Их Британийн засгийн газар Газын зурваст байх хүнд шархадсан эсвэл өвчтэй хүүхдүүдийг үнэ төлбөргүй улсдаа авчрах төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэхээр бэлтгэж байна. Энэ нь тусламж хэрэгтэй байгаа хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх зорилготой бөгөөд ирэх хэдэн долоо хоногийн дотор хэрэгжиж эхэлнэ.
"The Sunday Times"-ийн засгийн газрын эх сурвалжаас иш татан мэдээлснээр, эхний ээлжид 300 гаруй хүүхдийг авчирч, үнэ төлбөргүй эмчилгээнд хамруулна.
Хүүхэд тус бүр эцэг эх, асран хамгаалагчийн хамт Их Британид ирэх бөгөөд хилийн шалган нэвтрүүлэх дээр биометр болон аюулгүй байдлын шалгалт хийх юм байна. Өдийг хүртэл тус улсын засгийн газар Газын зурвасаас нэг ч хүүхэд авчирч байгаагүй ч аврах ажиллагаа явуулж эхлэх гэж буйд мэргэжилтнүүд сайнаар хүлээж авчээ. Өмнө нь тус улсын "Project Pure Hope" зэрэг сайн дурын байгууллагууд л Газын зурвасаас цөөн тооны хүүхдийг Их Британид авчирч, эмчилж байжээ.
Сайн дурын байгууллагаар дамжуулан Их Британид ирсэн хүүхдүүдээс дурдвал, өнгөрсөн долоо хоногт ирсэн 15 настай Мажд аль-Шагноби гэх хүү юм. Тэрбээр Израилийн танкны сумд оногдож, нүүр нь хүнд гэмтсэн байв. Мажд аль-Шагноби нь Газын зурвасаас Их Британид ирсэн анхны хүүхэд бөгөөд Лондон дахь "Great Ormond Street" эмнэлэгт нүүр сэргээх мэс засал хийлгэнэ. Түүнийг авчрах болон эмчилгээний зардлыг "Project Pure Hope" дааж авсан бөгөөд АНУ-ын "Kinder Relief" ТББ зохион байгуулах ажлыг гүйцэтгэсэн байна. Мөн 13 настай Рама, 5 настай Гена гэх хоёр охин Египетээр дамжин Лондонд хүргэгдэж, хувийн хөрөнгөөр эмчлүүлж байна. Гена зүүн нүдэндээ даралт бууруулах лазер мэс засал хийлгэсэн. Рама гэдэсний ноцтой өвчний судалгаа, мэс засал хийлгэсэн. Эцэг эх нь охидоо сайн эдгэж байгаа гэжээ.
Хэдийгээр дэлхийн бусад улс орон Газын зурваст чадах чинээгээрээ тусламж үзүүлж байгаа ч нөхцөл байдал хүнд хэвээр байна. НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдээлснээр, 2023 оны аравдугаар сараас хойш Газад дайны улмаас 50 мянга гаруй хүүхэд амиа алдаж, шархадсан байна. Израиль бүх хүнс, эмнэлгийн тусламжийг хориглосноос болж Газад өлсгөлөн, халдварт өвчин газар авчээ.
Газын эрүүл мэндийн яамны мэдээлснээр, 175 хүн, түүнээс 93 хүүхэд цус багадалт, өлсгөлөнгийн улмаас нас барсан байна.
Их Британи улсын хувьд өмнө нь бүс нутгийн эмнэлгүүдэд шархадсан Газын иргэдийг эмчлэхэд санхүүжилт олгож байсан. Мөн Йордан улстай хамтран агаарын замаар тусламж хүргэж байжээ. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Их Британийн ерөнхий сайд Кир Стармер тусламжийг хурдасгах ёстой гэж мэдэгдсэн. Мөн Израиль Газын нөхцөл байдлыг сайжруулах алхам хийхгүй бол есдүгээр сард Палестиныг улс хэмээн хүлээн зөвшөөрнө гэж онцлон тэмдэглэсэн байна. Уг мэдэгдлийг Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху эсэргүүцэж, “терроризмыг урамшуулж байна” гэж буруутгажээ.
Нэргүй 1 цагийн өмнө 112.72.6.235
Их Британи гэдэг нэртэй улс байхгүй