Ойрын саруудын цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг ЦУОШГ-ын инженер Э.Энхсүлдээс тодрууллаа.
ЦУОШГ-ын инженер Э.Энхсүлд “Наймдугаар сард агаарын температур нийт нутгаар дулаан. Ялангуяа баруун аймгуудын нутгаар илүү халалт өндөртэй буюу зарим өдрүүдэд 30 хэм давахаар байна. Түүнчлэн баруун бүсийн Баян-Өлгий, Увс, Ховд аймгууд болон Говь-Алтайн ихэнх хэсэг мөн Завханы баруун хэсгээр олон жилийн дунджаас бага хур тунадастай байх төлөвтэй байна. Харин Өмнөговь аймгийн ихэнх хэсэг болон Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас их хур тунадастай. Бусад нутгаар олон жилийн дундажийн орчим хур тунадас орохоор байна.
Харин нийслэлд наймдугаар сарын эхний хагаст бороо орох давтамж их байх боловч их хэмжээний усархаг бороо орохгүй.
Сарын сүүлийн хагаст хур тунадас багатай байна. Ерөнхийдөө, наймдугаар сард ихэнх нутгаар гандуу байх төлөвтэй” гэв. Түүнчлэн, энэ жил намар богино болно гэж тооцоолжээ. Харин сдүгээр сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Завхан, Ховд, Говь-Алтайн хойд, Архангайн баруун, Баянхонгорын баруун хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим байх бол бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна. Сарын нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Увс, Завхан, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байхаар байна.
Харин аравдугаар сарын агаарын дундаж температур Увс, Завхан, Ховдын хойд, Архангайн баруун, Баянхонгорын баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Нийлбэр хур тунадас Өмнөговь, Дорноговийн ихэнх, Дундговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Товчихондоо, арваннэгдүгээр сараас эхлэн ихэнх нутгаар хүйтэрч эхэлнэ.
Иргэд та бүхэн богино хугацааны нарийвчилсан цаг агаарын мэдээг өдөр тутамдаа ашиглахыг зөвлөж байна.
УЛААНБААТАРТ 22 ХЭМ ДУЛААН БАЙНА
ЦУОШГ-ын мэдээгээр өнөөдөр буюу наймдугаар сарын 04-нд ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд болон зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +13…+15 градус, өдөртөө +20…+22 градус дулаан байна.
Багануур орчмоор: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +11…+13 градус, өдөртөө +20…+22 градус дулаан байна.
Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +19…+21 градус дулаан байна.
М.НАМУУН
Одмаа 2 цагийн өмнө 202.55.188.85
маргааш дорноговь цаг агаар ямар байх вэ