News.mn сайтын сурвалжлах баг Германы Кёльн хотоос "IEM Cologne 2025" тэмцээнийг албан ёсны эрхтэйгээр сурвалжилж байна. Та бүхэн энд дарж, манай инстаграм хуудсанд нэгдсэнээр тэмцээний талаарх мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авах боломжтой.
Плей-оффын хагас шигшээ шатны тоглолтууд өчигдөр/2025.08.02/ болж, гранд финалд тоглох хоёр багийн нэр тодорлоо.
SPIRIT 2 – 1 NAVI
Эхний тоглолт Орос болон Украины багуудын хооронд өрнөсөн. Оросын "Spirit" ч "donk" хүүгийн эрин үед "NaVi"-д бараг л хожигдоогүй байв. Үүнийгээ ч өчигдөр дахин харуулах шиг өрсөлдөгчөө 2-1 гэсэн харьцаатай буулган авчээ. Эхний мап "Mirage" дээр "NaVi"-д хожих боломж байсан ч "donk"-ийг зогсоож дийлсэнгүй.
Харин "Nuke" дээр "NaVi" өрсөлдөгчдөө боломж олгоогүй. Мапын эхнээс илт илүүрхэж, тэргүүллээ хадгалсаар төгсгөж чадсан. Ийнхүү мапын харьцаа 1-1 болж, шийдвэрлэх "Ancient" мап руу тоглолт шилжив.
"Nuke" дээр ширүүхэн гөвүүлсэн "Spirit" шийдвэрлэх мап дээр хариугаа чангахан авч, 13-6 гэж хожжээ. Тэд анх удаа "IEM Cologne"-ийн финалд шалгарч байгаа нь энэ. Мэдээж тоглолтын шилдгээр "donk" тодорсон.
Тоглолтын дараа "NaVi"-ийн ахлагч "Aleksib" ярихдаа "Ерөнхийдөө сэтгэл дундуур байна. Бид тэднийг сайн шахаж, тоглолтыг нь гаргуулахгүй байхыг хүссэн. Гэхдээ Ancient эхлэхэд бид зөв зүйлс хийж чадсангүй. Тэд ч тоглолтыг бүрэн удирдлаа. Тоглолтын дараа хамгийн хүндээр бодогдож буй зүйл бол бид Mirage дээр хожиж чадсангүй. Бид 7-1 гэж тэргүүлж байлаа. СТ талаасаа тун муу тоглолоо. Ийм л зүйл боллоо" гэжээ.
MOUZ 2 – 0 VITALITY
Удаах тоглолт "MOUZ" болон "Vitality" багуудын хооронд болов. Хоёр багийн сүүлийн долоон учраанд "Vitality" бүрэн илүүрхэж, 7-0 гэсэн амжилттай байлаа. Энэ ч утгаараа тэднийг дахин хожно гэх хүлээлт байсан. Гэтэл "MOUZ" тун сайн бэлдсэн гэдгээ харуулав.
Тэд эхний "Mirage" мап дээр СТ талаасаа бараг л төгс гэмээр тоглож, 13-9-өөр ялалт байгуулсан. Энэ мап дээр "Vitality"-ийн супер од "ZywOo" маш муу тоглож, бараа сураг нь бараг л харагдсангүй. Харин "ropz" багаа чирч, раундын зөрүүг ойрхон барьж байлаа.
Хоёр дахь "Train" мап дээр ч "ropz" хийдгээ хийж, "ZywOo"-г тоглолтод оруулахыг хүссэн. Францын баг сайн эхлэлийг тавьсан ч хоёр дахь раундаа алдан хэмнэлээ хадгалж чадсангүй. "MOUZ" тэднийг мапын бүх талд илүүрхэж, сум бүр нь өрсөлдөгчийнхөө амин цэгт тусч байлаа. "ZywOo"-ийн тааруу тоглолтын хажуугаар "flameZ" ч бүх үзүүлэлтээрээ хомоол хамж, фэнүүдээ гонсойлгов.
Ийнхүү "Train" дээр 13-8-аар "MOUZ" хожиж, нийлбэр дүн 2-0 гэсэн харьцаагаар финалд шалгарлаа. "Vitality"-ийн BO3 буюу цуврал гурван тоглолтод 37 дараалан ялаад байсан амжилт энд хүрээд зогсчээ.
Тоглолтын дараа "MOUZ"-ийн "torzsi" ярихдаа "Ажил дуусаагүй байна. Үүнийгээ бид нар мэдэж байгаа. Маргаашдаа бэлдэж, төвлөрөх хэрэгтэй байна" гэв. Харин "Spirit"-ийн эсрэг тоглох талаараа "Одоо бол бидний өшөө авах цаг. Бид үргэлж Spirit-тай ширүүн өрсөлдөөнийг үзүүлдэг. Энэ ялалт бидэнд маргаашийн тоглолтын урам зоригийг өглөө" гэжээ.
Холбоотой мэдээ