Кашмирын бүс нутагт орсон аадар борооны улмаас үерлэж, 46 хүн нас барж, 200 гаруй хүн ор сураггүй алга болжээ. Гималайн өндөрлөг бүс нутагт долоо хоногийн зайтай хоёр удаа байгалийн гамшиг тохиолдлоо гэж албаны хүн Пүрэв гаригт мэдэгдсэн байна. Үерийн гамшиг Киштвар дүүргийн Часоти гэх хотод хамгийн их хор хөнөөл учруулжээ. Энэхүү хот нь алдартай мөргөлийн газар болох Мачайл Мата сүм рүү очих замд байрладаг. Өнгөрсөн долоо хоногт хөрш Уттаракханд мужид мөн хүчтэй үер, хөрсний нуралт болж, нэгэн тосгон бүрэн сүйдсэн билээ.
Орон нутгийн албан тушаалтан хэлэхдээ, уг үер нь мөргөлчдөд зориулан байгуулсан хамтын гал тогоо болон аюулгүйн байрыг урсгасан гэжээ.
Олон хүн тухайн үед өдрийн хоол идэж байснаар, гэнэт ирсэн үерт автан амиа алдсан, эсвэл алга болсон байна. Тухайн үед мөргөлчид Хималайн өндөрлөгт орших, Бурхан Дургагийн дүрийг шүтдэг Мачайл Мата сүм рүү явж байсан. Уг аялалыг Мачайл Ятра гэдэг бөгөөд Часотигоос цааш автомашины зам дуусах үед зорьсон газартаа алхаж хүрдэг байна. Жамму ба Кашмирын тэргүүн Омар Абдулла нөхцөл байдал маш ноцтой байгааг мэдэгдэж, гамшиг болсон бүсээс баталгаатай мэдээлэл удаан ирж байгааг онцолсон байна. Орон нутгийн телевизийн бичлэгүүдэд үерийн ус тосгоноор урсан орж ирэх үед мөргөлчид айж сандран уйлж буй нь харагдаж байв.
Гамшиг орон нутгийн цагаар өглөөний 11:30 минутад болсон гэж тус дүүргийн албаны хүн Рамеш Кумар мэдээлсэн.
Улмаар цагдаа, армийн болон агаарын хүчний аврах багууд газар дээр нь ажиллаж байгаа аж. Энэтхэгийн цаг уурын албаны мэдээлснээр, уг үер нь магадгүй “үүл задрал” буюу маш богино хугацаанд (1 цагт 100 мм-ээс дээш) орсон хүчтэй аадар борооны улмаас болсон байж болзошгүй гэжээ. Үүл задрал нь өндөр уулын бүс нутагт, ялангуяа борооны улиралд үер болон хөрсний нуралт үүсгэх аюултай. Сринагар дахь цаг агаарын газар Кашмир даяар, тэр дундаа Киштварт хүчтэй аадар бороо орохыг анхааруулж, иргэдийг сул хийцтэй барилга, цахилгаан шон болон хуучин модноос хол байхыг зөвлөжээ. Учир нь дахин үер, хөрсний нуралт болох эрсдэл өндөр байгаа юм.
Холбоотой мэдээ