Цахим спортын "CS2" төрлийн "IEM Cologne 2025" тэмцээн тун дуулиан шуугиантай үргэлжилж байна. Өчигдөр/2025.08.02/ хагас шигшээ шатанд учраа таарсан "MOUZ" болон "Vitality" багуудын тоглолтод "MOUZ" ялж, гранд финалд шалгарав.
Энэ онд оролцсон тэмцээн бүртээ түрүүлж, бараг л ялагдал гээчийг амсаагүй явсан "Vitality" эцэст нь ялагдаж, шуугиан тарив. Тэд угтаа "MOUZ"-ийг долоон тоглолтод дараалан ялсан үзүүлэлттэй байлаа.
Тоглолтын дараа "Vitality"-ийн ахлагч Дан Мадесклер буюу "apEX" дараах зүйлсийг ярьжээ.
BO3 буюу гурван ээлжийн тоглотод хожигдолгүй 37 дараалан ялсан амжилт нь зогссон талаар: "Өөрсдөөсөө болж хожигдсондоо гуинигтай байна. Үнэхээр тааруу тоглолоо. Мэдээж MOUZ илүү тоглосон. Гэхдээ бид өөрсдөө муу байлаа. Ийм л зүйл боллоо. Дараагийн тэмцээн биднийг хүлээж байна. Түүндээ илүү сайн бэлдэх хэрэгтэй байна. Учир нь бүх багууд л биднийг онилж байгаа. Тиймээс л улам шаргуу бэлдэх хэрэгтэй. Өнөөдрийн хувьд бид хожил хүртэх эрхгүй байсан."
"MOUZ"-д хожигдсон талаар: "Mirage дээр бидэнд хожих боломж байсан. Биднээс төдийлөн гардаггүй флашаа мартах гэх мэт жижиг алдаанууд их гаргалаа. Манай багийн одоогийн бүрэлдэхүүний түүхэн дэх хамгийн муу тоглосон мап саяны Mirage байсан. Ямар ч эргэлзээ байхгүй. Train дээр хоёр дахь раунд биднийг сүйрүүлчихсэн. Бид ч муу тоглож, тэд ч биднийг шийтгэлээ. Хожигдох ёсгүй раунддаа хожигдвол цувралд хожигддог жамтай."
Юун дээр алдсан бэ?: "Бидний тоглолт, хоорондын харилцаа, бие биедээ тусалдаг тэр бүхэн өнөөдөр байсангүй. Ийм өндөр түвшинд, ийм шилдэг тамирчидтай хамт тоглож байгаа ч энгийн зүйлсээ хийж чадахгүй бол хожихгүй шүү дээ."
MOUZ-ийн талаар: "Би уг нь энд дараалан түрүүлэхийг хүссэн юм. Өнөөдөр биднээс юу ч бүтсэнгүй. MOUZ хожилд биднээс илүү шуналаа. Хоорондын харилцаа, ер нь бүх зүйл дээр. Тэднээс гал цог мэдрэгдэж байлаа. Тоглолтоо дахиад үзсэн ч тэр гал цогийг мэдэрч болно. Мэдээж нэг багтаа долоо дараалан хожигдвол хэнд ч таатай байхгүй. Бидэнд ч гал цогтой үе байсан. Өнөөдөр бидний гал өөр газар байлаа. Манай фэнүүд өнөөдөр энд байсан учир жаахан гунигтай байна.
Vitality-ийн түрүүлэх эрмэлзэл дахин төрөх эсэх талаар: "Үнэн гэвэл хэн ч мэдэхгүй. Бидний өнгөрсөн зургаан сарын турш үзүүлсэн амжилтыг хэн ч гаргаагүй. Хүн л болсон хойно уруудах үе тохионо. Дахиад тэгж их эрмэлзэлтэй байх эсэхээ мэдэхгүй байна. Хэрэв бид хүсвэл өөрсдийгөө нэг сайн алгадаж аваад үргэлжлүүлнэ. Өнөөдөр үнэхээр хангалтгүй байлаа.
MOUZ vs Spirit тоглолтын талаар: "Миний хувьд MOUZ-г энэ эрчээрээ тогловол тэднийг хожно гэдэг хэцүү байх болов уу гэж бодож байна. Хүмүүс тэднийг өнөөдөр сайн тоглолоо гэж бодож байгаа байх. Харин би тэднийг сайн тоглолтоо гаргаагүй гэж бодож байгаа. Хэрэв тэд тоглолтоо нэг шат ахиулж чадвал түрүүлэх боломж бий. Хэрэв чадахгүй бол тоглолт ч хүнд байх болно."
Холбоотой мэдээ