Технологи зөвхөн том хотын, төгс тоноглогдсон лабораторид байгаа хүүхдүүдийн боломж мэт санагддаг үе ард хоцорчээ. НҮБ-ын Хүүхдийн сан /UNICEF/-гаас зохион байгуулсан “Код бичих охидын хөтөлбөр-2025” нь Увс, Дорнод, Өмнөговь зэрэг алс нутгийн сурагч охидод хүртэл кодын ертөнцийн үүдийг нээж өгч байна. Бид уг хөтөлбөрт оролцон, мөрөөдлөө код болгон бичиж эхэлсэн нэгэн охинтой ярилцлаа.
-Сайн байна уу?. Өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?
-Намайг Б.Өнөрчимэг гэдэг. Би Дархан-Уул аймгийн Шарын гол сумын хоёрдугаар сургуульд суралцдаг. Одоо 17 настай, энэ намар 12 дугаар ангид орно.
-Код бичих охидын хөтөлбөрийн тухай анх яаж мэдсэн бэ?
-Хөтөлбөрийн элсэлтийнх нь мэдээлэл нь фэйсбүүк дээр байсан. Тэгээд би өөрийгөө сорьж үзье, зуныг үр бүтээлтэй өнгөрүүлье гэж бодсоны эцэст өөрийнхөө танилцуулгыг явуулсан.
-Анх энэ хөтөлбөрт хамрагдъя гэхэд гэр бүл болон ойр дотны хүмүүс нь хэрхэн хүлээж авсан бол?
-Гэр бүлийнхэн болон найзууд маань маш их дэмжсэн л дээ. Гэсэн хэдий ч миний хувьд их айдастай байсан. Хоёр сарын турш юу ч сурч сурахгүй бол яах вэ, зуны улирлыг дэмий үрчих вий дээ гэх айдастай байсан боловч одоо би сэтгэл их өндөр байгаа. Учир нь би маш их зүйлсийг сурч мэдсэн. Зөвхөн “Coding” гэхээс илүү багаар ажиллах зэрэг өөр олон чадваруудыг сурч мэдэж, авсан.
-Уг хөтөлбөрт хамрагдахаас өмнө код бичих талаар ойлголт байсан уу?
-Ерөнхийдөө код бичих гэдэг ойлголт надад байгаагүй. Яагаад гэвэл, манай сумын сургуульд код бичих тухай хичээл заадаггүй болохоор ойлголтгүй байсан.
-Хөтөлбөрт хамрагдаж байхад аль хичээл хамгийн их таалагдсан бэ?
-“UX/UI” гээд загвар гаргадаг хичээл хамгийн их таалагдсан. Дараа нь өөрийнхөө гаргасан загварыг харахад цаанаасаа их гоё. “Би энийг хийсэн гэж үү дээ” гэх мэдрэмж авдаг.
-Хүнд хэцүү, шантармаар үе байсан уу. Жишээлбэл, хичээлээ ойлгохгүйгээс болоод ч юм уу?
-Хааяадаа гэрээ санаад их хэцүү байсан л даа. Бид хоёр сарын турш Санхүү эдийн засгийн их сургуулийн дотуур байранд байрлаж, сургалтандаа хамрагдсан. Гэхдээ үүнийхээ ачаар биеэ дааж сурсан. Жишээлбэл, гараараа хувцсаа угааж сурсан, хоол хийж сурсан, санхүүгээ ч өөрөө зохицуулж сурсан. Мөн хичээлээ ойлгохгүй ч юм уу тийм үед шантарсан тохиолдол бий. Гэхдээ маргааш нь хичээлдээ очоод, багш нараасаа ойлгоогүй зүйлээ нөхөөд асуучихдаг байсан. Тэр бүрт багш нар маань надад илүү гүнзгий тайлбарлаж өгдөг байсанд нь их талархдаг.

-Хөтөлбөрт хамрагдсанаар өөрийн чинь хувьд юу өөрчлөгдсөн гэж бодож байна?
-Миний хувьд, өөрийнхөө зорилгыг тодорхойлсон мөн өөрийгөө шинээр нээсэн. Би өөрийгөө огт компьютерын ухааны чиглэлээр суралцаж чадахгүй гэж өмнө нь боддог байсан юм. Гэтэл энэ хөтөлбөр надад урам өгч, би ч гэсэн чадах юм байна гэх итгэлийг төрүүлсэн.
-Цаашдаа ямар мэргэжлээр суръя гэж бодож байна. Энэ чиглэлээр үргэлжлүүлэн сурах уу, эсвэл өөр мэргэжил сонгох уу?
-Би өмнө нь энэ чиглэлээр явж чадахгүй байх даа гэсэн бодлоор өөрийгөө дарсаар өдийг хүрсэн. Харин одоо бол өөрийгөө чадах юм байна гэдгээ ойлгочихсон учраас “Web developer” буюу сайт хөгжүүлэгч юм уу “Data scientist” болъё гэж бодож байгаа.
-Өөрөөрөө хамгийн ихээр бахархсан мөч чинь ямар мөч байсан бэ?
-Хийсэн вебсайтаа хараад өөрөөрөө их бахархсан.
-Хэрэв энэ хөтөлбөрт ороогүй бол өөрийгөө одоо ямар байх байсан гэж бодож байна?
-Би англи хэл сурна гэж бодсон мөртлөө яг өөрийгөө ялан дийлж чадахгүй байх байсан болов уу. Магадгүй зунжингаа гэртээ л зүгээр суух байсан байх шүү.
-Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар англи хэл нь ч гэсэн сайжирсан уу?
-Тийм. Багш нар маань “IELTS” оноотой болохоор “SAT” болон “IELTS”-ийн хичээлүүдийг ч давхар заасан.
ХЭДИЙ ХЭЦҮҮ ЗҮЙЛС ИХ ТОХИОЛДДОГ Ч, ЭЦСИЙГ НЬ ҮЗЭХ САЙХАН
-Ирэх жилүүдэд энэ хөтөлбөрт хамрагдах хүүхдүүддээ юу гэж зөвлөмөөр байна?
-Би өргөдлөө явуулах уу байх уу гээд анх их эргэлзэж байсан л даа. Дараа дараагийн энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй үе тэнгийнхэндээ зөвлөхөд, битгий эргэлзээрэй, шууд явуулаад үзээрэй. Хэцүү зүйлс зөндөө гарч ирэх ч гэсэн төгсгөлийг нь үзэх хамгийн сайхан шүү л гэж хэлмээр байна.
-Ирэх жил ерөнхий боловсролын сургуулиа төгсөх юм байна шүү дээ. Монголдоо суръя гэж бодож байна уу эсвэл өөр улсад суралцъя гэж бодож байна уу?
-Би бакалавраа Монгол Улсдаа сураад, магистраа Европын орнуудад хамгаалъя гэж бодож байгаа. Европын орнууд компьютерын ухааны талдаа өндөр хөгжилтэй байдаг болохоор тэгж шийдсэн.
-Ирээдүйд Монгол орондоо юу хийж бүтээе гэж бодож байна. Хэтийн зорилго гэж байгаа шүү дээ. Түүнийгээ хуваалцаач?
-Ирээдүйд би хүүхдийг дэмжих хөтөлбөрүүдийг ивээн тэтгэдэг хүн болохыг мөрөөддөг. Би өөрөө UNICEF-ээс зохион байгуулсан энэ хөтөлбөрийн ачаар маш их зүйлс сурч мэдэж чадсан болохоор UNICEF шиг газар ажилд ороод, хүүхэд залуусыг дэмжиж ажиллахыг хүсч байна. Хүүхдэд, нийгэмд ээлтэй зүйлсийг хийж бүтээдэг нэгэн л болмоор байдаг даа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ
М.НАМУУН
3,548.92






















































Нэргүй 2025-08-13 66.181.161.112
юу нь ч хоцрогдсон юм бэ, одоо код бичиж сурах ямар ч шаардлагагүй
Zochin 2025-08-13 202.72.245.194
uchaantai umaa amjilt chusii.