Сурвалжлага: Гурван хүүхдийн хувцас хэрэглэлд 2.5 сая төгрөг хүрэхгүй байна

Сурвалжлага: Гурван хүүхдийн хувцас хэрэглэлд 2.5 сая төгрөг хүрэхгүй байна

Сурвалжлага: Гурван хүүхдийн хувцас хэрэглэлд 2.5 сая төгрөг хүрэхгүй байна

Хичээлийн шинэ жил эхлэхэд хорь хүрэхгүй хоног үлдлээ. Энэ үед эцэг, эхчүүд хүүхдийнхээ хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцсыг бэлдэх гээд нийслэлийн томоохон худалдааны төвийг зорьдог. Бид энэ удаад сурагчийн дүрэмт хувцас болон хичээлийн хэрэгсэл ямар үнэтэй байгааг сурвалжлахаар “Нарантуул” олон улсын худалдааны төвийг зорилоо.

"Нарантуул" зах  Ням гариг/2025.08.10/-т 14.00 цагийн үед хөл хөдөлгөөн ихтэй байв. Тус худалдааны төвийн үүдээр ороход урд эгнээнд байх лангуунд хичээлийн хэрэгслүүдийг төрөл бүрээр нь эгнүүлэн тавьжээ.  Бага насны хүүхдүүдээ гараасаа хөтөлсөн эцэг, эхчүүд лангууны өмнө хичээлийн хэрэгсэл үзэж, үнэ асууна. Бага насны хүүхдийнхээ энэ жилийн хичээлд нь хэрэг болох үзэг, дэвтэр, өнгийн харандаа болон дүрэмт хувцас бусад зүйлсийн үнийг судалж хэрэгцээтэй зүйлсээ худалдан авч байлаа. Лангуу тус бүрт байгаа бараа үнэ өөр хоорондоо адилхан боловч зарим нэг хичээлийн хэрэгслээрээ ялгаатай аж. Ихэвчлэн бүгд адилхан зурагтай дэвтэр, өнгийн харандаа, усан будаг, харандаа үзүүрлэгч, бал гэх мэт зүйлүүдийг өнгө алаглуулан өржээ. Хичээлийн хэрэгслийн хажууд “Labubu” тоглоомыг байршуулсанд хүүхдүүдийн сонирхлыг ихээр татна.

Харин хичээлийн хэрэгслийн ардхан талд сургуулийн дүрэмт хувцас болон бусад хувцасны тасаг байрлажээ. Лангууны хананд дүрэмт хувцас, цэнхэр сорочкон цамц төрөл төрлөөрөө өлгөөтэй байх агаад тод цэнхэр нь 25 мянга, бүдэг цэнхэр нь 20 мянган, поло цамц 20 мянган төгрөгийн үнэтэй аж. Харин хүрэм, өмд, цамц иж бүрнээрээ 100 мянга давах аж. Хүүхдээ дагуулсан эцэг, эхчүүд дүрэмт хувцасны үнээс илүүтэй хийц, материалыг нь чухалчлан асууна. “Нарантуул” худалдааны төвд зарагдаж байгаа сурагчийн дүрэмт хувцсыг Хятадаас оруулж ирж байгааг худалдаа эрхлэгчид хэлсэн юм. Энэ жилийн тухайд дэвтэр, цүнх, үзэг балын үнэ өнгөрсөн жилээс бага зэрэг нэмэгджээ. Тухайлбал, өнгөрсөн жил 12 хуудастай дэвтэр 200 төгрөг байсан бол энэ жил 250 төгрөгөөр худалдаалж байна.

Ерөнхийдөө хичээлийн хэрэгслийн үнэ 50-250 төгрөгийн хооронд нэмэгджээ.

Эцэг, эхчүүд дотоодын үйлдвэрлэгчийн дэвтрээс илүү польш дэвтэр худалдан авч байна. Учир нь  “Улаанбаатар принт”-ийн дэвтрүүд 100-250 төгрөгөөр илүү үнэтэй худалдаалж байв. Үүнээс гадна нэгдүгээр ангид орох хүүхдийн цүнх хамгийн их эрэлттэй бараа болжээ. Эцэг, эхчүүд ихэвчлэн хүүхдийнхээ нуруунд таарсан, зөөлөн мөртэй цүнх асууж байгаа бол зарим эцэг, эхчүүд дөрвөлжин цүнхийг асууж байгаа талаар худалдагч эмэгтэй хэлсэн юм. Цүнхний үнэ энэ жил бага зэрэг нэмэгдсэн бөгөөд 50-180 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм. Бага насны хүүхдүүд өөрсдийн үзэх дуртай хүүхэлдэйн киноны баатар болон сүүлийн үед дэлгэрээд байгаа “Labubu”-гийн зурагтай цүнх авах сонирхолтой аж.

“Нарантуул” олон улсын худалдааны төвд борлуулагдаж буй хичээлийн хэрэгслийн үнэ:

  • "Улаанбаатар принт" ХХК-ийн дэвтэр 370-2000 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна.
  • 12-96 хуудастай дэвтэр 250-1550 төгрөг
  • Зургийн дэвтэр 1800-3200 төгрөг
  • Өнгийн харандаа 5700-11500 төгрөг
  • Усан будаг 2,000-12,000 төгрөг
  • Цаасны цавуу 1,500-4,500 төгрөг
  • Үзгэн бал 1,000-4,000 төгрөг
  • Баллуур 500-2,500 төгрөг
  • Үзэгний сав 8,000-25,000 төгрөг
  • Хайч 3,500-10,000 төгрөг
  • Өнгийн цаас 2,500 төгрөгөөр тус тус худалдаалж байв.

“Нарантуул”олон улсын худалдааны төвд охидын хичээлийн хэрэгсэл болон бусад дагалдах зүйл өргөн сонголттой байгаа бол эрэгтэй хүүхдийн хэрэгсэл харьцангуй бага сонголттой байв. Тухайлбал, нэгдүгээр ангийн эрэгтэй хүүхдийн хичээлийн хэрэгслийг бэлдэхэд  100-200 мянган төгрөг, охин хүүхдийнх 200-300 мянган төгрөг болж байгааг зарим эцэг, эх онцолсон юм. Эцэг, эхчүүд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, худалдан авалт хийх сонирхол байвч үнэ, ханшийг нь сонсоод өөр дүрэмт хувцас үзэхээр буцаж байгаа нь олонтаа харагдав. Энэ жилийн хувьд эцэг, эхчүүд бараа бүтээлдэхүүний үнэ маш их хэмжээгээр нэмэгдсэн нь хичээлийн бэлтгэл хангахад санхүүд дарамт учруулж байгааг дурдав.

Тухайлбал, бидэнтэй таарсан А.Мөнгөнсаран сургуулийн насны хоёр хүүхэд, цэцэрлэгийн насны нэг хүүхдийнхээ хичээлийн хэрэглэлийг цуглуулж байлаа. Тэрбээр “Төгрөгийн ханш маш их унажээ. Бидний хувьд гурван хүүхдэдээ 2.5 сая төгрөгөөр худалдан авалт хийхээр хөдөөнөөс орж ирсэн. Гэхдээ бага ангийн хүүхдийн хувцасны үнэ бол “Нарантуул” худалдааны төв дээр үнэтэй санагдлаа. Харин том эгчийнх нь хувцсыг эндээс бэлдэхгүй өөр газраас бэлдэнэ.  Өнгөрсөн жилийн үнийн дүнгээр худалдан авалт хийнэ гэдэг чанга тусаж байна. Бид бараг шууд Эрээн орж хичээлийн бэлтгэл хангах ёстой байжээ” гэв.

Харин А.Мөнхчимэг “Хүүхдийнхээ хичээлийн хэрэглэлийг цуглуулаад явж байна. Иргэд ажил, амьдралаа яаж ийгээд болгож байгаа ч үнийн өсөлтөд дарлуулж байна. Хүүхэд яг ийм бүтээгдэхүүн авна гэсний дагуу наймаачид үнийг нь нэмчхэж байгаа юм. Арай нэг гайгүй материалтай цүнх авахад 80 мянган төгрөг байна. Нэг хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлд 500 мянган төгрөг зарцуулагдахаар байна”гэв.

Нийслэл 9 дүүргээдэд 2024-2025 оны хичээлийн шинэ жилийг угтан сурагч, оюутан, эцэг, эхчүүдэд ойрхон, хүртээмжтэй, харьцангуй хямд үнээр хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас, шаардлагатай бусад хэрэгслийг худалдан авах боломжийг бүрдүүлж “Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа”-г зохион байгуулж байгаа.

ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛЖ БУЙ БАЙРШЛУУД

Сүхбаатар дүүрэг

  • 3-р хороо, АСА арена гадна талбай /2025.08.04-2025.09.01/
  • 4-р хороо, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж /2025.08.01-2025.09.01/
  • 5-р хороо, Голомт хотхоны хойд талд /2025.05.06-2025.09.06/

Хан-Уул дүүрэг

  • 2-р хороо, 3-р байрны урд талд /2025.08.15-2025.09.15/
  • 8-р хороо, IC парк /2025.08.10-2025.09.31/
  • 19-р хороо, Богдын Музейн гадна талбай /2025.08.15-2025.09.05/

Баянзүрх дүүрэг

  • 4-р хороо, Жуковын талбай /2025.08.11-2025.08.31/
  • 26-р хороо, Дүнжингарав худалдааны төв /2025.08.10-2025.09.01/
  • 25-р хороо, Баялаг Ундраа төвийн гадна талбай /2025.08.04-2025.09.01/

Чингэлтэй дүүрэг

  • 5-р хороо, Тусгаар тогтнолын талбай /2025.08.04-2025.09.01/

Сонгинохайрхан дүүрэг

  • 16-р хороо, KFC-ийн зүүн талд /2025.08.15-2025.09.31/
  • 29-р хороо, Сүлжмэлийн үйлдвэрийн гадна талбай /2025.08.15-2025.08.31/

Баянгол дүүрэг

  • 29-р хороо, Шинэ Сандэй худалдааны төв /2025.08.04-2025.08.31/
  • 15-р хороо, Апексийн дэлгүүрийн урд талд /2025.08.01-2025.09.01/
  • 15-р хороо, Байгаль эх цогцолбор /2025.08.10-2025.09.1/
  • 25-р хороо, Мета барилгын материалын худалдааны төв /2025.08.04-2025.09.01/

Багахангай дүүрэг

  • 1-р хороо, Төв талбай /2025.08.22/

Багануур дүүрэг

  • 1-р хороо, Нацагдоржийн талбай /2025.08.20-2025.08.31/

Налайх дүүрэг

  • 2-р хороо, Соёлын ордны урд талд /2025.08.22/

А.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-08-11 66.181.183.225

Хүүхдээр ашиг хийдэг цаг нь эхэлж байгааюм чинь дээ

Avatar

Хөнжлийнхөө хирээр 2025-08-11 66.181.182.84

хэтэвчиндээ тааруулаад хувцасла

Avatar

Нэргүй 2025-08-11 202.126.88.122

Хэтэвчиндээ тааруулаад хятадаас бараа захиалвал эндээс хөөсрөлттэй үнээр авснаас хавь илүү хувцасладаг цаг дор амьдарч байна даа.

Avatar

Нэргүй 2025-08-11 43.242.242.59

Наймаачид бараа таваараа маш өндөр үнээр зардаг. Ямар үнээр зарахаа хувь хүн өөрөө мэддэг. Төр засаг үүнд оролцох боломжгүй байдаг. Үнийн ханш өсөх явбал цэвэр үйлдвэрлэгчид, бараа борлуулагчидтай холбоотой юм. Гэтэл зарим хүмүүс төр засгийг буруутгах юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж