Цахим спортын "CS" төрлийн хамгийн нэр хүндтэй, олон жилийн түүхтэй тэмцээнүүдийн нэг болох "IEM Cologne" тэмцээний энэ жилийн плей-оффын тоглолтууд Германы Кёльн хотын "LANXESS" аренад өчигдөр/2025.08.01/ эхэллээ.
Дэлхийн шилдэг 24 багтай эхэлсэн энэ удаагийн тэмцээний плей-оффын шатанд зургаан баг шалгарсан. Үүнд Монголын "The MongolZ" баг багтав. Тэд өчигдөр плей-оффын эхний шатны тоглолтоо Украины "NaVi" багийн эсрэг хийж, 0-2 гэсэн харьцаатай ялагдал хүлээлээ. Угтаа хоёр багийн сүүлийн таарсан учраанд Монголын баг 2-0 гэсэн харьцаатай хожсон байв. Гэвч энэ удаад бүрэлдэхүүндээ багахан өөрчлөлтийг хийсэн "NaVi" хариугаа авчээ.
Эхний мап "Inferno" дээр тоглоход "The MongolZ" илт илүүрхэж, 10-4 гэж тэргүүлж байсан ч ялалтаа баталгаажуулж чадсангүй. Гурван нэмэлт цаг гарсны эцэст "NaVi" эхний мап дээр хожсон. Удаах "Ancient" мап дээр ч "NaVi" тоглолтын эхнээс илүүрхэж, "The MongolZ"-д эргэн ирэх боломж өгөхгүй явсаар 13-6 гэж хожсоноор хагас шигшээ шатанда шалгарав.
Өнөөдөр 21:45 минутаас "Spirit" болон "NaVi" гэсэн багууд гранд финалд шалгарахын төлөө хоорондоо өрсөлдөнө.
Тоглолтын дараа "NaVi"-ийн ахлагч "Aleksib" ярихдаа "Бидний эхний алхам бол плей-оффд орох байсан. Харин одоо 2-0 гэж хожлоо. Ингээд Spirit-тай тоглохоор боллоо. Тэд өнгөрсөн улирал бидний криптонит/Суперменийг хүч чадалгүй, сул дорой болгодог чулуу/ байсан. Маргааш бүхнээ дайчлах болно. Өөрсдийгөө бэлдэж, шилдэг тоглолтоо гаргана" гэжээ.
"The MongolZ" багийн дараагийн тэмцээн нь наймдугаар сарын 5-нд онлайнаар эхлэх "BLAST Bounty 2025" тэмцээний хоёрдугаар улирал.
Дараагийн тоглолт Бразилын "FURIA" болон Германы "MOUZ" багуудын хооронд өрнөсөн. Гурван мап гарсан ширүүхэн өрсөлдөөний эцэст "MOUZ" сүүлийн мөчид раундын зөрүүг арилгаж, хожсон юм. Бразилын багт хожих бүрэн дүүрэн боломж байсан ч "MOUZ"-ийн туршлагатай тоглогчид амар бууж өгсөнгүй.
Бразилын багт тоглож буй казахстан хүү "molodoy" шилдэг тоглогч болох бололцоотой гэдгээ харуулж, "MOUZ"-ийн эсрэг гайхалтай байлаа. Харамсалтай нь ялалт тэдний талд байсангүй.
"MOUZ"-ийн гол хүн "Jimpphat" түүний талаар ярихдаа "Тэр тун сайн байгаа. Түүнийг FURIA-д очиход ийм тоглолт гарна гэж төсөөлж байсангүй. Гэхдээ л тэр өөрийгөө баталж байна" гэжээ.
"MOUZ" өнөөдөр "Vitality" багтай тоглоно.
Нэргүй 4 цагийн өмнө 81.9.119.120
!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom