Азийн хөлбөмбөгийн холбооны “Challenge League 2025-2026” тэмцээний зүүн бүсийн урьдчилсан шатны тоглолт Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд амжилттай болж өндөрлөлөө.
Монголын дээд лигийн аварга, Монгол Улсаа төлөөлөн энэхүү тэмцээнд оролцсон “СП Фалконс” баг Тайванийн хөлбөмбөгийн хүчирхэг “Тайчунг Футуро” багийг 3:1-ийн харьцаагаар итгэл төгс буулган авч, ирэх аравдугаар сард болох “Challenge League 2025/2026” тэмцээний хэсгийн шатанд оролцох эрхээ өвөртөллөө.
Энэхүү ялалт “СП Фалконс” багийн ялалт төдийгүй Монголын хөлбөмбөгийн нэр төр, түүхийн шинэ хуудас болон тодоор бичигдэн үлдэж байна.

Энэ түүхэн тоглолтын баатар бол "СП Фалконс" багийн узбекистан довтлогч Риза Айвазов байлаа. Тэрбээр хоёр гоол оруулж, тоглолтыг илүү сонирхолтой болгож, шийдвэрлэх үүргийг нэр төртэй гүйцэтгэлээ. Ийнхүү "СП Фалконс" багийн эв нэгдэл, зөв стратегийн үр дүнд энэ гайхамшиг биеллээ оллоо.
Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирж эзэн багаа дэмжсэн хөлбөмбөгийн хорхойтнууд, дасгалжуулагчид, шүүгчид, тамирчид, хөгжөөн дэмжигчдийнхээ сэтгэлийн халуун дулаан дэмжлэгт талархал илэрхийлье. Та бүхний зүрх сэтгэлийн хүч энэхүү түүхэн ялалтын нэгэн чухал хөдөлгүүр байлаа гэж Монголын хөлбөмбөгийн холбооны мэдэгдэлд дурджээ.

Нэргүй 10 цагийн өмнө 59.153.113.41
Юун их сүржигнэдэг юм бэ?! Яагаа ч үгүй л байна. Нэг удаа аз таараа л биз. Спортод тийм юм бишгүй таардаг. Хичээж байж л дараагийнхаа амжилтад хүрнэ. Түүх мүүх гэж сүржигнэлгүй бэлтгэлээ сайн хийж, хүн бүр хичээх хэрэгтэй.
Ха ха ха 2025-08-14 202.9.46.27
Хэдхэн жилийн өмнө монголын шигшээ баг гадны оюутны багт 14:0 -оороо ялагдаж билээ..
Нэргүй 2025-08-14 192.82.91.180
4 huniii 3 ni gadaad hun bna sh dee
Нэргүй 11 цагийн өмнө 202.179.25.211
хөөс хөөс