НӨАТ-ын буцаан олголтын 5 хувиас олох “50 хувийн ашиг”

НӨАТ-ын буцаан олголтын 5 хувиас олох “50 хувийн ашиг”

НӨАТ-ын буцаан олголтын 5 хувиас олох “50 хувийн ашиг”

Ерөнхий сайд Г.Занданшатар хоёр сайн мэдээ дуулгасны нэг нь НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох санаачилга гаргаж, хэрэгжүүлэхээр болсон тухай байлаа. Тэрбээр УИХ-ын даргаар ажиллаж байхдаа 2023 оны аравдугаар сард энэ санаачилгыг анх гаргаж, D-Parliament цахим системээр иргэдийн цахим өргөдлийг хүлээн авахад зургаа хоног хүрэхгүй хугацаанд 105 мянга гаруй иргэн дэмжиж, ДАН системээр гарын үсэг зурж байв. Энэ нь Монгол Улсын парламентын түүхэнд иргэд анх удаа төрийн хэрэгт цахимаар, шууд бодитой оролцсон тохиолдол болсон юм. НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох санаачилга иргэдийн дэмжлэгийг авсан ч эдийн засгийн нөхцөл байдлаас болоод парламентын босго давж амжаагүй.

Тухайн үед эдийн засагчид НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгон нэмэгдүүлэхийг дэмжиж, байр сууриа илэрхийлж байв. Эдүгээ МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж буй, эдийн засагч Б.Лхагважав “НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэх ёстой. Одоо иргэдэд НӨАТ-ын 20 хувь буюу орлогын хоёр хувийг нь буцаан олгодог. Үүнийг 30, 40, 50, 60 хувь болгон өсгөж, ялгавартай өгч болно. НӨАТ-ын буцаалтуудын хамгийн гол оньс нь хар мөнгийг давхар илрүүлдэг. Газрын наймаа, авлигыг илрүүлье гэвэл тэнд нь НӨАТ-ыг 100 хувь буцаагаад өгчих хэрэгтэй” гэж байжээ. “CEO” клубын ерөнхийлөгч Б.Гантулга, эдийн засагч, профессор Л.Оюун зэрэг эдийн засагч, судлаачид дээрхтэй адил байр суурь илэрхийлж байсан юм.

Энэ удаа Ерөнхий сайд Г.Занданшатар НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох санаачилга дахин гаргаж, үе шаттайгаар ажил хэрэг болгоно гэлээ. Хэрэгжих боломж, нөхцөл, гарах үр дүнг нь мэдээж тооцсон байх. Юутай ч 2024 оны НӨАТ-ын нийт дүн 1.1 их наяд төгрөг байв. Энэ оны эхний хагас жилийн НӨАТ-ын дүн нэг их наяд, 80 тэрбум 300 сая төгрөг байгаа аж. Эдийн засагчдын хэлж байгаагаар улсын төсөвт гэнэтийн ачаалал үзүүлэхгүйгээр НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгон нэмэгдүүлэх боломжтой. Төсвийн орлого буурахгүй гэсэн үг. Харин бизнес эрхлэгчдийн орлогын бүртгэлжилт сайжирснаар урт хугацаанд төсвийн орлого бүрдүүлэлт нэмэгдэнэ гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл татвараас зугтсан нь хождог, төлсөн нь хохирдог гаж буруу тогтолцоо арилна. Товчхондоо бол НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгон нэмэгдүүлснээр “50 хувийн ашиг” олох боломж бий.

Тухайлбал, өнөөдөр иргэн бүрийн нүдэн дээр ил болсон НӨАТ-тай холбоотой нэг асуудал бол аль ч дэлгүүр, худалдааны байгууллагуудаас бараа худалдан авахад НӨАТ-ын 10 хувиар наймаалцаж байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл, бараа авахад НӨАТ-тай авах уу, НӨАТ-гүй авах уу гэж асуудаг, хэрвээ НӨАТ-гүй авъя гэвэл И-баримт өгөхгүйгээр үйлчилдэг, тухайн аж ахуйн нэгж ингэж орлогоо нуудаг. Иргэд хууль зөрчиж байгаагаа мэддэг ч 2 хувийн буцаан олголтоос 10 хувийн НӨАТ төлөхгүй байхыг илүүд үздэг. Тэгвэл НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгож нэмэгдүүлснээр иргэдийн И-баримт авах, түүнийгээ системд бүртгүүлэх сэдэл нэмэгдэж, тэр хэрээр далд эдийн засаг ил болно.

Улаанбаатар хотын 15 худалдааны төвийн 279 цэгээс авсан тандан судалгаанаас үзэхэд худалдаа эрхлэгчдийн 53.0 хувь нь И-баримт өгдөг байна. Тэгэхдээ И-баримтыг зөвхөн иргэд шаардсан тохиолдолд, эсвэл үнийн дүн өндөртэй бараанд л ихэвчлэн өгч байгаа нь тогтоогдсон. Тэднээс асуулга асууж ярилцахад сүүлийн үед НӨАТ-ын буцаан олголттой холбоотойгоор иргэд баримт шаардах явдал нэмэгдсэн учир И-баримтын олголт нэмэгдэж байгаа гэж ярьсан байна. Эндээс харахад НӨАТ-ын 2 хувийн буцаан олголт иргэдийн санхүүгийн боловсрол дээшлэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа аж. Тиймээс НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувьд хүргэвэл далд эдийн засгийг ил бодит боломж харагдаж байна.

Дэлхийн банк, ОУВС, Монголбанкны судлаачдын хийсэн судалгаагаар далд эдийн засгийн хэмжээ 16.5-22.5 хувь байна гэсэн дүн гарсан. Харин МҮХАҮТ-аас энэ оны хоёрдугаар сард гаргасан судалгаагаар Монгол Улсад сүүлийн 15 жилийн хугацаанд ДНБ-ий 21 орчим хувьтай тэнцэх хэмжээний далд эдийн засаг байна. Энэ нь ДНБ-ий 5.2 орчим хувьтай тэнцэх татварын орлогын алдагдлыг үүсгэж байна гэж тооцоолжээ. Далд эдийн засгийн хэмжээ ийнхүү өндөр байх нь шударга татвар төлөгч бизнес эрхлэгч аж ахуйн нэгж болон хувь хүмүүсийн татварын дарамтыг нэмэгдүүлдэг. Мөн татварын тогтолцоо болон эдийн засгийн тогтвортой байдалд сөрөг нөлөөг үзүүлсээр байгаа. Тиймээс, далд эдийн засгийг бууруулах, татварын орчныг сайжруулах, шударга татвар төлөгчдийг дэмжих замаар эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр бодитой алхмууд хийх шаардлага бий. Үүний нэг нь НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгон нэмэгдүүлэх шийдэл юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 1 минутын өмнө 66.181.189.18

МАН далд эдийн засгийг ил болгох талд хуруугаа хөдөлгөхгүй байгаа!!! Нарантуул, 100- айл, Авто худалдааны захууд бол их наядын татвраас бултдаг аймшигтай далд эдийн засаг!!! даанч МАН – мафиууд өөрсдөө эдгээр захуудаас хахууль авч суудаг гэсэн!!!

Avatar

Нэргүй 31 минутын өмнө 66.181.186.169

Үнээ 10%-иар бууруулах уу, 5%-ийн буцаалт дараа улиралд авах уу гэвэл хүмүүс үнээ 10%-иар бууруулж авахыг л сонгоно. Тэгэхээр одоогийн 2%-ийг 5% болгоход далд эдийн засгийг ил болгох тал дээр дорвитой өөрчлөлт гарахгүй. Хүмүүсийн ибаримтаар авдаг байсан дүн л өснө. Харин 10%-ийг бүгдийг нь буцаадаг болговол далд эдийн засаг ил болж эхлэх байх даа.

Avatar

Зочин 50 минутын өмнө 202.70.43.234

НӨАТ буцаалт 5% болох нь бизнес эрхлэгчидэд улам их дарамт болно. Харин нийт төлөх НӨАТ-аа 5 хувь болговол хүн бүр төлдөг болно. Энэ НӨТ санаачилагч Лхагважав нодлин ерөнхийлөгчтэй хамт бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчидын төлөөлөлтэй гадаадад айлчилал хийж явж ирээд ярьсан бсан да. Сүүлийн жилүүдэд Бизнес эрхлэгчидийн нүдэнд нь гуниг хурчихсан дарөмт ихтэй, өрнөөс өрний хооронд явж бгаа нь илт мэдэгдэж бсан гэж. Улс орон үйлдвэр эрхлэгчид, бизнесмэнүүдээ дэмжиж байж хөгжинө шүү. Амжилт

Avatar

Зочин 51 минутын өмнө 146.70.250.29

Мэдэхгүй юм даа… ингэсэн ч гэсэн надад нөат-өө хасуулаад нь дээр санагдаж байна. Угаасаа эдийн засаг ямар байгаа билээ? Зардлаа чадхаараа л танах хэрэгтэй болж байна. 10% хямд бараа авах уу? Илүү төлснийхөө 5%-г авах уу?

Avatar

Нэргүй 57 минутын өмнө 202.21.126.109

сугалаа гэгч луйварийг зогсоох хэрэгтэй ард олны хүсэлтээр сугалаа явуулж байна гэдэг шал худлаа сугалаа хүссэн хүн ганц ч байхгүй

Avatar

Нэргүй 57 минутын өмнө 14.1.81.53

зүгээр 10 хувиа буцааж авмаар байна юу 2 хувь 5 хувь сугалаа нтр вэ ?

Avatar

зочин 1 цагийн өмнө 103.119.92.1

Компаниуд дэргэдээ банк бустай жижиг зээлээр эргэдэг гэдэг ч цаанааа маш их мөнгө хүүлж байгааг харах хэрэгтэй тухайлбал Барс г м

Avatar

insurgent 1 цагийн өмнө 135.148.55.132

busdiin tulsun tatwariig neg hun n azaar awaad bgaan shudraga bus uildel shu. butsaan olgoltoo undur bolgood bugdeeree ijil tuldug bolson ndeer. erunhii saidiig demjiij bn

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.126.89.99

уг нь нөат-ыг 5% болгоод бүгд төлдөг болчихвол илүү сайн хувилбар шүү дээ. бүгд төлөхгүй байх цоорхой байвал утга нь алдагдана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж