Монголын борооны улирал эхэллээ. Өнгөрөгч зун Улаанбаатарт хур бороо харьцангуй бага орсон. Харин энэ сард ихэнх нутгаар дуу, цахилгаантай аадар бороо багагүй орохыг УЦУШГ-аас анхааруулжээ. Улаанбаатарт бороо орохоор тоос, шороо дарагддаг нь үнэн ч хамгийн хүндрэлтэй асуудал нь зам, талбай нь усанд автаж, зарим газар нуур, цөөрөм тогтох нь хэвийн үзэгдэл болсон.
НЗДТГ-аас 2025 онд цөөнгүй байршлын зам, талбайг засч тохижуулж буй. Жишээ нь, явган хүний замыг засахад татвар төлөгчдийн 32 тэрбумыг зарцуулж байгаа юм. Жил болгон шинээр бродюр сольж, зам талбайгаа засдаг ч Улаанбаатар усанбаатар хочноосоо салж чадсангүй.
Ус цаг уурын мэдээгээр Улаанбаатарт өнөөдөр өдөржин бороотой. Хэдийгээр бороо зөөлөн, намуухан шивэрч буй ч зам талбайд ус хэдийнэ тогтсон харагдана. Иргэд зам дээрх "тогтоол" усыг тойрон алхалж, авто замд борооны улмаас ачаалал багагүй үүсчээ. Энэ бол бороо орох бүрд харагддаг нийслэлийн нэгэн дүр зураг. Хэдхэн минутын аадар бороонд Улаанбаатарт усандаа живэх нь холгүй болдог нь хэвийн үзэгдэл болсон.
Жил бүр татвар төлөгчдийн мөнгөөр ус зайлуулах шугам хоолойн засвар, үйлчилгээнд багагүй мөнгө зарцуулдаг. Харамсалтай нь, тэр мөнгө устайгаа хамт "урсаад" явчихдаг бололтой. Зам засах, бродюр солих, ус зайлуулах шугам шинэчлэх нь хотын дарга нарын хоолоо олж иддэг бизнес болж хувирсан.
Тухайлбал, нийслэлийн Хан-Уул дүүргийн 3, 11, 15-р хорооны ус зайлуулах шугам сүлжээг хариуцах компанийг сонгон шалгаруулахаар 2024 оны зургадугаар сард зарлагдсан тендерийн нийт төсөв 80 сая төгрөг байжээ. Гэвч уг замууд өнөөдөр ч усанд автсан хэвээрээ. Харин улсаас гаргасан мөнгө нь усанд хаясан чулуу мэт "ор сураггүй" болжээ. Учир нь, энэ талаар асууж тодруулсан боловч, төрийн дарга нарын дийлэнх нь амралтаа авсан тул эзэнгүй хаалга, үүдтэй л цөөнгүй таарлаа.

УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМЫГ НЭГДСЭН БАЙДЛААР БУС ӨӨР ӨӨР ХУВИЙН КОМПАНИУД ХИЙЖ, ГҮЙЦЭТГЭДЭГ
Нийслэлд ус зайлуулах шугам дутагдалтайн дээр хамгийн гол стандартын шаардлага хангадаггүйгээс жилийн жилд асуудал үүсдэг гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Хот төлөвлөлт, судалгааны институтээс тодруулахад “50 метр тутамд нэг ус зайлуулах сараалж байх ёстой гэсэн ерөнхий стандарт байдаг. Гэхдээ тухайн газрын нугалаа, налуу, урсацын хурд, мөн замын өргөн, авто хөдөлгөөний эрчим зэргээс мөн шалтгаалан зураг төслийг гаргадаг.
Хэдий зураг төсөл зөв байх нь чухал боловч суурьлуулах ажил түүнээс илүү чухал. Гэтэл нийслэлийн хэмжээн дэх ус зайлуулах шугам хоолойг нэгдсэн байдлаар бус олон өөр хувийн компаниуд хийдэг.
