Өмнөд Солонгос улс байнгын цэргийн албан хаагчдын тоог 110 мянгаар бууруулж, 450 мянга болгосон байна. Энэ нь төрөлтийн тоо багассантай холбоотой. Тус улсын Үндэсний ассамблейн хууль тогтоомж, шүүхийн хорооныхон болох төлөөлөгч Чү Ми Э-гийн баталгаажуулсан Үндэсний Батлан хамгаалах яам болон Цэргийн албан хаагчдын удирдлагын газрын мэдээллээр, 17 дивиз болон бусад томоохон нэгтгэлүүд татан буугдаж эсвэл нэгтгэгдсэн.
2019 онд тус улсад 563 мянган албан хаагч ажиллаж байсан ч энэ тоо 2025 оны долдугаар сарын байдлаар буурсан байсан нь алба хаагчдын тоог бууруулах шийдвэр гаргасан гэж онцлон тэмдэглэсэн байна.
Тухайлбал, Хуурай замын цэргийн ангийн алба хаагчдын тоог 100 мянгаар бууруулсан байна. Үүний зэрэгцээ, мэргэжлийн офицеруудын сонгон шалгаруулалтын тоо өмнөх оны мөн үеэс тал хувиар буурсан нь урт хугацааны алба хаагчдыг тогтвортой бүрдүүлэхэд хүндрэл учруулж байна. Ганвон болон Гёнги мужийн умард хил орчмын бүс нутгийн цэргийн тоог мөн багасгасан байна. Тус бүс нутгийн байлдааны ангиудыг нэгтгэж эсвэл татан буулгасан байна. Үлдсэн нэгтгэлүүд илүү өргөн хамгаалалтын бүсийг хариуцах болсон аж. Гэвч энэ нь алба хаагчдын ачааллыг нэмэгдүүлж, хариу арга хэмжээ авах чадамжийг сулруулж болзошгүй гэж зарим мэргэжилтнүүд үзэж байна. Цэргийн албан хаагчдын тоо буурч байгааг зогсоохын тулд Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам хэд хэдэн арга хэмжээ авч үзэж байна.
Үүнд эмэгтэй цэргийн тоог нэмэх, богино хугацааны алба хаагчдад урамшуулал олгох, байлдааны бус ажилд томилогдох эрэгтэйчүүдийн тоог цөөлөх зэрэг орж байгаа.
Гэсэн хэдий ч шүүмжлэгчид эдгээр арга хэмжээ нь албан хаагчдын хомсдолыг бүрэн нөхөж чадахгүй гэж үзэж байна. Нэрээ нууцалсан Батлан хамгаалах яамны ахлах албан тушаалтан хэлэхдээ, орчин үеийн зэвсэг, сайжруулсан сургалт нь цэргийн тоо цөөрсөн нөхцөлд тодорхой хэмжээнд нөхөж чадна. Гэвч тэрбээр “Хүнд зэвсэглэсэн дайсан хилийн цаана байхад, хүмүүсийг технологиор бүрэн орлуулах боломжгүй” гэжээ. Энэ нь Хойд Солонгосыг хэлж буй хэрэг юм. Цэргийн хүч буурч байгаа нь Өмнөд Солонгосын хувьд батлан хамгаалах салбартаа онцгой анхаарал хандуулах ёстойг илтгэж байна. Учир нь Хойд Солонгос цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө үргэлжлүүлсээр байгаа. Зарим шинжээчдийн үзэж буйгаар, батлан хамгаалах салбарын алдагдлыг АНУ зэрэг бусад хүчирхэг холбоотнуудтай хамтран ажиллаж нөхөн ёстой. Эс бөгөөс Өмнөд Солонгосын тусгаар тогтнолоо хамгаалах чадавх суларч болзошгүй гэжээ.
Нэргүй 2025-08-11 202.179.15.130
ЦЭРГИЙН ТООГОО ИНГЭЭД ЗАРЛААД БАЫДАГ ЮМ БАЙХДАА