Цагдаагийн албаны тухай хуульд “Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий 5-7 хүний бүрэлдэхүүнтэй, иргэний төлөөлөл бүхий орон тооны бус Иргэний зөвлөл аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд байна” гэсэн заалт бий. Энэ хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 26-ний өдрийн 25/38 дугаартай тогтоолоор Иргэний зөвлөлийг 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр батлан үйл ажиллагаа явуулж байна.
Иргэний зөвлөлийн гишүүдийн эрх зүйн байдлыг “Цагдаагийн албаны тухай” хуулийн 62 дугаар зүйл, Иргэний зөвлөлийн дүрмээр тус тус зохицуулсан байдаг. Иргэний зөвлөл нь “Цагдаагийн албаны тухай” хуулийн 62 дугаар зүйлийн хүрээнд хараат бус ажиллаж, тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих үүрэгтэйгээр ажилладаг.
Иргэний зөвлөлийн 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа:
- Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албаны Олон нийтийн цагдаагийн 2025 оны эхний хагас жилийн тайлан, дүн мэдээ нэгтгэлтэй танилцан энэ оны эхний хагас жилийн цалин урамшууллыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шийдвэрлүүлэхээр уламжлан ажиллаж байна.
- Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний зөвлөл нь Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд 2024 оны Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны жилийн эцсийн тайлангийн хурлыг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр зохион байгуулсан. Цагдаагийн байгууллагуудын 2024 оны жилийн эцсийн тайлангийн нэгтгэсэн тайлангуудыг хүлээн авч зөвлөлийн гишүүд танилцсан бөгөөд Цагдаагийн байгууллагын өнгөрсөн оны үйл ажиллагааны талаар санал солилцож, 2025 онд үргэлжлүүлэн хийж гүйцэтгэх болон шинээр хийх ажлуудын саналыг солилцлоо.
- Иргэний зөвлөл нь Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, удирдлагууд, тэдгээрийн харъяа дүүргийн дарга, удирдлагуудтай уулзсан бөгөөд тэдний үйл ажиллагаа, нөхцөл байдлыг бодитоор харах зорилготой юм. Уулзалтын үр дүнд засаж сайжруулах, олон нийтийн цагдаагийн нийгмийн асуудал, хангамж, цалин хөлсний мэдээлэлтэй танилцах, цаашид хэрхэн хамтарч ажиллах чиглэлийг тодорхойлохыг зорьж, саналыг хэлэлцэн Нийслэлийн Цагдаагийн удирдах газартай 4 чиглэлээр хамтарч ажиллахаар болсон. Үүний хүрээнд:Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын хэрэг бүртгэгч нарын орон тоо энэ онд нэмэгдсэнтэй холбоотойгоор 25 ш компьютер, 1 ш принтерийг шийдвэрлэж өгсөн.
Алба хаагчдийг түрээслээд өмчлөх, орон сууцны хөнгөлттэй зээлд хамруулах зэрэг нийгэм, эдийн засгийн баталгааг хангах чиглэлээр дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажиллаж байна.
Гэмт хэрэг, зөрчлийн улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрхийг хангах чиглэлээр тодорхой төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах Хуулийн байгууллагатай хамтарсан судалгааны баг ажиллуулахаар төлөвлөж байна. - Нийслэлийн Цагдаагийн удирдах газар Олон нийтийн цагдаа нарын энэ оны I улирлын ажлын тайлангийн хурлыг 05 дугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа. Тайлангийн хуралд 141 олон нийтийн цагдаа оролцож, НЦУГ-ын НХЖХОНАБХХ-н дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөн улирлын ажлын тайланг танилцуулж, ажлын чанар, үр дүн, иргэдтэй зөв боловсон харилцах, хариуцсан хорооны нутаг дэвсгэрт эргүүлийг үр дүнтэй хийх, ажлын тайлан, дүн мэдээг бодитоор чанартай өгч байх талаар үүрэг чиглэл өгсөн. Тус хуралд оролцож НИТХ-ын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн "Иргэний зөвлөлийн гишүүдийг томилох" тухай 25/38 дугаар тогтоолоор томилогдсон Иргэний зөвлөлийн дарга, гишүүдийг танилцуулсан. Иргэний зөвлөл нь 2025 онд Цагдаагийн байгууллага болон хороо, нэгжид очиж ажиллах, иргэдтэй уулзалт, ярилцлага хийх, Олон нийтийн цагдаа нарын үйл ажиллагааг ажлын байран дээр нь танилцаж, үүрэг гүйцэтгэлтэд үнэлэлт, дүгнэлт өгч ажиллах тухай мэдээллийг өгч ажиллалаа.
- Хүний эрхийн үндэсний комиссоос 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Үндэсний номын сангийн хурлын танхимд зохион байгуулсан “Хүний эрхэд суурилсан цагдаагийн үйл ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэгт Нийслэлийн иргэний зөвлөлийн дарга Т.Мөнхнасан, зөвлөлийн гишүүд, Ажлын албаны ажилтан нар оролцсон. Хэлэлцүүлгийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК) зохион байгуулж, Монгол Улсын Их Хурал, Үндэсний Статистикийн хороо, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Цагдаагийн ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачид оролцсон бөгөөд уг хэлэлцүүлгийн зорилго нь Цагдаагийн байгууллагын хүний эрхэд суурилсан үйл ажиллагааны өнөөгийн байдал, олон нийтийн хандлага, иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа, цагдаагийн алба хаагчийн сургалтын бодлого, хөтөлбөрийг хэлэлцэн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, зөвлөмж боловсруулсан.
- Нийслэлийн иргэний зөвлөлийн гишүүд 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Багануур, Багахангай, Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсүүдийн үйл ажиллагаатай танилцаж, 2025 оны нэгдүгээр улирлын товч тайланг сонсож, Замын цагдаа, хорооны Хэсгийн байцаагч, цагдаа, Олон нийтийн цагдаа нартай уулзаж, санал, хүсэлтийг сонсох, нөхцөл байдалтай танилцах уулзалтуудыг зохион байгууллаа.
- Аялал жуулчлалын улиралд гадаадын жуулчид Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт ихээр аялж байгаатай холбогдуулан ярианы орчуулагч төхөөрөмж 5 ширхэгийг Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өглөө.
- Нийслэлийн 9 дүүргийн Цагдаагийн газар, хэлтсийн үйл ажиллагаа, тайлантай танилцах, Замын цагдаа, хорооны Хэсгийн байцаагч, цагдаа, Олон нийтийн цагдаа нартай уулзаж, санал хүсэлтийг сонсох, нөхцөл байдалтай танилцах уулзалтуудыг үргэлжлүүлэн зохион байгуулахаар ажиллаж байна.
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.189.231
муусайн новшнуудаа!! скүүтер, цахилгаан дугуй цэгцлэхгүй бгаа цагдаа нараа шаардаач