Бразилын Дээд шүүхээс Даваа гаригт (2025.08.05) ерөнхийлөгч асан Жаир Болсонарог гэрийн хорионд оруулах шийдвэр гаргасан. Гэвч уг шийдвэрийг АНУ-ын засгийн газар шүүмжилж байна. Болсонаро 2022 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хүчингүй болгох оролдлоготой холбоотой хэргээр шүүхэд дуудагдаад буй. Тэрбээр тухайн сонгуульд Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силвад ялагдсан юм. Дээд шүүхийн шүүгч Александре де Мораэс гэрийн хорионд оруулах шийдвэрийг гаргахдаа, Болсонаро өмнөх хоригийг зөрчсөн гэж мэдэгджээ. Учир нь түүнийг гар утас, нийгмийн сүлжээ ашиглахыг хориглосон боловч бусдын цахим хаягийг ашиглан, нийгмийн сүлжээнд бичлэг байршуулсан аж. Тухайн бичлэгт Болсонаро хөлийн цахим гаваа харуулсан байв.
Одоо Болсонаро гэртээ хоригдож, зөвхөн өмгөөлөгч болон шүүхийн зөвшөөрсөн хүмүүстэй уулзах эрхтэй. Мөн утас хэрэглэх, ялангуяа өөр хүний тусламжтайгаар ч гэсэн ашиглахыг хоригложээ.
АНУ-ын Төрийн департаментын "Bureau of Western Hemisphere Affairs" энэ шийдвэрийг нийгмийн сүлжээнд шүүмжилж, Болсонарод өөрийгөө хамгаалах эрх олгохгүй байна гэж Дээд шүүхийг буруутгасан байна. Тэд “Болсонарод үгээ хэлэх боломж олго!” хэмээн мэдэгдэж, хууль бус үйлдлийг дэмжсэн бүх этгээдүүдэд хариуцлага тооцно гэж анхааруулжээ. Мөн шүүгч Мораэс болон бусад шүүхийн албан тушаалтнуудад хориг тавьж, визийн хязгаарлалт тогтоосон байна.
Болсонарогийн хүү, сенатор Флавио Болсонаро мөн адил шүүхийн шийдвэрийг шүүмжилж, “Бид одоо албан ёсоор дарангуйлалд орсон” хэмээн "CNN Brasil"-д мэдэгдсэн байна.
Энэ оны эхээр Болсонарог 2022 оны сонгуулийн дүнг өөрчлөхөөр төрийн эргэлт хийхийг оролдсон хэрэгт буруутгагдсан. Зарим эх сурвалжуудын мэдээлснээр, ерөнхийлөгч Лула, түүний дэд ерөнхийлөгч болон Дээд шүүхийн шүүгчийг онилсон хуйвалдаан байж болзошгүй гэжээ. Гэсэн хэдий ч Болсонаро гэм буруугүй гэж удаа дараа шүүх танхим, олон нийтэд мэдэгдсэн юм. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Болсонарог дэмжиж, түүний эсрэг хэрэг улс төрийн зорилготой хуйвалдаан явуулж байна гэж мөн мэдэгдсэн байна. Трамп өмнө нь хэрвээ Болсонарогийн шүүх хэргийг зогсоохгүй бол өндөр тариф тогтооно гэж анхааруулж байсан. Гэвч Болсонарог гэрийн хорионд оруулах болсон тул АНУ-аас Бразилын экспортод 50 хувийн тариф тогтоох болов. Уг алхмыг Бразилын одоогийн ерөнхийлөгч Лула буруутгаж, “Бразилын шүүх системд хөндлөнгийн оролцоо ороогүй" гэж мэдэгдсэн байна.
Нэргүй 2 цагийн өмнө 202.126.90.183
хэний талын хүн вэ гэдэг нь тодорхой