Үүнээс үүдэн, зарим газрын суурилуулалт чанарын шаардлага хангахгүй байна. Мөн түүнчлэн, ус зайлуулах шугам бол зөвхөн зам дээрх усыг л авах зориулалттай байдаг. Өндөрлөг хэсгүүд буюу уулын ам зэргээс бууж ирж буй усыг үерийн сан гэдэг зүйл хуримтлуулж авах ёстой байтал Улаанбаатарт харамсалтай нь тийм зүйл байхгүй. Тиймээс уулнаас бууж ирж байгаа ус болон замын усыг бүгдийг нь ус зайлуулах хоолой шингээж дийлэхгүйд хүрдэг. Үүнээс болж зам дээр ус ихээр тогтож, гудамж талбай үерт автаж байгаа юм. Түүнээс гадна, Улаанбаатар хотын хүн амын даац хэтэрснээс бол “цементэн ширэнгэ” болсон. Уг нь борооны усны тодорхой хувь нь байгальдаа шингэх ёстой байдаг боловч тэгэх сул газар үлдээгүй нь ус зайлуулах шугам ачааллаа дийлэхгүй байгаагийн мөн нэг шалтгаан. Өмнө нь хот харьцангуй сийрэг хүн амтай байсан тул одоогийнх шиг үерлэдэггүй байсан нь үүнтэй холбоотой” гэв.
Албаны хүн ийн тайлбарласан бол иргэдийн зүгээс "Ус зайлуулах хоолой байсан ч стандартаар нь хийхгүй, буруу газарт нь байрлуулаад байхаар чинь ямар хэрэг байх вэ дээ. Хотын дарга нар мөнгө идэх л зорилготой болохоос хотын асуудлыг шийдэх нь чухал биш байх. Хэрэв чухал байдаг бол зүгээр байсан явган хүний замаа хуулаад мөнгө угаагаад байх уу. Үүний оронд ус зайлуулах хоолойг стандартын дагуу тавьсан нь дээр шүү дээ" гэлээ. Сүүлийн жилүүдэд шинээр ашиглалтад орсон орон сууцны хотхон орчмоор ус тогтдог үзэгдэл түгээмэл болсон. Тэр ч бүү хэл саарал ордон тойрсон замууд нь хүртэл усанд автах нь түгээмэл. Гэсэн ч хотын дарга нарт ус зайлуулах хоолойноос илүү Улаанбаатар жил бүр бродюраа сольж байх нь чухал бололтой.
ИРЭХ ЕСДҮГЭЭР САРД УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМУУДЫГ СУУРИЛУУЛЖ ДУУСГАНА
Нийслэлийн хэмжээнд ус зайлуулах шугамыг суурилуулах ажил үргэлжилж буй. Геодези, Усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас “Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 220км орчим урттай ус зайлуулах хоолой бий. Хэрэв бөглөрч эсвэл гэмтсэн тохиолдолд цэвэрлэх, засварлах зориулалттай 4000 шүүрт худаг, 3800 орчим үзлэгийн худаг байдаг.
Гэвч ихэнх ус зайлуулах шугам болон үерийн далангууд насжилт хэтэрсэн. Тиймээс сүүлийн 1-2 жилийн хугацаанд эрчимтэйгээр шинэ ус зайлуулах шугамуудыг суурилуулж эхэлж байна.
Энэ жилийн хувьд зургадугаар сарын 1-ээс суурилуулах ажил эхэлсэн бөгөөд чадвал есдүгээр сарын 1 гэхэд дуусгах төлөвлөгөөтэй байгаа” гэлээ.
Нарны гүүрний урд хэсэгт 1003км-ийн урт бүхий хоолой мөн "Алтай хотхон" орчимд 450км-ийн урттай хоолойнуудыг тус тус суурилуулж дуусчээ. Үргэлжлүүлэн, “Ажилчны гудамж, вокзал, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс "Мишээл экспо" хүртэл, Энхтайваны гүүрний доор, "Алтжин бөмбөгөр"” зэрэг газруудад ус зайлуулах хоолой суурилуулах төлөвлөгөөтэй байгаа юм байна.
Өмнөх ус зайлуулах хоолойнууд ихэнх нь 200-300 диаметр бүхий хуванцар хоолойгоор хийгдсэн байдаг бол одоогийн хоолой нь 600-1000 диаметр бүхий төмөр хоолой тавьж байгаа аж. Энэ нь багтаамж, шүүлтүүр, даацын хувьд өмнөсөө эрс ялгаатай гэнэ.
Гэвч, энэ бол албаны хүмүүсийн яриа. Харин иргэдийн хувьд одоогоор хотын ус зайлуулах хоолой шинэчлэгдсэн юм төдийлөн харагдахгүй байгааг ч шүүмжилсэн. Харин ч эсрэгээрээ хот хогондоо дарагдаж, нийслэл нь тосгоны дүр зурагтай болсонд олон нийт ч бухимдлаа илэрхийлж байгаа. Гэхдээ хэдий болтол бороо орохоор л байшин баринадаа гэж болжморын үлгэр шиг Улаанбаатар усанд автах бүрт ус зайлуулах хоолойгоо санадаг, бусад үед нь мартсаар явах вэ. Эвдэрч хэмхрээгүй явган хүний талбайг цементлэхээс өөрөөр энэ хотод шийдвэрлэх асуудал дууссан уу, хотын дарга аа. Ийм нэгэн асуултыг иргэд танаас асууж байна лээ шүү.
















М.Намуун
Гэрэл зургийг О.Болорсувд
Нэргүй 1 минутын өмнө 66.181.185.80
Ус зайлуулах шугам Монгол хүн хийж чадахгүй. Энийг хийхэд мэдлэг шаардана инженер хүн налуу гаодус тааруулдаг юм. Хэн нэгэн цавчаа хийх гэж зам засадаггүй юм. Хэрэв Хятад улсад ийс юм хийсэн бол цаазаар авхуулна. Монгол хүн идэж уухын шуналын дон шүгэлсэн шүү. Шуналт хүний гараас ажил гарахгүй.
Хотын хүү 1 цагийн өмнө 203.91.115.41
Бэрхийн хулгайч өлөн өссөн н**ш стандарт гэж үг мэдэхгүй
Zochion 1 цагийн өмнө 202.131.225.197
Huviin company hiij baigaa n asuudliin gol n bisheeee hamgiin gol asuudal n heden ch company tus tusdaa ajiul hiih baisan ch bugdengiin 1 standard bariulah ajliig zurag tusluus n ehluuleed nariin hyanaj bugdengiin 1 standard barimtaldag boltol n ajillaj n niisleld baigaa ym shuu deee tednii gol ajil n ter
ИРГЭН 2 цагийн өмнө 66.181.178.235
Нямбаатар Зам хааж зам заслаа гоё боллоо л гэдэг Ус зайлуулах шугам юу ч байхгүй зам ахиад л эвдрэнэ,,,,*дарангуйлагч* Нянбактер ийм л ажил хийж яваа дарга,
Зочин 2 цагийн өмнө 66.181.190.59
Зүгээр замын голоо ухаад шороог нь гаргаад л ус зайлуулагч хийж байгаан гэнээ. Яанадаа нээрээ 😵💫
ЧАНАР БА ХЯНАЛТ, УДИРДЛАГА 2 цагийн өмнө 202.70.43.34
Заавал Үндэсний Үйлдвэр гэж туйлширмааргүй байнаа, СТАНДАРТ гэж байх ёстой, Нэгэнт хийсэн ажил яагаад жил бүр засвар хийгээд байгааг ойлгохгүй бна. Зам талбай тохижилтын ажил ядаж 30-40 жилийн настай баймаар бнааа
ОЮУН САНАА 2 цагийн өмнө 202.70.43.34
ХОТЫГ УТГААР НЬ БАЙГУУЛЖ ХЭЗЭЭ СУРАХ ВЭ МОНГОЛЧУУД БИД ? НҮҮДЭЛЧИН СЭТГЭХҮЙГЭЭС ИРГЭНШСЭН СОЁЛЖСОН СУУРЬШМАЛ АЖ АМЬДРАЛТАЙ ХҮНИЙ СЭТГЭХҮЙ