Японы баруун өмнөд хэсэгт цаг агаарын ноцтой үзэгдэл үргэлжилж байна. Улмаар улсын хэмжээнд өндөр түвшний аадар борооны анхааруулга зарлажээ. Японы Цаг уурын газрын мэдээлснээр, Даваа гаригийн өглөөний 09:15 цагт Амакүса хотод хүчтэй аадар борооны онц байдлын анхааруулга мөн адил зарласан байна. Анхааруулга аль хэдийн Тамана хот, Нагасү тосгон, Үки хот, Яцүширо хот, Хикава тосгон болон Камиамаүкса хотод үргэлжилж байгаа юм. Мэргэжилтнүүдийн хэлснээр, Кумамото муж даяар урьд өмнө нь байгаагүй их хэмжээний хур тунадас орж байна. Улмаар бүс нутгийн иргэдэд туйлын болгоомжтой байхыг анхааруулсан байна.
Мөн газар хөдлөлт, хөрсний гулсалтын эрсдэлтэй бүс нутагт амьдарч буй хүмүүсийг онцгой анхаарал болгоомжтой байхыг сануулжээ.
Цаг уурын албаны төлөөлөгч хэлэхдээ, "Хэрвээ тогтоосон нүүлгэн шилжүүлэх байр руу явах нь аюултай санагдаж байвал, гол мөрөн, хад хясаанаас хол газар очих, үерлэх магадлал багатай өндөр барилгад түр хорогдох хэрэгтэй. Гамшигт нэрвэгдэх магадлал бага гэж тооцогддог газар ч гэсэн маш өндөр хэмжээнд болгоомжлох шаардлагатай” гэж онцолсон байна.
Цаг уурын газар мөн Кумамото муж дээгүүр аадар борооны үүлс хуралдсанаас гадна Фүкүока, Сага, Нагасаки, Ойта болон Миязаки мужуудад ч Даваа гаригийн үд хүртэл бороо орж болзошгүй гэж анхааруулсан байна. Тиймээс гамшгийн эрсдэл маш хурдан нэмэгдэх боломжтой гэж мэдэгдсэн байна. Японы зүүн болон хойд хэсгийн иргэдийг ноцтой цаг агаарт бэлтгэлтэй байхыг анхааруулсан. Нам даралтын системээс шалтгаалан Хокурику бүсэд Даваа гаригийн орой хүртэл бороо орох төлөвтэй байна. Харин Тохоку бүсийн хойд хэсэгт уур амьсгалын нөлөөгөөр Мягмар гариг хүртэл цаг агаар тогтворгүй байх ажээ.
3,593.62




















































Холбоотой мэдээ