Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийнхөн өвчтөнд бэлгийн дарамт үзүүлдэг байж болзошгүй

Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийнхөн өвчтөнд бэлгийн дарамт үзүүлдэг байж болзошгүй

Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийнхөн өвчтөнд бэлгийн дарамт үзүүлдэг байж болзошгүй

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр /2025.08.05/  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Эрүүл мэндийн сайд Ж.ЧИНБҮРЭН:

СЭМҮТ-ийн төлбөртэй тусламж, үйлчилгээний талаар иргэнээс АТГ-т гомдол ирүүлснийг шалгуулахаар ЭМЯ-нд шилжүүлсний дагуу ЭМЯ-ны хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас санхүүгийн хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдсон тулд ЦЕГ-тай хамтарсан шалгалтыг 2025 оны хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 24-нийг хүртэл хийсэн. Хяналт шалгалтаар дараах зөрчлүүд илэрсэн. Тухайлбал,

Төлбөртэй тусламж үйлчилгээ авсан иргэнд төлбөр төлсөн баримт өгдөггүй. Үйлчлүүлэгч эрүүл мэндийн байгууллагын данснаас өөр дансанд төлбөр төлөхийг хориглосон журмыг удаа дараа зөрчсөн. 2022-2024 онд цахим бүртгэлд бүртгэгдсэн төлбөртэй тусламж үйлчилгээний орлого болох 527.8 сая төгрөгийн ор хоногийн төлбөрийг иргэдийг цагтаа ирээгүй, эмнэлэгт хэвтээгүй гэж цуцалсан.

Ийм байдлаар 478.9 сая төгрөгийг цуцлалт хийж, СЭМҮТ-ийн дарга нар ажилтнуудтайгаа хуйвалдан бэлнээр болон хувийн данс руу шилжүүлж авдаг нь тогтоогдож, одоо эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Энэ нь таваас дээш жил үргэлжилж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлж, үнэнчээр зүтгэж буй эмч, ажилчдын сэтгэл зүрхийг мохоож, ажлын байраа орхих хэмжээнд хүргэж байна.

“ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” ХӨТӨЛБӨРТ ЗАРЦУУЛАГДАХ ТӨСВИЙГ ЗАВШСАН ГЭВ

Мөн энэ оны зургадугаар сарын 30-нд болон долдугаар сарын 4-ний өдөр нэр бүхий иргэд Эрүүл мэндийн сайдад болон АТГ-т хандан СЭМҮТ-ийн удирдлагын үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлого, сонгон шалгаруулалт эмнэлгийн тусламж үйлчилгээ болон “Эрүүл монгол хүн хөтөлбөр”-ийн хэрэгжилттэй холбоотой гомдол ирүүлсэн байна. Энэ асуудлыг АТГ-аас ЭМЯ-нд шалгуулахаар шилжүүлсэн. Үүний дагуу долдугаар сарын 8-25-ны өдрүүдэд хянан шалгах ажлыг зохион байгуулсан юм. Хяналт шалгалтаар, “Эрүүл монгол хүн хөтөлбөр”-ийн хэрэгжилттэй холбоотой зөрчил илэрсэн байна. “Эрүүл монгол хүн” арга хэмжээг хэрэгжүүлэхээр 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эрх СЭМҮТ-д энэ оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс шилжин ирсэн. Гэвч арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөө болон үйл ажиллагааны удирдамж, төсвийн задаргаа зэргийг тус бүрээр батлаагүй. “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүний нөөцийн сонгон шалгаруулалт хийхгүйгээр Сэтгэц нийгмийн сэргээн засах төвийн ажилтан гэх 14 иргэнтэй СЭМҮТ-ийн захирал нь хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан байсан аж. Тэдгээр гэрээт 14 ажилчдын тав нь л сэтгэцийн эмч, сувилагч, сэтгэл судлаач зэрэг мэргэжилтэй. Харин бусад нь зам гүүрийн техникч, барилгын инженер, орчуулагч зэрэг мэргэжлийн шаардлага хангаагүй хүмүүс байжээ.

Гэрээт 14 иргэний арван хүнтэй нь санхүүжилтийн эрх шилжүүлсэн тушаал гарахаас өмнө гэрээ байгуулж нэгээс гуравдугаар сарын цалинд 70.7 сая төгрөг олгосон байна.

Мөн санхүүжилтийн эрх шилжүүлсэн тушаал хүчингүй болсон энэ оны зургадугаар сарын 12-ноос хойш нийт 248 сая төгрөгийн 40 гүйлгээ гаргасан байна. Гэтэл Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан бүсэд сэтгэц нийгмийн сэргээн засах төв гэж нэгж байхгүй. Энэ нь улсын бүртгэлтэй ААН байгууллага хуулийн этгээд биш гэдэг нь тогтоогдсон. Сэтгэц нийгмийн сэргээн засах төвийн үйл ажиллагаа явуулахад зориулж ажлын байр түрээслэх 82.5 сая төгрөгийн худалдан авах ажиллагааг энэ оны зургадугаар сараас долдугаар сард гурван удаа хийсэн. Түүнчлэн, тендер шалгаруулалтаас өмнө буюу тавдугаар сард иргэн З-тэй үл хөдлөх хөрөнгө түрээслэх тухай гэрээ хийсэн байна. Гэрээг төлөөлж, СЭМҮТ-ийн хуулийн зөвлөх, хүний нөөцийн ажилтан О гэгч иргэн байгуулсан боловч тус төвд ийм ажилтан байхгүй. 

УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛЖ ТОМИЛДОГГҮЙ

Түүнчлэн зарим удирдах албан хаагчдыг сонгон шалгаруулалтгүйгээр томилсон байна. Удирдлагын зөвлөлийн гишүүдэд ур чадварын нэмэгдэл гэх 24.9 сая төгрөгийн хууль бус нэмэгдлийг энэ оны эхний хагас жилийн байдлаар олгоод байгаа юм байна. Жинхэнэ хүч ухаанаа гарган ажиллаж байгаа эмч, сувилагч нарт олгодоггүй. Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчиж, шаардлага хангаагүй олон зөвлөх ажиллуулснаар цалингийн зардалд мөн энэ оны эхний хагас жилийн байдлаар 22.4 сая төгрөг зарцуулжээ. 

70 ИРГЭН ДУНДАА НЭГ СУУЛТУУР БҮХИЙ НЭГ БИЕ ЗАСАХ ГАЗАР ХЭРЭГЛЭДЭГ

СЭМҮТ-ийн хэмжээнд амбулаторид зөвхөн нэг эмч сэтгэл заслын үзлэг оношилгоо хийдэг. Амбулаторийн сэтгэл заслын тусламж үйлчилгээний хүлээлэг 2025 оныг дуустал дүүрсэн. Үүнд ямар нэгэн зохицуулалтын арга хэмжээ аваагүй ажилласаар байна. 2024 болон энэ оны эхний хагас жилийн байдлаар эмнэлгийн нас баралтын 20 хувьд оношийн зөрөө гарсан. Удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн аюулгүй байдал болон хүний эрхийг ноцтойгоор зөрчих тохиолдол их гардаг. Хүний эрхийн комиссоос мэдүүлэг өгчихсөн байна. Учир нь хоол хүнсний хангамж, калорийн хэрэгцээг хангаж чаддаггүй. Үүнтэй холбоотойгоор сэтгэцийн эмгэг судлалын хоёрдугаар клиникт хэвтэн эмчлүүлж буй эмчлүүлэгчдийн 80 хувьд нь сүүлийн нэг сарын хугацаанд жингийн алдагдал дунджаар гурван кг байна.

Мөн түүнчлэн, мэргэжлийн эмнэлгийн стандартад насанд хүрэгчдийг хэвтүүлэн эмчлэх тасгийн бие засах газарт 10 эмэгтэй болон 15 эрэгтэй тутамд нэг суултуур байхаар заагдсан байдаг. Гэтэл Сэтгэцийн эмгэг судлалын тасгууд 53 ортой боловч нэг суултуур бүхий нэг бие засах газар дундаа хэрэглэдэг. Зарим үед энэ тоо 70-80 болж өсдөг. Учир нь, нэг орон дээр 2 хүн, зарим тохиолдолд газар хэвтүүлдэг байна.

Түүнээс гадна тус байгууллагад бэлгийн дарамтын асуудал байгаа талаар ажиглагсад мэдээлэл өгсөн. Энэ талаар ямар нэгэн тодорхой хариу арга хэмжээ авч, таслан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулаагүй байх жишээтэй. Эцэст нь дүгнэж хэлэхэд 500 сая буюу хагас тэрбум төгрөгийг олон жилийн турш өвдөж шаналсан иргэдээсээ, эмнэлгээсээ хулгайлсан энэ үйлдлийг иргэдийн мэдээллийн мөрөөр энэ оны эхээр тогтоон эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. 

Үүн дээр нэмээд, өнгөрсөн сард хийсэн шалгалтад мөн СЭМҮТ маш муу дүн авлаа. Тиймээс өнөөдөр СЭМҮТ-ийн удирдлагыг солиж байна. Хэдхэн дарга нартаа 25 сая орчим төгрөг зүгээр хуваагаад л тараачихдаг явдал байж болохгүй. Энэ бол ажилчдын урам зоригийг асар ихээр мохоож байгаа зүйл мөн. Дараа дараагийн шалгалтууд үргэлжилэн явагдана. 

Мөн уурын зуух ажиллуулж халаадаг ганцхан эмнэлэг Улаанбаатар хотод байгаа. Энэ эмнэлэг бол СЭМҮТ. Дээрээс нь бохироо хүртэл шууд жалга руу хаядаг байсан үе саяхан. Уг асуудлыг миний бие Эрүүл мэндийн сайдаар сонгогдсоныхоо дараа, СЭМҮТ-ийг бохирын шугамтай холбох ажлыг хийсэн. Одоо СЭМҮТ-ийг уурын зуух буюу түүхий нүүрс түлдэг байдлыг нь зогсоохоор ажиллаж байна. Урьдчилсан байдлаар газан халаагуур тавих ажил нийслэлд нэлээн идэвхтэй явж байгаа. 

УЛААНБУРХАНЫ ӨВЧЛӨЛИЙН ТОО 10 ДАХИН БУУРСАН

Би Эрүүл мэндийн сайд болоод 45 гаруй хонож байна. Бид вакцинжуулалтыг идэвхжүүлэх ажлыг явуулсны үр дүнд, наадамтай холбоотой улаанбурханы халдвар хоногтоо 500 гаруй гардаг байсан бол өнөөдөр 50 орчим болсон. Өвчлөлийн хэмжээ 10 дахин буурсан үзүүлэлттэй байна. Мөн хоёр хүүхэд эрчимт эмчилгээнд хэвтэн эмчлүүлж байна. Намайг ажлаа авахад 10 гаруй хүүхэд амьсгалын аппараттай байсан. 

Эрдэмтэд аравдугаар сар болон арваннэгдүгээр сард томуугийн улиралтай давхцаад улаанбурханы өвчлөлийн дэгдэлтийн хоёрдахь давлагаа гарах эрсдэл байгааг  анхааруулсан. Тийм учраас эцэг эхчүүдээ үр хүүхдээ вакцинжуулалтад хамруулаарай гэж ЭМЯ-наас зөвлөж байна. Бид ДЭМБ болон “UNICEF” хүүхдийн сангаар дамжуулж вакцинаа Энэтхэгийн “Серум” үйлдвэрээс авдаг. Энэ нь “GMP” шаардлага хангасан том үйлдвэрлэгч тул вакцинтай холбоотой ямар нэгэн гомдол эсвэл гаж урвал илэрсэн зүйл байхгүй. Монгол Улс хүйтэн хэлхээ буюу вакцинаа хөлдөөдөггүй халаадаггүй байдлаар тээвэрлэж авчирдаг учраас вакцины чанарт эргэлзэх зүйл байхгүй гэдгийг та бүхэнд хэлье гэлээ.

М.Намуун 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 66.181.180.167

Энэ чинь бүр цус үзье гэсэн сайд байна. Өөрөө мөрдөөд явдаг юм байхдаа.

Avatar

Irgedu 19 минутын өмнө 202.126.90.53

527000000 irredeemable butsaakh

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 103.229.122.118

СЭМҮТ-ийн асрагчид өвчтөнүүдийг байнга зодож, өвчтөнүүдээр цэвэрлэгээ хийлгэж, гар утас барихыг хориглож, бичихийг хориглож мөн өвчтөнүүдийн эмнэлгийн хоолыг дээрэмдэн иддэг юм. СЭМҮТ-ийн сувилагч нар өвчтнүүдийг хууль бус эм ба тарианы туршилтуудад хамруулаад байдаг.

Avatar

Хахаха 2 цагийн өмнө 202.9.41.17

Шонд өлгө, шоронд хатаа. Цус үзэх хэрэгтэй байна…

Avatar

Зочин 22 минутын өмнө 66.181.188.160

Хүчит шонхор зах дээр олгойтой цус зардаг нэгийг аваад уучих хө

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.57.93.93

өмнөх сайдтайгаа тэрсэлдэх ажиллагаа нь энэ юм болов уу гэж бодлоо, тэдний дунд шинэ залуу хүмүүс хохирох вий дээ.

Avatar

zochin 3 цагийн өмнө 202.9.41.78

Нээрээ тийм их мөнгө идсэнийг шууд олоод тогтоочихдог сайн сайд байна. ЭНЭ хүн бхад монголд шүүх, прокурорын хэрэг бгаа юм уу

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.55.191.130

Цагдаа шалгасан гэж байна. Чи идэлцсэн нөхдийн нэг үү?

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.168.8

Монгол Улс үнэхээр дээрээ ч тэр доороо ч тэр ялзарсны тод жишээ энэ. Зөвхөн энэ эмнэлэг ч биш төрийн байгууллага бүрт ийм заваан юмнууд байгаа. Тэгээд төсөв хүрэхгүй байна гээд баахан мөнгө тавиулаад иддэг

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.190.134

ЯМАР Ч УЧИРТАЙ ЮМ. БҮР ЭТНЭЭС НЬ УХАХ ХЭРЭГТЭЙ

Avatar

зочин 3 цагийн өмнө 103.168.34.6

ер нь төр хувийн хэвшил адилхан ёс зүйгүй байгаа шүү. харин эм тариа үнэхээр муу чанарын шаардлага хангахгүй бол өьчтөний ар гэрийн хүсэлтээр эм тариагаа авч өгч болно гэж боддог

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 103.57.94.143

Ганц энэ эмнэлэг бишээ, төрөөс цалин авч бгаа бүхэн ийм эрхүү маягаар л ажиллаж бгаа ш дээ !

Avatar

Э 4 цагийн өмнө 202.9.46.22

ингэжл ажил хийгээд бгаамдаа

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.126.88.205

Цалин цагтаа тавьж, эм хэрэгсэл, тог, халаал авах гэхээр Төр мөнгөгүй байсан үеийн, Зөв Менежмент байсан байх.

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 103.168.34.151

Энэ салбар ч эвгүй болсон юм биш үү , сайд минь ,

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 192.82.64.248

иргэд нь төлбөртэй тасагт хэвтээд, даатгалаас эмчилгээ үйлчилгээгээ аваад, хариуд нь төлсөн мөнгө байхаа, тэгхээр, эмнэлгээсээ хулгайлсан гэсэн үг

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 66.181.177.173

5–аас дээш жил гэхээр эрт эхэлсэн хулгай байх нь_ тэр үеийн даргыг шалгаач ээ

Avatar

Дарга 3 цагийн өмнө 66.181.188.193

шилдэг гэгдэх залуу бий дээ

Avatar

Нэргүй 32 минутын өмнө 66.181.190.75

Би 38 жил өвчтэй эгчийгээ харж асарч байна . Төр төлбөртэй ч хамаагүй эмнэлэг байгуулаад өгөөч .

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.126.91.169

өмнөх удирдлагын хулгайг шалгамаар байна л эрдэнэбаяр гэж хүний захирал байх үеийг шалгах ёстой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж