Индонези: Үнэгүй хоолны хөтөлбөрт хамрагдсан 365 хүн хорджээ

Хуучирсан мэдээ: 2025.08.15-нд нийтлэгдсэн

Индонези: Үнэгүй хоолны хөтөлбөрт хамрагдсан 365 хүн хорджээ

Индонези: Үнэгүй хоолны хөтөлбөрт хамрагдсан 365 хүн хорджээ

Индонезийн Төв Ява мужийн Сраген тосгонд сургуулийн үдийн хоолноос болж 365 хүн хоолны хордлогод оржээ. Энэ нь ерөнхийлөгч Прабово Субиантогийн хэрэгжүүлсэн үнэ төлбөргүй хоолны хөтөлбөр байсан юм. Урьд нь ийм олон хүн нэг дор хоолны хордлогод орсон тохиолдол гарч байгаагүй албаныхан онцолж байна.

Сургуулийн үнэгүй хоолны хөтөлбөр нэгдүгээр сараас хойш хэрэгжиж байна. Гэвч энэ хугацаанд 1000 гаруй хүн хоолны хордлогод оржээ.

Сүүлд хордсон 365 хүний идсэн хоолны дээжийг шинжлүүлэхээр лаборатори руу илгээгээд байна. Мөн тэдэнд шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээг засгийн газар үнэ төлбөргүй үзүүлнэ гэдгийг Срагены засгийн газрын тэргүүн Сижит Памунгкас хэлэв.

Хордлогод орсон нэгэн сурагч шөнө дунд гэдэс нь цочмог өвдсөнөөр сэржээ. Түүнчлэн толгой өвдөж, суулгах зовиур түүнд илэрсэн байна. Сургуулийнх нь бусад хүүхдэд мөн ижил шинж тэмдэг илэрснийг цахим сүлжээндээ бичицгээсэн байв.

Тухайн өдрийн хоолонд турмериктэй будаа, туузан омлет, шарсан темпе, өргөст хэмх, шанцайтай салад, алим, савтай сүү байжээ. Эдгээрийг бүгдийг нь төв гал тогоонд бэлтгээд сургуулиудад тараасан аж. Лабораторийн шинжилгээний хариу гартал хоол түгээлтийг зогсоогоод байна. Өмнөх тохиолдлуудын дараа гал тогооны үйл ажиллагаа, хүргэлтийн стандартыг дээшлүүлсэн гэж засгийн газрын холбогдох агентлагаас мэдэгдээд буй.

Үнэгүй үдийн хоолны хөтөлбөр нь Прабово Субиантогийн сонгуулийн кампанит ажлын гол хөшүүрэг байв. Уг хөтөлбөрөөр дамжуулан иргэдийн амьдралын чанарыг сайжруулахын зэрэгцээ эдийн засгийн өсөлтийг дэмжинэ гэж Прабово Субиантогийн засгийн газар үзжээ. Үнэгүй үдийн хоолыг өнөөг хүртэл 15 сая хүнд хүргэжээ. Энэ оны эцэс гэхэд 83 сая хүнд хүргэхээр эрх баригчид төлөвлөж байна. Эрх баригчдын мэдээлж буйгаар нийт төсөв нь 171 их наяд рупи буюу 10.62 тэрбум ам.доллар хүрэх аж.

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж