Хятадын Гуандун мужид шумуулаар дамждаг вирусийн 7000 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ оны долдугаар сараас хойш тус вирусийн тохиолдол нэмэгдсээр байгаа тул "Covid-19" тахлын үед авсан арга хэмжээтэй ижил арга хэмжээ авахад хүргэж байгаа бололтой. Уг вирусийг чикунгунья гэж нэрлэсэн бөгөөд Фошан хотод хамгийн олон тохиолдлын тоо бүртгэгдсэн байна. Халдвар авсан өвчтөнүүд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ ороо шумуулын тороор зайлшгүй хамгаалсан байх ёстой аж.
Халдвартай шумуулд хазуулж, вирусийн халдвар авсан тохиолдолд халуурч, үе мөч янгинаж өвддөг.
Эмчилгээ хэдэн долоо хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд хийлгээгүй тохиолдолд шинж тэмдэг хэдэн жил үргэлжлэх боломжтой. Хэдийгээр Хятадад тохиолдлын тоо мянга давсан ч энэ нь Өмнөд болон Зүүн өмнөд Ази, Африкийн зарим хэсэгт хамгийн их тохиолддог. Фошанаас гадна өмнөд хэсгийн Гуандун мужийн дор хаяж 12 хотод халдвар бүртгэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд 3000 орчим тохиолдол бүртгэгджээ. Хонгконгт Даваа гаригт (2025.08.04) анхны тохиолдол нь бүртгэгдсэн байна. Тодруулбал, 12 настай хүүхэд Фошанд шумуулд хазуулж, удалгүй халуурч, тууралт гарч, үе мөч нь өвдөж эхэлжээ. Албаныхны мэдээлснээр, одоогоор бүртгэгдсэн бүх тохиолдол хөнгөн, өвчтөнүүдийн 95 хувь нь долоо хоногийн дотор эмнэлгээс гарсан байна.
Халдвартай шумуулд хазуулсан ихэнх хүмүүст 3-7 хоногийн дотор чикунгуньягийн шинж тэмдэг илэрдэг.
Халуурах, үе мөч өвдөхөөс гадна тууралт, толгой, булчин өвдөх, үе мөч хавагнах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Ихэнх тохиолдолд өвчтөнүүдийн бие долоо хоногийн дотор сайжирдаг байна. Гэхдээ нярай хүүхэд, өндөр настан, зүрхний өвчин, чихрийн шижин гэх мэт суурь өвчтэй хүмүүс халдвар авсан тохиолдолд хүндрэх эрсдэлтэй байдаг. Эмчлэх арга байхгүй ч чикунгуньягаас болж нас барсан тохиолдол ховор байдаг. Тус вирусийг 1952 онд Танзани улсад анх илрүүлж, улмаар Сахарын цөлөөс өмнөх Африк, Зүүн өмнөд Азийн бусад орнуудад тархсан байна. Өнөөдрийг хүртэл дэлхийн 110 гаруй оронд бүртгэгджээ. . Вирус тархахаас урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга бол шумуул үржих боломжийг олгодог тогтворгүй усны нөөцийг багасгах явдал юм гэж ДЭМБ мэдэгдэв.
Холбоотой мэдээ