“Уйлах нь жинхэнэ мэдрэмжээ ил гаргаж буй хүнлэг процесс”

“Уйлах нь жинхэнэ мэдрэмжээ ил гаргаж буй хүнлэг процесс”

“Уйлах нь жинхэнэ мэдрэмжээ ил гаргаж буй хүнлэг процесс”

Сүүлийн жилүүдэд Монголд сэтгэл гутрал, түгшүүр, нойргүйдэл зэрэг сэтгэл зүйн асуудал эрс нэмэгдэж, залуус төдийгүй бүх насны бүлгийг хамарч байгаа билээ. Эдийн засгийн дарамт, нийгмийн стресс, мэдээллийн хэт ачаалал, технологийн хамаарал зэрэг хүчин зүйлс сэтгэл зүйн дархлааг сулруулж байдгийг мэргэжилтнүүд онцолдог. Энэ сэдвээр бид "Бүх нийт боловсролын төлөө" иргэний нийгмийн үндэсний эвслийн хүүхэд хамгааллын хөтөлбөрийн ажилтан, сэтгэл зүйч А.Сүхбаттай ярилцлаа.


-Сүүлийн жилүүдэд монголчууд маш их стресстэй амьдрах боллоо. Сэтгэл зүйн ямар асуудлууд хамгийн түгээмэл байна вэ. Юунаас болж байгаа гэж та хардаг вэ? 

-Хувь хүн талаасаа “Anxiety” буюу түгшүүр мөн “Depression” буюу сэтгэл гутрал зэрэг асуудлууд яг одоогийн байдлаар их элбэг харагдаж байгаа. Энэ нь нэг талаасаа нийгэм цаг үеийн нөлөөлөлтэй холбоотой. Учир нь сэтгэл зүй гэдэг шууд нийгэм болон хүрээлэлтэйгээ холбоотой байдаг. Түүнчлэн, хотжилт их нөлөөлж байгаа гэж бодож байна. Маш их зүйлийг хийж, амжуулах гээд төдий чинээгээрээ их стресстдэг.

Улаанбаатар хот дахь амьдрал “Тэмцэл” шиг болоод байгаа юм уу даа гэж ерөнхий харагддаг юм.

Үүнээс үүдэн хүн амьд үлдэхийн тулд тодорхой шалгуурыг давах шаардлага гарч байгаа. Хүмүүс сэтгэл зүйн боловсролтой болох нь нэн тэргүүний асуудал юм болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл тухайн хүн дотроо яг юу болоод байгааг мэдэхгүйгээр, өөрөө өөрийгөө ойлгохгүйгээр эмчилж чадахгүй шүү дээ. Жишээлбэл, гар луу цохилоо гэж бодоход гар хөхөрч нүдэнд ил харагддаг. Халуурахад ч гэсэн халууны шилээр шууд үзчхэж болдог гэх мэтчилэн. Гэтэл сэтгэл зүй маань далд байдлаар буюу нүдэнд ил харагдахгүй байдлаар өвддөг онцлогтой. Тэгэхээр үүнтэй холбоотой гарц шийдэл гэвэл тухайн хүмүүс өөрсдөө сэтгэл зүйн эрүүл мэндийн тухай судалдаг, ойлгодог, дээдэлдэг байвал зохистой гэж би хувьдаа боддог.

-Залуус траума, сэтгэл гутрал, сэтгэл зүйн түгшүүр гэх мэт үгсийг их хэрэглэх болсон. Ийм асуудлууд үнэхээр залууст түгээмэл байгаа юу?

-Тэр нэр томьёо нэршлүүд түгээмэл болсонтой санал нийлж байгаа. Гэхдээ эерэг талаас нь харвал, сэтгэл гутрал гэх зүйлийн талаар ухагдахуунтай байгаа болоод л ярьж байгаа байх. Хэрэв өөрийгөө сэтгэл гутралд өртсөн гэж бодож байвал сэтгэл зүйч болон сэтгэл засалч дээр очоод, ярилцаж үзээд өөрийгөө оношлуулбал хамгийн зөв гэж зөвлөх байна. Түүнээс биш, хүн өөрийгөө шууд оношилно гэдэг бол өрөөсгөл ойлголт. Энэ дашрамд нэг ялгааг хэлэхэд, сэтгэл зүйч болон сэтгэл засалч нар нь тусдаа чиг үүргийн хүмүүс байдаг юм шүү. Сэтгэл зүйч гэдэг бол сэтгэл зүйн өдөр тутмын тулгамдсан асуудал дээр ажилладаг буюу сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг. Харин сэтгэл засалч нь анагаах суурьтай, сэтгэцийн онош тавьдаг тийм хүмүүс байдаг.

-Сэтгэл зүйн асуудал байгаа эсэхээ яаж урьдчилан мэдэж болох вэ. Бие, сэтгэл зүй хоёр хоорондоо хамааралтай байдаг уу?

-Юун түрүүнд биеэ ажиглаж үзээрэй л гэж зөвлөнө. Сэтгэл судлал гэхээр зөвхөн хүний сэтгэл зүйн байдлыг судалдаггүй, давхар “Психосоматик” гэж зүйл байдаг. Тэр нь хүний сэтгэл зүй хүний биетэй харилцан уялдаатай буюу нөлөөлж байдаг гэсэн үг. Жишээгээр тайлбарлахад, хүний ходоод болон гэдэс байнгын хямраад байвал стресс болон түгшүүртэй байна гэж үздэг. Айдастай байх үед ч гэсэн голд хүнд оргиод эхэлдэг шүү дээ. Мөн түгшүүрийн мэдрэмж өндөр байх юм бол хоолой багалзуурдаад байгаа юм шиг мэдрэмж төрдөг гэх зэргээр биеийн зовууриуд сэтгэл зүйтэй холбоотойгоор хавсаргаар бас илэрч байдаг. Энгийнээр хэлэхэд, хүний сэтгэл зүй гэдэг бид нийгмийн амьдралд өдөр бүр оролцож байхад ямар хариу үйлдэл үзүүлж байгаа, юу мэдэрч байгаа вэ гэдэг тэр мэдрэмжүүдийн цогц юм. Тийнхүү тэдгээр мэдрэмж хураагдсаар хүний биед нөлөөлж эхэлж байдаг гэсэн үг.

СТРЕСС ЗААВАЛ СӨРӨГ БАЙХ АЛБАГҮЙ

-Өдөр тутмын стресс, ядаргаагаа сэтгэл зүйчид хандалгүйгээр гэрийн нөхцөлд хэрхэн даван туулах боломжтой вэ?

-Стресс болон түгшүүрийг харьцуулахад, нөхцөл, хүчин зүйл, гарах үр дүн нь тодорхой зүйлийг “Стресс” гэж хэлэх боломжтой. “Түгшүүр” бол ирээдүйд юу болох нь тодорхойгүй, гарах үр дүн нь урьдчилан таамаглах аргагүй байдаг. Энгийнээр тайлбарлавал, сурагч эсвэл оюутан байлаа гэж бодъё. Шалгалтаа өгөхийн өмнө шалгалт дээр ямар сэдэв ирэх бол гэж түгших нь түгшүүрийн мэдрэмж. Харин шалгалтаа өгсний дараа шалгалтын хариугаа аваад “Би ямар муу авчихсан юм бэ, энэ дээр би яагаад ингээд хариулчихсан юм бол” гэх цухалдах мэдрэмж төрж байгаа бол стресс юм. Гэхдээ стресс заавал сөрөг байх албагүй. Ерөнхий тодорхойлолт нь орчиндоо үзүүлж буй хариу үйлдлийг стресс гэж байгаа гэсэн үг. Тэгэхээр юм болгон дээр хүн стресс авна.

Гэхдээ сөрөг стресс авах бүртээ сэтгэл зүйч дээр очно гэдэг хэцүү. Тиймээс хувь хүн өөр лүүгээ буюу илүү дотоод сэтгэл рүүгээ анхаарах үйлдлүүдийг хийвэл зүгээр.

Жишээ нь, ууланд алхах, мөн сүүлийн үед “Mindfulness meditation” буюу санамсарт бясалгал хийх нь ач тустай. Хамгийн энгийнээр гэвэл, бид хоол идэж байхдаа нэг гараараа хоолоо идэнгээ, нөгөө гараараа утсаа оролдоод байдаг. Гэтэл хоолны амт ямар байна гэх мэтийг анзаарч төвлөрөх хэрэгтэй. Учир нь бид нарт асар олон зүгээр л автоматаар үйлдэгддэг үйлдлүүд байдаг. Тэр хэдийгээ илүү нарийн анзаараад, төвлөрөөд эхэлчих юм бол өдөр тутмын өөрийнхөө сэтгэл зүйн байдал болон ямар мэдрэмжтэй өдрийг төгсгөж байгаа вэ гэдэг дээр илүүтэйгээр анхаарах боломж бололцоо нь нэмэгдэнэ.

-Эцэг, эхчүүд хүүхдийнхээ сэтгэл зүйд хэрхэн хандвал зохистой вэ. Сүүлийн үед өсвөр насныхан дунд ухаалаг утасны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр сөрөг зүйл их дуулдах боллоо.  Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд утсанд донтсон хүүхдүүд олноороо үзүүлдэг болсон байна, эмчилгээ авахад бэрх тухай ч сонсогдох. Өсвөр насны хүүхдүүдэд ухаалаг утас үнэхээр сөргөөр нөлөөлж байна уу?

-Эцэг эхчүүд өөрсдөдөө их ачаа авснаас болоод тэрийгээ хүүхэд рүүгээ шидэх гээд байдаг. Хамгийн энгийн жишээ гэвэл, би энэ хүүхдийн эцэг эх учраас хүүхдээ сайн өсгөх ёстой, сайн эцэг эх байх ёстой гэх мэт. Энэ мэдрэмжүүд нь буцаагаад хүүхэд рүүгээ цухалдах нэг тийм үндэслэл болоод байна л даа.

Бидэнд эцэг эх байхын тулд ийм байх ёстой гэдэг гарын авлага дагалдаж ирээгүй шүү дээ. Гэхдээ бид хүүхэд байж үзсэн, харин хүүхдүүд маань эцэг эх шиг буюу том хүн байж үзээгүй.

Тиймээс би чиний эцэг эх учраас, би чиний асран хамгаалагч учраас чи ийм байх ёстой гэхгүйгээр сэтгэлгээнийхээ, хандлагынхаа түвшнийг хүүхэддээ тааруулан ижил түвшинд аваачиж байгаад ярилцах нь нэн тэргүүний чухал асуудал. Харин утастай холбоотойгоор, яалт ч үгүй маш их сөрөг үзэгдлүүд гарч байна. Хөгжилтэй жишээ хэлэхэд, хүүхдийнх нь гэдэс өвдлөө гэхэд, эцэг эхчүүд утаснаас чинь болж байгаа юм гэх зүйлс их байдаг. Гэхдээ нэг зүйлийг буцаагаад эцэг эхчүүд маань өөрсдөөсөө бас асуух хэрэгтэй. Хэрэв хүүхэд утас оролдохоо больвол тэр цагт хүүхэд өөр яг юу хийх боломжтой вэ, утас оролдохоо больсон тэр минуттай дүйцэхүйц хугацааг эцэг эх хүүхдэдээ зарцуулж чадаж байгаа юу гэдгээ өөрсдөөсөө асуувал их зүгээр юм болов уу гэж боддог.

Яагаад гэхээр, гэр бүлийнхээ төлөө үр хүүхдүүдийнхээ төлөө эцэг эхчүүд маань өдөржингөө ажиллаад гэртээ ирэхдээ маш их ядарсан байдаг л даа. Гэвч хүүхдийн талаас, өдөрт болсон үйл явдлаа эцэг эхтэйгээ ярилцаж хуваалцах хүсэл маш өндөр байдаг. Тийм үед эцэг эхийн зүгээс дараа болъё, ядраад байна гээд ярилцдаггүй. Ялангуяа чимээ шуугиантай газар ажилладаг эцэг эхчүүд хойш тавих тохиолдол илүү их байдаг. Энэ нь эргээд тухайн хүүхэд өөрт болсон тэр адал явдалтай зүйлүүдээ эцэг эхтэйгээ хуваалцах хүсэлгүй болж, шууд утас руу шилжүүлэг хийх шалтгаан болж байгаа гэсэн үг.

Судалгаанаас үзэхэд, хүүхэд эцэг эхтэйгээ тогтмол ярилцдаг гэж мэдрэхийн тулд ердөө 25-35 минут л шаардлагатай байдаг.

Чанартайгаар буюу утас оролдонгоо биш зурагт үзэнгээ биш, өөд өөдөөсөө харж сууж байгаад хүүхдэд өөрийг нь сонсож байгаа мэдрэмжийг өгнө гэдэг маш чухал. Ингэснээр, хүүхдийн өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал нэмэгдэнэ, мөн утасны хэрэглээ ч гэсэн багасна. Өөрт тохиолдож буй зүйлсээ эцэг эхдээ хуваалцдаг болоод эхэлнэ. Харамсалтай нь, одоогоор манай улсад тийм юм ховор байгаа. Тийнхүү хүүхдүүд утас болон найз нөхдийн хүрээлэл рүүгээ илүүтэйгээр өөрийгөө илэрхийлээд, эцэг эхчүүд рүүгээ нээлттэй байх байдал нь багасаж байгаа гэсэн үг. Үүнийг нь харин эцэг эхчүүд юу гэж ойлгодог вэ гэхээр энэ хүүхдийн өсвөр нас нь эхлээд одоо бид нартай юу ч ярихаа больчихсон гэж хүлээж авдаг. Гэтэл угтаа хүүхдэд багаас нь гэр бүлийнхэнтэйгээ нээлттэй байх тухай дадал болгоогүйн улмаас томрох тусам хаалттай болгодог гэсэн үг юм.

-Тэгвэл нэгэнт хаалттай болчихсон хүүхэдтэй яаж харилцвал илүү ойлголцож чадах бол?

-Нэгэнт өнгөрсөн юм гэж байдаггүй. Хүн хэдий нас бие гүйцсэн байлаа ч хүн болгоны дотор дотоод хүүхэд гэж байдаг. Тэр дотоод хүүхэд гэдэг нь бидний цэвэр мэдрэмж гэсэн үг л дээ. Ярилцаагүй удсаны дараа ярилцах гэж оролдвол хүүхдээсээ эхэн хэсэгтээ үгүйсгэл авах байх, гэхдээ бага багаар хүүхэд дасаж эхэлнэ. Шууд “За суу алив яасан юм ярь!” гэж багш нарын зөвлөгөөний хурал шиг байвал хүүхэд ярилцахгүй. Тиймээс маш удаан, тууштай, алгуурхан байх мөн хамгийн гол нь үнэнээсээ байх л хэрэгтэй.

-Та ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйчээр ажиллаж үзсэн. Хүүхдүүдийн дунд ямар асуудлууд хамгийн их түгээмэл байна гэж анзаарсан бэ?

-Хувийн сургууль болон улсын сургуульд суралцаж байгаа хүүхдүүд харилцан адилгүй байсан л даа.

Жишээлбэл, хувийн сургуульд сурдаг хүүхдүүдийн хувьд тохиолддог нэг том асуудал нь маш их дарамт мэдэрдэг.

Би ийм өндөр төлбөрийг эцэг эхээрээ төлүүлчхээд муу байж болохгүй буюу өөрийгөө зүхэх, өөрийгөө дорд үзэх гэх мэтчилэн асуудлууд их түгээмэл ажиглагдсан. Эцэг эхийн зүгээс ч мөн адил өдийг хүртэл чиний төлөө хичээж байхад, чи ийм байсангүй гэдэг. Улсын сургуулиудад саяынх шиг асуудал харьцангуй бага. Харин гэр бүлийн асуудлууд тодорхой хэмжээний байдаг санагдсан. Жишээ нь, гэр бүл салалт. Гэр бүлийн ерөнхий цикл 10-15 жил байна л даа. Тийм хүрээнд очсон гэр бүлүүд салах прогноз илүү өндөр харагдаад байдаг юм. Энэ нь хүүхдүүдийн дунд ангид байх үетэй давхцдаг гэсэн үг.

Дараагийн өөр нэг асуудал нь дүүтэй болох явдал.

Жишээлбэл, дүү рүү илүү их анхаарлаа хандуулаад, намайг хайрлахаа больчихлоо гээд эхэлдэг. Гэрт  хоёр хүүхэд байлаа гэж бодоход, шинэ жилээр нэгэнд нь бэлэг аваад нөгөөд нь авахгүй бол муухай шүү дээ. Тэгэхээр яг адилхан хоёуланд нь зэрэг бэлэг авч өгөх ч юм уу тийм байдлаар ижил тэгш шүү гэдэг мэдрэмжийг өгөх хэрэгтэй. Мөн нярай хүүхэд илүү арчилгаа шаарддаг шүү гэдгийг ярилцаж ойлгуулах их чухал. Тэгэхгүй бол эцэг эхчүүд маань ярилцаж ойлгуулахгүйгээр шууд амьдралын далай руу шидчхээд байгаа юм. Чи ах, эгч болсон учраас дүүгээ хар гэхээсээ урьд бэлтгэл үе шат хийх хэрэгтэй байдаг гэсэн үг. Дүү нь алхаж, ярьж чадахгүй, өөрт юу хэрэгтэй байгааг уйлж л илэрхийлнэ. Харин чи бид хоёр бол хамт гүйж тоглож чадна гэх мэтэээр нөхцөл байдлынх нь ялгааг нь хэлж өгвөл зөв.

СЭТГЭЛ ЗҮЙЧ ДЭЭР ЗӨВХӨН ГАЛЗУУ ХҮМҮҮС ОЧДОГ ГЭСЭН ОЙЛГОЛТ БАЙСАН НЬ ӨӨРЧЛӨГДСӨН

-Өмнөх үед хүүхэдтэйгээ ярилцах, сонсох гэдэг ойлголт түгээмэл байгаагүйн улмаас зарим эцэг эхчүүд ярилцъя гээд ч хаанаас яаж эхлэхээ мэдэхгүй байх тохиолдол олонтаа. Тэдэнд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ? 

-IPhone 16-г мэддэг, ашигладаг, худалдаж авч чадаж байгаа юм чинь нийгмийн байдал дээр тренд болж байгаа зүйлсийг яагаад сурч болохгүй гэж. Манай өвөө эмээгийн, аав ээжийн, социализмын үед ийм байсан. Тийм учраас би угаасаа мэдэхгүй гэж хойш суух нь когнитив буюу танин мэдэхүйн хувьд “Бодлын алдаа” гэсэн үг. Тухайн үед мэдрэмж, сэтгэл зүйн байдлаа илэрхийлэх, бүр цаашилбал сэтгэл зүйч дээр очих гэдэг нь нийгмийн стигма байсан шүү дээ.

Сэтгэл зүйч дээр зөвхөн галзуу хүмүүс л очдог гэх мэт нийгмийн ойлголт байсан. Гэхдээ одоогийн түвшинд харьцангуй эрүүлжиж байгаа буюу сэтгэл зүйч дээр өдөр тутмын тулгамдсан асуудлаа ярилцах гэж очдог хүмүүсийн тоо нэлээд ихэссэн.

Бага насны хүүхэдтэйгээ хэрэв шууд ярилцаж чадахгүй байвал дам байдлаар ярилцаж болно. Жишээ нь, хүүхдээрээ зураг зуруулаад дараа нь наад зураг дээр чинь юу байгаа юм, хэн хэн байгаа юм гэх зэргээр ярилцаж болно. Мөн үлгэр уншиж өгвөл, үлгэрийн дүр чамд ямар санагдав гэж ярилцвал зүгээр. Харин өсвөр насны хүүхэдтэйгээ сонирхлоор нь дамжуулж ярилцаж болно. Хүүхэд тань үнэхээр И-Спортод сонирхолтой байвал энэ яадаг тоглоом юм гэх мэтээр шууд хүүхдийнхээ болон өөрийнхөө өдөр тутмын амьдрал руу орохгүйгээр дам байдлаар ярилц. Түүгээрээ дамжуулаад гүнзгийрвэл ярилцлага амжилттай болох магадлал өндөр байдаг.

-“Нийгмийн сэтгэл зүйн дархлаа” гэх асуудал яригдах боллоо. Монголчууд энэ дархлаагаа алдвал ямар аюулд орж болзошгүй вэ?

-Энэ бол их өргөн хүрээний асуудал л даа. Маш энгийнээр тодорхойлох юм бол, аливаа нэгэн юмс үзэгдэлд нийгмээрээ хэрхэн хандаж, хүлээж авч, түүнийг даван туулж байгаа вэ гэдгээр тодорхойлбол болно. Хүн мэдрэмжийг мэдэрнэ, мэдэрсэн мэдрэмжээ буцаагаад тавьж явуулна гэсэн зүйлийг өөрөө өөртөө бий болгочихвол нийгмийн сэтгэл зүйн дархлаа илүү сайхан болох юм болов уу гэж боддог юм. Гэхдээ нөгөө талаасаа, нийгмийн сэтгэл зүйн дархлаанд сөрөг тал бас гарч ирдэг. Жишээ татвал, ямар нэг вирусээр өвчиллөө гэхэд тухайн вируст тэсвэртэй болчихдог шүү дээ. Түүнтэй адилаар, сөрөг талаараа нийгмийн сэтгэл зүйн дархлаа үүсчих вий гэдгээс хувьдаа эмээж явдаг.

Өдөр тутмын амьдралд гарч байгаа гэмт хэргүүд эсвэл ямарваа нэгэн нийгмийг цочроосон хэргүүд зэрэг зүйлсэд дасал болно гэдэг нь аюултай юм.

“Зүгээр байдаг л үзэгдэл шүү дээ” гэх нийгмийн тогтсон хэв шинж болчихвол энэ нь маш буруу. Үүнээс сэргийлж зөв дархлааг суулгахын тулд сэтгэл зүйн боловсролтой болох хэрэгтэй. Өөрөө өөрийнхөө сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарч чаддаг, бусдыг бас ойлгож чаддаг буюу “Empathy” гэдэг чадварт суралцвал их сайн гэж боддог.

-Сэтгэл зүйн асуудлаа удаан хугацаанд үл тоомсорлох нь хүнд ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Сэтгэл зүйн эрүүл мэнд ямархуу түвшинд байгаа вэ гэдэг нь шууд нүдэн дээр ил харагддаггүй. Далд хэлбэрээр, алгуурхнаар явагдаж байдаг учир шууд тухайн хүн өөрийгөө ямар асуудалтай байгаагаа ойлгоход бага зэргийн бэрхшээлтэй байдаг. Эхлээд тодорхой хэмжээний жижиг стресс үүснэ. Тэр стресс нь даамжирсаар дестресс болно. Дестресс нь гүнзгий шатандаа шилжвэл сэтгэл гутралын түвшинд очдог юм л даа. Энэ нь амьдралын чанарт шууд нөлөөлдөг. Жишээлбэл, өглөө орноосоо босмооргүй санагдах, ажил амьдралын зорилгогүй болох, мөн хэчнээн унтаж амарсан ч байнгын ядарсан мэдрэмж авах зэргээр шинж тэмдгүүд илэрнэ. Тийнхүү сэтгэл зүйн хувьд маш таагүй нөхцөлд удаан хугацааны турш байснаар, харамсалтай нь амиа хорлох зан үйлийг хийдэг гэсэн үг. Статистикаас үзэхэд, Солонгос улс нэгдүгээрт эрэмбэлэгддэг. Харин Монгол Улсын хувьд 100 мянган хүн тутамд 21-23 хүн амиа хорлодог гэсэн үзүүлэлттэй байдаг юм. Энэ нь эхний гуравт орохоор тоон үзүүлэлт болоод байна. Тиймээс хувь хүн өөрөө өөрийнхөө сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах нэн шаардлагатай гэдгийг уг статистик харуулж байгаа.

-Таны зүгээс нийт хүмүүст хандаж хэлмээр зүйл байдаг уу?

-Сэтгэл зүй буюу мэдрэмж гэдэг асар эмзэг зүйл байдаг. Маш олон төрлийн мэдрэмжүүд хүнд бий болж байдаг шүү дээ. Тэрийгээ хуваалцахгүйгээр, тавьж явуулахгүй явсаар, маш олон мэдрэмжүүд хүний дотор бөглөрчихдөг. Энгийнээр хэлбэл, бидний мэдрэмжийн тавцан байлаа гэж бодоход стресс, гуниг орж ирнэ. Нэмээд жишигдсэн мэдрэмж, гомдлын мэдрэмж орж ирлээ гэх мэтчилэн олон мэдрэмжүүдийг хэн нэгэнд хуваалцахгүйгээр, өөрөө ч анзаарахгүйгээр яваад л байх юм бол дарагдаад л байна. Тийнхүү удаан хугацаанд явбал, пүршийг дээрээс нь дарсаар байвал пүрш буцаагаад гэнэт бууддаг шиг зүйл болно гэсэн үг. Тэгэхээр өөрөө өөрийнхөө сэтгэл зүйн пүрш гэдэг зүйлийг доошоо дарагдаад, эцсийн цэгтээ хүрэхээс нь өмнө тухайн мэдрэмжүүдийг гэрийн нөхцөлд тайлж сурах нь чухал. Өдрийн тэмдэглэл хөтөлж ч болно шүү дээ.

Манай улсад эр хүн уйлж болохгүй гэдэг үгийг ашигласаар байгаад, өнөөдөр бид эрэгтэйчүүдийн амиа хорлолтоор тэргүүлж байгаа. Гэтэл уйлах гэдэг чинь мэдрэмж цэвэршиж байгаа процесс.

Нөгөө талаасаа уйлж байгаа хүн бол баатарлаг хүн. Яагаад гэхээр, тухайн хүн уйлах хүртлээ маш удаан хугацаанд тэр хэцүү мэдрэмжийг барьж явсан байж таарна.  Тэр хэмжээнд хүртэл өөрөө өөрийгөө болгоно доо, бүтнэ дээ, чадна даа гэж явсан тэр тэсвэр тэвчээрийг түр амсхийлгээд жинхэнэ доторх мэдрэмжээ гаргаж буй процесс. Тэгэхээр эрэгтэй, эмэгтэй хүйс хамааралгүй уйлах гэдэг бол мэдрэмжээ ил гаргаж тавьж байгаа, жинхэнэ хүнлэг процесс мөн.

М.НАМУУН

Гэрэл зургийг О.БОЛОРСУВД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 66.181.190.202

энэ нэг амьдралгүй номноос уншсан юмаа л ярих юм,жинхэнэ хүмүүжлийг аавын суран бүс л олгодог юм шүү дээ,юу гэхээр буруу хэрэг үйлдвэл хариуцлага хүлээдэг гэдгийг ойлгох явдал,иймд элдэв буруу юманд орлцохгүй болно,тамхи бүү тат гэж хичнээн зөөлөн ярьж байснаас ганц сайн болгоод өгвөл тэгээд л дор нь ойлгоно,хүүхдийн эрх мэрх ч гэх шиг солиорцгооно,сайхан хатуу гараас өөр сайн хүмүүжил үгүй,биеэрээ амсаад л зөв бурууг ялгадаг болдог эртний хүмүүжүүлэх арга бна

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.126.88.199

hahahahahaha

Avatar

Нэр үгүй 2 цагийн өмнө 122.201.31.137

Ваав ямар тэнэг хүн бэ ахххах

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.188.77

Богино хугацаанд л хүүхдийг өөрийнхөө гарт оруулж, өөрийнхөө үгэнд орж сургаж л байвал тэр нь хүмүүжил юм уу? Өөрөө түүхээ хүртэл унш л даа. Монголчууд хүүхдийг яаж хүмүүжүүлж байсан тухай судар ном ч болов уншиж үзсэн үү? Ингэж багаасаа хүмүүжсэн болоод л дуулгавартай хүлцэнгүй хүмүүс өсөж байгаа шд. Бусдыг дагаж биш өөрийгөө сайн ойлгож удирдаж чаддаг хүүхэд өсөж торнивол тэр хүүхэд юу бүтээж гийгүүлж чадахыг төсөөлж үзсэн үү?

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.188.77

Ухаан нь хүрэхгүй болохоороо л хүчээр ойлгуулж зөв бурууг ялгуулдаг юм байгаа биз. Хүн хэлтэй, мал хөлтэй. Эртний сударт суран бүсээр хүмүүжүүлэх арга олвол гаргаад ирээрэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж