Америкийн трэш металл хөгжмийн домог болсон Megadeth хамтлагийн мэдэгдсэнээр, удахгүй гарах шинэ цомог нь тэдний сүүлчийн цомог байх болно. Мөн 2026 онд хамгийн сүүлчийн аялан тоглолтоо хийнэ гэсэн байна. Хамтлагийн мэдэгдэлд, "Урлагийн карьераа санамсаргүй эсвэл зориуд төгсгөдөг маш олон хөгжимчид байдаг. Тэдний олонх нь оргил үедээ, өөрийн нөхцөлөөр төгсөж чаддаггүй. Харин би яг одоо амьдралынхаа тэр мөчид ирээд байна. Би дэлхийгээр тойрон аялж, хэдэн сая шүтэн бишрэгчтэй болсон. Харин энэ бүгдээс хамгийн хэцүү нь та бүхэндээ салах ёс гүйцэтгэх явдал" гэсэн байв.
Хамтлагийн үүсгэн байгуулагч, гол дуучин Дэвид Мастэйн Пүрэв гаригт мэдэгдэл гаргахдаа, сүүлчийн цомгийн талаар болон аялан тоглолтын талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Тэрбээр үргэлжлүүлэн, "Битгий уурлаж, гуниглаарай. Бидний төлөө жаргалтай байж, надтай хамт ирэх жилүүдийн төлөө баяр тэмдэглээрэй. Бид хамтдаа маш гайхамшигтай, дахин давтагдашгүй зүйлсийг бүтээсэн. Бид хөгжмийн урсгалыг өөрчилж, хувьсгалыг өдөөж, гитар хэрхэн тоглогддогийг өөрчилсөн. Дэлхийг өөрчилсөн. Миний нэгдэж, хөгжмөө тоглож байсан хамтлагууд дэлхийд нөлөөлсөн. Та бүхэндээ чин сэтгэлээсээ хайртай. Баярлалаа, бүгдэд нь” гэсэн байна. Metallica хамтлагаас хөөгдсөнийхөө дараа, 1983 онд Дэйв Мастэйн Megadeth хамтлагийг үүсгэн байгуулсан. Тэд анхны цомгоо "Killing Is My Business… and Business Is Good!" нэртэйгээр 1985 онд гаргаж байв.
Холбоотой мэдээ