Дэлхийн хамгийн том зэсийн уурхайд тооцогдох Чили улсад байдаг уурхайд нуранги үүсч, хоёр хүн амиа алдсан байна. Уурхайн оператор Codelco компанийн мэдэгдсэнээр, уурхайн гүнд байсан таван ажилчныг хайж байх үед нэг цогцос олдсон байна. Тодруулбал, Сантьягогоос 100 км гаруй зайд орших Эль Тьененте уурхайд Бямба гаригт (2025.08.02) нуранги үүссэн. Уурхайн операторын зүгээс цогцос хэн болох талаар тодорхой мэдээлэл зарлаагүй байна. Харин уурхайн ерөнхий менежер Андрес Мусик мэдэгдэхдээ, энэ мэдээлэл уурхайчдын гэр бүл болон нийт уурхайн хамт олны хувьд сэтгэл өвтгөм явдал болсон гэв. Тэрбээр хэлэхдээ, "Цогцос олдсон явдал нь биднийг гунигт автуулж байгаа ч бид зөв газраа хайж байгаа гэдгийг баталлаа. Манай аврах ажиллагаа зөв чиглэлд явж байна" гэсэн бөгөөд аврах ажиллагаа үргэлжилнэ гэжээ.
Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр,100 гаруй хүн аврах ажиллагаанд оролцож байгаа бөгөөд осол болох үед уурхайчид 900 метрийн гүнд ажиллаж байсан.
Нурангийн улмаас нэг ажилчин газар дээрээ амь насаа алдаж, уурхайн үйл ажиллагаа зогссон юм. "Codelco" компанийн ерөнхийлөгч Максимо Пачеко хэлэхдээ “Бид таван уурхайчныг аврахын төлөө боломжтой бүх зүйлийг хийж байна. Манай мэдлэг, туршлага, хүч чадал бүгд энэ ажилд зориулагдаж байна” гэжээ.
Чилийн уул уурхайн сайд Аурора Вильямс уурхайн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан байна. Эль Тьененте уурхай нь 1900-аад оны эхээр ашиглалтад орсон бөгөөд нийт 4,500 км урт хонгил бүхий аварга том. Өнгөрсөн онд тус уурхай 356 мянган тонн зэс үйлдвэрлэсэн нь Чилийн нийт үйлдвэрлэлийн 7 хувийг бүрдүүлжээ. Нуранга пүрэв гаригийн үдээс хойш болсон ба эл өдөр 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн. Уг чичиргээ нь байгалийн шалтгаантай эсвэл өрөмдлөгөөс болсон эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Андрес Мусик хэлэхдээ, “Энэ бол сүүлийн хэдэн арван жилд Эль Тьенентед гарсан хамгийн том ослын нэг юм” гэжээ.
Аврах багт 2010 онд Атакамагийн цөлд 33 уурхайчныг хоёр сарын дараа амжилттай аварч байсан хүмүүс оролцож байна.
Чили бол дэлхийн хамгийн их зэс үйлдвэрлэгч улс бөгөөд 2024 онд 5.3 сая тонн зэс буюу дэлхийн нийт үйлдвэрлэлийн 25 хувийг хангажээ. Тус улсын уул уурхайн салбар нь хамгийн аюулгүйд тооцогддог, 2024 онд нас баралтын түвшин ердөө 0.02 хувь байв. Гэвч тус улс Номхон далайг тойрсон газар хөдлөлт ихтэй “Галт цагариг” хэмээх бүсэд оршдог тул газар хөдлөлт их тохиолддог байна.
Ингээсэй 9 цагийн өмнө 202.9.47.47
Гудасны Оюу-Толгой ингээсэй!