БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт тэнцсэн залууст урилга гардуулав

БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт тэнцсэн залууст урилга гардуулав

БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт тэнцсэн залууст урилга гардуулав

Бүгд Найрамдах Хятад Ард Улсад 1000 гаруй их, дээд сургууль үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр сургуульд  суралцах эрхийг авсан дэлхийн өнцөг булан бүрийн оюутан, сурагчдад тус улсын Засгийн газраас жил бүр тэтгэлэг зарладаг. 2025-2026 оны хичээлийн жилд мөн адил БНХАУ-ын Засгийн газраас тэтгэлэг зарласан бөгөөд Монгол Улсын 200 гаруй оюутан, сурагч уг тэтгэлэгт хамрагдах болсон байна. Энэ хүрээнд өнөөдөр (2025.08.13) БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах шалгуур хангасан залууст элсэлтийн урилга гардуулах арга хэмжээ болж өндөрлөв.


Монгол Улсын Боловсролын сайд П.Наранбаяр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань, Монгол Улсын Боловсролын яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Б.Энхбаяр тэргүүтэй албан тушаалтан, оюутан, сурагчид болон тэдний гэр бүл элсэлтийн урилга гардуулах арга хэмжээнд оролцов. Боловсролын  сайд П. Наранбаяр нээлтийн үг хэлж, өрсөлдөөн дундаас мэдлэг чадвар, идэвх манлайлал, хичээл зүтгэлээрээ шигшигдэн шалгарч, БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт тэнцсэн залууст баяр хүргэлээ.

Тэрбээр хэлэхдээ, "Сурсан эрдэм, хуримтлуулсан мэдлэг, эзэмшсэн чадвар, хөгжүүлсэн нөөц бололцоогоо ашиглан, энэ амжилтад хүрч байгаад тань баяртай байна. Монгол, Хятад хоёр улс бол өнө эртний баялаг түүхээр холбогдсон, өргөн хүрээний найрсаг харилцаа, нягт хамтын ажиллагаатай хөрш орнууд. Үүний нэгэн баталгаа нь хоёр улсын боловсролын салбар дахь хамтын ажиллагаа билээ" гэв. Мөн "Хятадын дээд боловсролын салбарын хөгжил дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгджээ. Энэ онд гэхэд дэлхийн шилдэг 100 их сургуульд тус улсын 7 их сургууль багтаж, хоёр нь эхний 15 дотор эрэмбэлэгдсэн байна. Хятадын их сургуулиуд хурдацтай хөгжиж, Засгийн газраас нь ихээхэн анхаарал хандуулж, хөрөнгө оруулалтыг нэмж, боловсролын түншлэлээ өргөжүүлж, боловсролын тогтолцоо нь чанаржсаар байгааг олон улсад тэмдэглэж байна. Эрдмийн их аяндаа гарах гэж буй залуус та бүхэн амжилттай суралцахын зэрэгцээ юм үзэж, нүд тайлан, төгсөж ирснийхээ дараа эзэмшсэн боловсрол, мэдлэг туршлагаа ашиглан эх орондоо хөгжил дэвшил, эерэг өөрчлөлтийг авч ирээрэй хэмээн захиж хэлье. Амжилтын дээд, эрүүл энхийг хүсэн ерөөе" гэж онцлон тэмдэглэв.

Боловсролын яамны сайд П.Наранбаяр мөн БНХАУ-ыг залуу үеийн мэдлэг, боловсролд хөрөнгө оруулж байна хэмээн тодорхойлж, Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс, нийт оюутан, төгсөгч, тэдний гэр бүлийн нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Элсэлтийн урилга гардуулах арга хэмжээнд бакалавр, магистр болон докторын зэргийн тэтгэлэг авсан 76 оюутан, залуус оролцсон юм. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуань мөн адил нээлтийн арга хэмжээнд үг хэлж, БНХАУ-ын Засгийн газрын нэрийн өмнөөс 76 шилдэг оюутан болон тэдний гэр бүлд баяр хүргэлээ.

Тэрбээр 2025-2026 оны хичээлийн жилд тэтгэлэг авсан залуус эдийн засаг, улс төр, хууль эрх зүй, боловсрол, байгалийн ухаан, шинжлэх ухаан, технологи, анагаах ухаан, удирдахуйн ухаан зэрэг төрөл бүрийн мэргэжлээр суралцах болсныг онцлон тэмдэглэсэн юм. Энэ нь Монгол Улсын нийгэм, ялангуяа залуу үеийнхэн Хятад улсын салбар бүрийн өндөр чанартай хөгжлийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч, өндрөөр тэмүүлж буйн нэгэн тод илрэл юм гэлээ. Мөн энэ оны эхний хагас жилд АНУ-ын импортын тарифаас үүдэлтэй олон улсын худалдааны тогтворгүй байдлыг Хятад улс амжилттай даван туулж, эдийн засаг 5.3 хувийн өсөлттэй байгааг дурдсан.

Сүүлийн жилүүдэд, Хятад улс шинжлэх ухаан, технологийн салбарт амжилт үзүүлээд байна. Тухайлбал, цахилгаан автомашин, литийн батарей, нарны хавтан гэх нэрийн хуудас болохуйц “Гурван шинэ бүтээл”-ийн экспортоороо тэргүүлж, "Deepseek", "Unitrii Robotics", "DJI" зэрэг компаниуд нь шинжлэх ухааны томоохон дэвшлүүдийг тасралтгүй бүтээж байна.

Шинэ эрчим хүчний үйлдвэрлэл зэрэг ногоон эдийн засаг эрчимтэй хөгжиж, Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэлийн өнгө төрх улам бүр тодорч, дэлхийн эдийн Засгийн өсөлт болон ногоон шилжилтэд шинэ эрч хүч оруулсаар байна. Элчин сайд Шэнь Минжуань хэлэхдээ, "Ганц цэцэг хавар болдоггүй, цэцэг бүхэн дэлгэрвээс хавар болдог. Монголын аж ахуйн нэгжүүд ч бай, Хятадын аж ахуйн нэгжүүд ч бай бид бүгд та бүхнийг эх орондоо эрдэм мэдлэгтэйгээ эргэн ирж, өөрийн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна. Хятад улстай мөр зэрэгцэн алхах нь хөгжлийн боломжуудыг атгаж буй хэрэг. Хятадад итгэнэ гэдэг нь ирээдүйд итгэж буй хэрэг юм. Хятад хэл сурах, Хятад улсад суралцах соёл Монголд өргөн дэлгэр болж буйд баяртай байна. Хоёр орны боловсролын хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдөг Монгол Улсын Боловсролын сайд Наранбаяр болон Монгол Улсын Боловсролын яаманд талархал илэрхийлье" гэлээ.

2025-2026 оны БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан Ч.Бэхбат Бээжин хотын Хэл, соёл судлалын их сургуульд олон улсын харилцааны мэргэжлээр магистрын зэрэг хамгаалах гэж байна. Тэрбээр БНХАУ-ын Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны албан ёсны цахим хуудсаар дамжуулан өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Засгийн газрын тэтгэлгийн талаар мэдээлэл авсан байна. Ч.Бэхбат тэтгэлэгт хамрагдсан талаараа ярихдаа, "Өнгөрсөн долоо хоногт тэтгэлэгт тэнцсэн гэдэг мэдээг авсан. Өөрийнхөө хүсч байсан мэргэжлээр хүссэн улсдаа суралцах болсондоо сэтгэгдэл маш өндөр байна. Ирээдүйд өөрийн сонгосон мэргэжлээрээ ажиллаж, Монгол-Хятадын найрамдалт харилцаанд өөрийн хувь нэмрээ оруулна гэж итгэж байна" гэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Хүрэлсүх тун удахгүй БНХАУ-д айлчилж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт болон Хятадын ард түмний Японы түрэмгийллийг эсэргүүцэх дайны ялалтын ойн баярын арга хэмжээнд оролцоно. Энэ хүрээнд Элчин сайд Шэнь Минжуань тэтгэлэгт хамрагдсан оюутан, залуусыг Хятад улсад суралцах боломжоо нандигнаж, эзэмшсэн мэдлэг боловсролоо Хятад, Монгол хоёр орны найрамдал, хамтын ажиллагаанд зориулж, хоёр орны хувь заяаны хамтын нийгэмлэгийг бүтээн байгуулах үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулахыг уриаллаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-08-13 103.229.123.214

1990 оноос өмнө ЗХУ-ын зөвхөн Эрхүүгийн бэлтгэл ангийн оюутнууд гэхэд 600 гаруй, үндсэн ангитайгаа нийлээд 2000 гаруй оюутнууд улсын тэтгэлэгээр суралцдаг байлаа. ЗХУ-д жилд 10,000 оюутан улсын хөрөнгөөр сурдаг байв. Төгсөж ирээд улс эх орныхоо хэрэгтээ газарт заавал очиж /явуулж/ ажилладаг, ямар ч гэсэн үүргээ биелүүлдэг байлаа. тэглээ гээд муу юм болсонгүй. Зах зээлийн чөлөөт нийгэмд шилжихэд нь сурсан зүйл хэрэ
Аливаа хүн сурах чиглэлийг эрхэм болговол
Хандах зүг өөрөө тогтоно гэсэн үг бий.

Avatar

Иргэн 2025-08-13 122.201.19.99

Хятад хэл сурвал овоо юм сурна, Англи хэл дээрхи сургалтууд нь их сул юм билээ

Avatar

Нэргүй 2025-08-13 202.126.89.103

Монголыг хятадчлаж өөртөө нэгтгэх гэсэн урд зүгийн өмнөө тавьсан зорилго тун амжилттай хэрэгжиж байна

Avatar

Нэргүй 2025-08-13 202.9.40.230

Сурч мэдсэнээ эх орныхоо хөгжмл өөрийнхөө амьдралыг цэцэглүүлэхэд зориулаарай. мөнгө хятад хүнтэй гэр бүл болж болохгүйг ойлгож байгаа гэдэгт итгэж байна. Боломжийг дүүрэн ашиглаарай. Дүү нартаа амжилт хүсье.

Avatar

Д. Лхагвасүрэн 2025-08-13 66.181.180.112

Эх орон ард түмэндээ элэгтэй байж их мэдлэг боловсролтой болж ирээрэй дээ монгол ахуй монгол хүнээ эх хэл бичигээ мартав !?!?! Амжилт хүсье залуустаа !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж