"Үхлийн Фабрик" буюу Аушвицийн бөөнөөр хорих лагерийг 1940 онд Польшийн нутаг дэвсгэрт байгуулж байв. Википедиа хуудаснаа тэмдэглэснээр, дэлхийн хоёрдугаар дайны үед нацист Герман болон түүний холбоотнуудын хэрэгжүүлсэн еврейчүүдийг системтэй устгах төрийн дэмжлэгтэй хөтөлбөрөөр зургаан сая орчим еврей үндэстнийг аймаглан устгажээ. Эндээс Аушвицийн хорих лагерьт амиа алдагсдын тоог 2.5 сая хүрсэн гэж үздэг. Украины нэгдүгээр фронтын дайчид 1945 оны нэгдүгээр сарын 27-нд тамын хаалгыг нээн мянга мянган хоригдлыг суллахад тэдний дунд 16 настай Имре Кертиес байжээ. Түүний туулсан амьдралаасаа сэдэвлэн бичсэн "Хувьгүй төрөгсөд" зохиолыг энэ удаагийн "Шинэ ном" буландаа онцолж байна.
Кофе шопын сандал ширээнд тухлаад, амттан шимтэн хүртэж суухдаа эргэн тойрноо хэсэг ажвал туранхай гэхээсээ тарган хүн олон. Нар салхинд борлож, гялтагнасан малигар нүүртэй, хэмжээ хэмжээндээ таарсан гүзээтэй эр эм хүмүүс. Дэлгүүр хоршоо орж, байсан хэдэн төгрөгөө торонд дүүргэчихээд гарч яваа, зайрмаг долоож яваа, хариад сайхан бууз жигнэж идэхээр яваа дүр зураг. Яг энэ халгиж цалгисан зураглалтай хувьгүй төрөгсдийн тавилан халуун хүйтэн адил харшина. Аяга кофе, зүсэм бялуугаар тансаглах гэсэн сэтгэл минь… амьд явах надад үнэхээр таалагдана.
Аз жаргалтай зураглалаасаа Аушвиц руу шилжье. Утгыг нь мэдэхгүй, анх удаа сонсож байгаа хүнд ч эвгүй, хүйтэн мэдрэмж төрүүлэхүйц нэртэй энэ газарт ясаа тавьсан хувьгүй төрөгсдийн тоо 2.5 сая дөхдөг гэдэг. Сая сая хүнийг амьдаар нь шатаасан энэ газраас золоор амьд гарсан Имре Кертиес хожим нь бодит түүхээ цагаан дээр хараар буулгасан нь түүнийг Нобелийн шагналын эзэн болгожээ.
15 настай хөвгүүн нэг жилийн дотор цаг хугацааны гажуудалд орсон мэт 50 жилээр хөгширсөн гэх. Толинд хараад зүсээ танихгүй, хоригдлын дугаараас өөрөөр нэрээ санахгүй байсан нь түүний юу эсийг үзэж туулсныг гэрчилнэ. Хорих лагерьт анх ачигдан ирэхдээ өвс ногоо замын хажуугаар ургачихаж, ашгүй хөлбөмбөгийн талбайтай бололтой гэх зэргээр юм бүхнийг цагаахнаар харж байсан хүү юмсан. Гэвч амьдралд туйл гэж байдаг, тэр туйлд нэгэнт хүрсэн бол ямар ч туршлагатай мундаг хүн байлаа гээд зайлах газар үгүй ажээ.
Ус уух хувьтай хүү жилийн дараа нутагтаа эргэн ирэх ч дулаан гэртээ идэх хоолтой байсан хүмүүстэй хэл нэвтрэлцэж нэг л чаддаггүй. Уг нь бол дэлхийн хоёрдугаар дайны үе. Төрөлх хот нь түүнийг байхгүйд мөн л дайны хөлд нэрвэгдсэн байж. Гэлээ гээд Аушвиц дахь хүний ой тойнд буумгүй харгислалыг юутай ч зүйрлэшгүй байсан болов уу. Буй бие нь болсон явдлыг бэлээхэн гэрчилсээр байтал хүмүүс хэрэгт дурлан сониучирхах нь дургүй хүрэм. Адилхан дайны цаг үед амьдарч байсан хүмүүс Аушвицаас эргэн ирэгсдээ бүрэн ойлгохгүй байсан гэхээр бид нар бол бүр хол хэвтэх байх.
Аушвицийн бөөнөөр хорих лагерийг чөлөөлсний 80 жилийн ой энэ оны нэгдүгээр сард тохиосон билээ. Хэдий өнгөрсөн түүх ч гэлээ чөлөөлсөн гэдэг ганц үгийг унших тоолонд л сэтгэлд гэгээ татаж байна. Эхнээсээ дуустал итгэмээргүй атлаа хуудуугүй үнэн. Шашин шүтлэггүй ч гэлээ, шатаах зууханд тарчилсан, үхэх өдрөө хүлээсэн, амьдаараа өтөж хэвтсэн, 16-хан настайдаа 66-тай төрхтэй гэртээ эргэн ирсэн, бүх юм дууссан хойно ч айдсаа тээсээр авсандаа орсон хүн бүхний төлөө залбирмаар.
Аяга кофе, зүсэм бялуугаар тансаглах гэсэн сэтгэл минь… амьд явах надад үнэхээр таалагдана.
Нэргүй 4 цагийн өмнө 178.174.229.45
UMHII OROSUUDIIG BUGDIIG N SHATAAJ ***h ESTOI BSAN YUM . ENE HUNII HUVD TAMAAS AMID GARCHEE TUUHEE BIDEND HELSEN N SAIHAN HEREG . URT NASLAARAI
Дэл 7 цагийн өмнө 202.55.188.91
аушвицд 2.5 сая дан ганц Еврейчүүд биш Орос Цыган гээд олон үндэстний хүмүүсийг цааш нь харуулсан байдаг яагаад Польшийн нутаг дээр байгуулсан гэхээр Еврей Орос Цыган хүмүүсийг Польшууд үзэн яддаг байсан холбоотой шүү