Лондон болон Ньюкасл хотод цагаачдыг байрлуулж буй зочид буудлын гадна эсэргүүцлийн жагсаал болж байна. Мөн уг жагсаалын эсрэг дахин өөр жагсаал болж, хоёр өөр үзэл баримтлалтай жагсагчид мөргөлдсөн байна. Үүний улмаас цагдаагийн байгууллага зарим жагсагчдыг баривчлахаас өөр аргагүйд хүрсэн байна. Тухайлбал, Лондон хотын Ислингтон дүүрэгт байрлах "Thistle City Barbican" зочид буудлын гадаа хоёр өөр байр суурьтай бүлгүүд жагсаал хийж буй. Учир нь тухайн зочид буудлыг эх оронд нь эмх замбараагүй байдал үүссэний улмаас дүрвэсэн цагаачид түр орогнож байгаа юм. Уг арга хэмжээг эсэргүүцэгчид зочид буудлын гадна цугларч, лоозон барьж, цагаачдыг хүлээн авахгүй гэж хашхирч байна.
Тэдний дунд "Манай гудамжнаас эд нарыг зайлуул" гэж орилсон хүн ч бий.
Үүний зэрэгцээ, "Stand Up To Racism", "Finsbury Park Mosque", "Islington Labour Party" зэрэг хүний эрхийн байгууллагууд цагаачдыг орогнуулахыг дэмжиж буйгаа илэрхийлэн жагсаж байна. Их Британийн Лейборист намын дарга асан Жереми Корбини мөн адил цагаачдыг дэмжиж буй жагсаалд гар бие оролцож байгаа юм. Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр, тухайн хоёр жагсаал үргэлжилж байх үед зочид буудлын дотор байх хүмүүс, тэр дундаа цагаачид цонхоор жагсаалыг харж, зарим нь даллаж, үнсэлт илгээж байжээ.
Цагдаагийн байгууллагаас мөргөлдөөн гарч, хурцадмал байдал үүсгэхгүйн тулд дүрэм тогтоох болсон байна.
Мөн тухайн хоёр жагсаалыг нэг газарт цуглуулахгүйн тулд хязгаарлалт тавьж эхэлжээ. Одоогийн байдлаар эдгээр дүрмийг зөрчиж, хэрүүл, тэмцэл гаргасан есөн хүнийг баривчлаад байна. Түүнчлэн багтай эсэргүүцэгчид зам хааж, хязгаарлалт тавьсны дараа цагдаа нарын эсрэг хүч хэрэглэсэн тохиолдол гарсан.
Зочид буудлын эсрэг жагсаалыг “Thistle Barbican needs to go – locals say no” нэртэй орон нутгийн бүлэг зохион байгуулсан. Гэвч цагдаа нарын мэдээлснээр, уг жагсаалд “Patriots of Britain” болон “Together for the Children” гэх өөр бүлгүүд нэгдсэн байна. Харин эсрэг жагсаалд оролцогчид мэдэгдэхдээ, цагаачид өөрсдийгөө аюулгүй, тав тухтай мэдрэх ёстой гэж уриалж байна.
Ньюкасл хот дахь "New Bridge Hotel"-ийн гадна ч мөн адил хоёр өөр жагсаал болсон. Харин Суррей мужийн "Stanwell" зочид буудлын гадаа гал асаагч шидсэн нэг хүнийг цагдаа нар баривчилжээ. Өмнөх өдөр мөн нэг хүнийг хүчирхийлэл үйлдэхээр хуйвалдсан хэрэгт сэжиглэн саатуулсан байна. Цагдаагийн дарга Клэр Хэйнс хэлэхдээ “Бид олон талын үзэл бодол байгааг ойлгож байна. Жагсаал тайван явагдахад дэмжлэг үзүүлнэ. Харин хууль зөрчсөн тохиолдолд арга хэмжээ авна” гэжээ.
Нэргүй 1 минутын өмнө 185.220.101.107
Гоё гоё!