Молдавын ерөнхийлөгч Майя Санду Лхагва гаригт (2025.07.30) мэдэгдэл гаргаж, ирэх сонгуульд ОХУ-ыг хөндлөнгөөс оролцох гэж урьд өмнө байгаагүй кампанит ажилд бэлтгэж байна гэж буруутгажээ. Мөн Москвагийн эрх баригчид Кремлийн талыг баримтлагчдыг парламентад суулгахыг оролдож байна гэж анхааруулав.
Санду Оросын кампанит ажлыг тайлбарлахдаа, "Москва Молдавын парламентын сонгуульд иргэдийн саналыг худалдаж авах, хууль бус криптовалютын санхүүжилт хийх, зохион байгуулалттай худал мэдээлэл түгээх төлөвлөгөөтэй байгаа. ОХУ намраас эхлэн Молдавыг хянахыг хүсч байгаа бөгөөд есдүгээр сарын сонгуульд урьд өмнө байгаагүй хөндлөнгөөс оролцохоор бэлтгэж байна" гэжээ.
Кремлийг тууштай шүүмжлэгч, Молдавыг Европын холбоонд элсэх хүчин чармайлтыг дэмжигч Санду удаа дараа Москваг улс төрийн тогтворгүй байдал бий болгохыг оролдож байна гэж буруутгасан. Молдав улсын хувьд 2024 оны зургадугаар сард Европын холбоонд элсэх албан ёсны хэлэлцээг эхлүүлсэн байдаг.
Санду мөн кибер халдлага, төлбөртэй эсэргүүцлийн жагсаал, шашны бүлгүүдээр дамжуулан манипуляци хийх, сонгуулийн үйл явцыг гутаан доромжлох гэж Кремль 100 сая евро зарцуулж байна гэж мэдэгдэв.
Үүнд гадаадад байгаа сонгогч болон дунд зэргийн Европыг дэмжигч сонгогчдод чиглэсэн кампанит ажил ч багтаж байгаа аж. Түүний үзэж буйгаар Молдавын хоёр гол сөрөг хүчин ОХУ-тай хамтарч, эрх баригч баруун төвийн Action and Solidarity (PAS) намын хүчийг сулруулахыг оролдож байгаа бололтой. Түүнчлэн Оросын талд үйл ажиллагаа явуулдаг олигарх Илан Шор болон түүний холбоотнуудыг Санду онцолжээ. Учир нь эдгээр хүмүүс иргэдийн саналыг худалдан авах, үймээн самуун дэгдээх гол ажлыг гүйцэлдүүлэх болно гэж анхааруулж байна. Санду мөн Москвагаас санхүүждэг, Европын холбооны эсрэг үзэл суртал, Оросын ашиг сонирхолд нийцсэн хандлагыг дэмждэг “Тусгаар тогтнолын төлөө” нэртэй хөдөлгөөн идэвхжиж байгааг анхааруулав. Улмаар Санду "Эдгээр бүх Молдавын эсрэг кампанит ажил нь нэг командын төвөөс зохион байгуулагдана. Энэ нь Кремль" гэж буруутгажээ.
Урьдчилсан санал асуулгаар Сандугийн "PAS" нам 39 хувийн дэмжлэгтэйгээр тэргүүлж байгаа бол оросын талын Социалист нам 14.9 хувийн дэмжлэг авчээ.
Гэхдээ нийт сонгогчдын 30 орчим хувь нь хараахан шийдвэр гаргаагүй байгаа юм. Энэ оны эхээр Молдавын цагдаа нар 2021 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр бэлэн мөнгөөр санал худалдаж авах гэж оролдсон хэргээр 140 мянга гаруй хүнийг мөрдөн шалгаж буйгаа зарласан. Мөн эрх баригчид өмнө нь Оросыг дэмжсэн утга агуулга бүхий мэдээлэл түгээдэг олон тооны мэдээллийн хэрэгсэл болон Телеграм сувгуудыг хаасан байна.
3,595.72






















































Холбоотой мэдээ