Бэлгийн замын заг хүйтэн өвчнөөс сэргийлэх вакциныг Их Британийн эмнэлгүүд Даваа гаригаас (2025.08.04) эхлэн санал болгож эхэлжээ. Эхний ээлжид ижил хүйстэн, бисексуал эрэгтэй, хэд хэдэн бэлгийн хамтрагчтай болон өмнө нь бэлгийн замын ямар нэгэн өвчний халдвар авч байсан хүмүүст санал болгох юм байна. Английн Үндэсний эрүүл мэндийн албаны (NHS) мэдээлснээр, бэлгийн замын халдварт өвчний тохиолдол нэмэгдэж байгаа энэ үед сайн дураар вакцинд хамрагдах нь эрсдэлийг бууруулна. Тухайлбал, заг хүйтний вакциныг хийж эхэлснээр тус улс анхдагч болж байгаа бөгөөд 100 мянга хүртэлх тохиолдлоос урьдчилан сэргийлж, дараагийн арван жилд "NHS" бараг 10 сая ам.доллар хэмнэх боломжтой гэж таамаглаж байна. Заг хүйтний эсрэг вакциныг Их Британид нэвтрүүлэх кампанит ажил өрнүүлсэн Терренс Хиггинс Траст хэлэхдээ, энэ нь бэлгийн эрүүл мэндэд маш том ялалт боллоо гэсэн юм.
Заг хүйтэн нь хамгаалалтгүй бэлгийн хавьтлаар дамждаг бактерийн халдвар юм. Халдварласан тохиолдолд өвдөлт, хэвийн бус ялгадас, бэлэг эрхтний үрэвсэл, үргүйдэл зэрэг шинж тэмдэг илэрдэг ч зарим тохиолдолд ямар ч шинж тэмдэг илрэхгүй байх аюултай.
Гэхдээ бэлгэвч ашиглах эсвэл сайн дураараа вакцинд хамрагдсанаар заг хүйтэн өвчнөөс сэргийлэх боломжтой. Их Британийн эрүүл мэндийн байгууллагынхан бэлгийн замын халдварт өвчний халдварын тоо ихсэж буйд санаа зовж байгаа юм. Гэхдээ 30-40 хувийн үр дүнтэй тус вакцинд хамрагдах нь антибиотикт тэсвэртэй тохиолдлын өсөлтийг удаашруулна гэж найдаж байна. "4CMenB" вакцин гэж нэрлэгддэг тус вакциныг нялх хүүхдэд менингит В-ээс урьдчилан сэргийлэх зорилгоор тарьдаг байна. Гэхдээ менингит В болон заг хүйтнийг үүсгэгч бактери нь хоорондоо нягт холбоотой тул бэлгийн замыг өвчнөөс сэргийлэхэд үр дүнтэй гэж үзэж байна.
Их Британи улсад 2023 онд заг хүйтний 85 мянган тохиолдол бүртгэгдсэн нь бараг тус өвчнийг 100 жилийн өмнө бүртгэж эхэлснээс хойш хамгийн өндөр тохиолдлын тоо болсон.
Тус өвчнөөр оношлогдсон Жон Нок "BBC"-д хэлэхдээ, бэлгийн замын халдварт өвчин нь биеийг нь султгаж байсан бөгөөд бүрэн тэнхээгүй болсон мэт сэтгэгдэл төрүүлж байсан аж. Тэрбээр хэлэхдээ, "Би эдгэрэхийн тулд ажлаасаа чөлөө авахаас өөр аргагүй болсон. Би энэ талаар найзуудтайгаа ярилцсан бөгөөд надад хамгийн хүнд, муу шинж тэмдгүүд нь илэрч байсан. Надад маш муухай байсан бөгөөд хоол ч идэж чадахгүй хэмжээний бүрэн ядарсан юм шиг л байсан" гэжээ.
Холбоотой мэдээ