүс нутаг, Пакистаны захиргаанд байдаг Кашмир мужид нас баралтууд бүртгэгдсэн байна.
Хайбер-Пахтунхва мужид аврах ажиллагаанд явж байсан нисдэг тэрэг цаг агаарын таагүй байдлын улмаас осолдож, багийн таван гишүүн амиа алдсан гэдгийг мөн мэдээлээд байна. Энэ нь Пакистаны цэргийн нисдэг тэрэг байжээ.
Аврагчид Пүрэв гаригт хөрсний гулгалтад өртсөн уулархаг Мансехра дүүргээс 1300 жуулчныг нүүлгэн шилжүүлжээ. Мөн тус бүс нутагт 35 хүн сураггүй алга болоод байна.
Баруун хойд зүгт аадар бороо үргэлжлэн орохыг цаг уурын байгууллагаас анхааруулсаар байна. Жил бүрийн борооны улирлаар Өмнөд Азийн улсуудад жилийн хур тунадасны 70-80 хувь нь ордог. Энэ нь хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой боловч сүйрэл дагуулдаг.
Холбоотой мэдээ