Японы ерөнхий сайд Ишиба Шигэру өнгөрсөн сард хоёр улсын хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг автомашины тарифыг бууруулах зарлигт яаралтай гарын үсэг зурахыг уриалахын тулд чадах бүхнээ хийнэ гэж мэдэгдлээ.
Доод танхимын төсвийн хороо хоёр орны тарифын хэлэлцээр болон бусад асуудлыг өнөөдөр (2025.08.04) хэлэлцсэн бөгөөд Ишиба болон Японы тарифын дээд хэлэлцээч Аказава Рёсей нар оролцов. Ерөнхий сайд Ишиба хэлэхдээ, дэлхий дахинд илүү сайн зүйлийг санал болгохын тулд хоёр улс технологи, ажиллах хүч, хөрөнгөө нэгтгэнэ. Энэ нь "хож-хож" зарчмын дагуу байх болно гэж онцлон тэмдэглэсэн байна. Мөн зарим хэлэлцээг хэрэгжүүлэх нь хэцүү байх болно гэж санаа зовж байгаа ч үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхийг уриалжээ. Японы гол сөрөг хүчин болох Үндсэн хуульт ардчилсан намын дарга Нода Ёшихико хэлэхдээ, 2019 онд Япон-Америкийн худалдааны хэлэлцээрт зориулж баримт бичиг боловсруулсан ч үр дүнд нь хүчингүй болгосон. Үүнтэй адил Трампын засаг захиргаа саяхан байгуулсан хоёр талын хэлэлцээг бататгаж, баримт бичигт гарын үсэг зурахгүй бол "Японыг хойш татсаар байх болно" гэж мэдэгдсэн байна. Тус мэдэгдэлтэй Ишиба санал нэгдэж, АНУ-ын ерөнхийлөгч бол дүрмийг өөрчилдөг хүн гэж тодорхойлсон байна. Баримт бичгийг боловсруулах нь тарифыг бууруулахад саатал гарахад хүргэнэ гэдэгт санаа зовж байгаа гэдгээ тэрбээр мөн мэдэгдсэн байна.
Ишиба мөн Дэлхийн 2-р дайн дууссаны 80 жилийн ойд зориулан гаргах гэж буй илгээлтийнхээ талаар дурджээ. Дурсамж бүдгэрч, дайн дахин дэгдэхээс сэргийлэхийн тулд хэлэлцээ хийхдээ болгоомжтой байх ёстой гэсэн байна. Улмаар олон талын үзэл бодлыг тусгасан илүү сайн бодлого боловсруулна гэж Ишиба мэдэгджээ.
Холбоотой мэдээ