ХҮМҮҮС
Харанхуйн хунтайж

"Black Sabbath" хамтлагийн ахлагч, реалити шоуны од Оззи Осборн долдугаар сарын 22-нд 76 насандаа таалал төгссөн. Түүнийг эцсийн замд үдэхээр олон зуун шүтэн бишрэгчид нь Лхагва гаригт (2025.07.30) Бирмингемд цугларч, цэцэг өргөжээ. "NEWS" агентлагаас хөтлөн гаргадаг "ХҮМҮҮС" буландаа метал хөгжмийн загалмайлсан эцэг Оззи Осборний түүхийг онцолж байна.


Жон "Оззи" Осборн 1948 оны арванхоёрдугаар сарын 3-нд Английн төв хэсэгт орших Бирмингем хотод сэлбэг хийгч, үйлдвэрийн ажилтны хүү болон мэндэлжээ. Тэрээр гурван эгч, хоёр эрэгтэй дүүтэй байсан бөгөөд санхүүгийн хүнд хэцүү байдлаас улбаалан 15 настайдаа сургуулиа орхиж, барилгын талбай, нядалгааны фирм зэрэг хэд хэдэн хүнд хүчир ажил хийж эхэлсэн байна. Түүнчлэн хулгай хийх гэж оролдсон ч бүтэлгүйтсэн удаа бий. Оззи 2009 он гаргасан "Би Оззи" намтар номдоо аав нь торгууль төлөхөөс татгалзсаны улмаас зургаан долоон хоног шоронд хоригдож байсан гэдгээ дурссан байв. Эл үеэс эхлэн тэрээр буруу замаар явалгүй, өөрийнхөө хүсэл эрмэлзлийнхээ төлөө хөдөлмөрлөх ёстой гэж шийдсэн байна.

Тэрээр "The Beatles" хамтлагаас урам зориг авдаг байсан бөгөөд тус хамтлагийн 1963 онд гаргасан “She Loves You” дуу хөгжимчин, дуучин болох замналд хөтөлжээ. Хожим 1967 онд "Black Sabbath"-ийн басс гитарчин, үг зохиогч Батлер “Rare Breed” нэртэй хамтлаг байгуулж, Оззийг болон гитарчин Иомми, бөмбөрчин Уорд нарыг нэгдэхийг хүссэнээр өнөө цагийн метал хөгжмийн цахиур хагласан хамтлаг бий болжээ. Батлер 2016 онд "Rolling Stone" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Хэрвээ хүмүүс кино үзэхдээ айж эмээх гэж мөнгө төлдөг бол концертод ч мөн адил зүйл тохиолдох ёстой" гэж хэлсэн байдаг. Хамтлагийн бие даасан анхны цомог 1969 онд хоёрхон хоногийн дотор бичигджээ. Өмнө нь хэд хэдэн удаа хамтлагийннэрээ сольж байсан ч тус цомгоо гаргах үедээ метал хөгжмийн тамга тэмдэг болсон "Black Sabbath" болгон өөрчилсөн байна.

Оззи намтартаа "Бид цомгоо бичиж дуусмагцаа гитар болон дууны зарим хэсгийг давхар хянаж, хэдэн цагийг зарцуулсан. Ингээд л боллоо. Бид сүүлчийн захиалгаа өгөхийн тулд пабд ирсэн. Нийтдээ 12 цагаас илүү хугацаа шаардагдаагүй. Миний бодлоор цомог ийм байдлаар л хийгдсэн байх ёстой" гэж анхны цомгийнхоо талаар бичсэн байдаг.

"ХҮНД МЕТАЛЛЫН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ"

"Rare Breed" хамтлаг

"Black Sabbath"-ийн харанхуй, хүчирхэг аура агуулсан мэт дуунууд тэр дороо алдартай болсон. Хамтлагийн 1970 онд гаргасан хоёр дахь цомог болох "Paranoid" нь Их Британийн цомгийн жагсаалтад 1-т бичигдэж байжээ. Гэхдээ энэхүү амжилт нь 2013 онд "13" цомгоо гаргах хүртэл давтагдаагүй юм. Тус хамтлаг "13" цомгоо гаргах үед Оззи хэдийн хүнд металлын загалмайлсан эцэг гэж тодорхойлогддог болсон байв. Гэвч тэрээр Харанхуйн хунтайж гэх хочоо илүүд үздэг гэдгээ твиттер хуудсаараа дамжуулан илэрхийлсэн байдаг.

Хэдийгээр "Black Sabbath" хамтдаа хүчирхэг байсан ч 1979 онд Оззи хамтлагаасаа халагдаж байсан удаатай. Басс гитарчин Батлер эл үеийг дурсахдаа, "Энэ ганцхан минийх бус хамтлагийн шийдвэр байсан. Олон нийт, тэр дундаа бид халахыг хүсэхгүй байсан ч үнэхээр аргагүй байсан" гэжээ. Учир нь Оззи хэт их согтууруулах ундаа, мансууруулах бодисын хэрэглээнээсээ болж халагдсан байна. Гэсэн ч тэрээр бие даасан уран бүтээлийн замналаа үргэлжлүүлж, 1997 онд хамтлагтаа эргэн нэгдэхээсээ өмнө 11 цомог гаргасан юм.

Оззигийн шүтэн бишрэгч төдийгүй, дэлхий нийтийн "амыг ангайлгасан" үйлдэл нь сарьсан багваахай хазсан явдал байв. Энэ нь 1982 оны нэгдүгээр сарын 20-нд Айова мужийн Де Мойн дахь Ахмад дайчдын дурсгалын танхимд болсон "Diary of a Madman" тоглолтын үеэр болсон юм. Хожим Оззи сэтгүүлчдэд хэлэхдээ, "Би тэр сарьсан багваахайг резинээр хийсэн гэж бодсон" гэж тайлбарлажээ. Гэсэн хэдий ч тус үйлдэл одоог хүртэл дурсагддаг бөгөөд 1987 онд Оззи "NBC" телевизийн шоунд оролцох үеэрээ "Намайг ярилцлага өгөх бүрт хүмүүс сарьсан багваахай ямар амттай вэ Оззи гэж асуудаг. Яг л хадам ээжийн хийсэн хоол шиг" гэж хошигнож байжээ.

Хэдийгээр дуучны замнал нь амжилт бүтээлээр дүүрэн байвч Оззи анхны эхнэр Тельма Мэйфэйрээс салснаар дахин мансууруулах бодис хэрэглэх болсон байна. Оззи Тельма хоёр гурван хүүхэдтэй аж.

Оззи Осборн болон Тельма Мэйфэйр

Түүнчлэн 1960-1970-аад онд менежер нь байсан Дон Ардентай харилцаа нь муудаж эхэлсэн байдаг. Учир нь Оззи түүний охин Шаронтой үерхсэн байв. Тэрээр Шаронтой 28 настай байхад нь үерхэж эхэлсэн бөгөөд хосууд өсвөр наснаасаа эхлэн нэгнээ мэддэг байжээ. Тэд 1982 онд гэрлэхээр шийдсэн байдаг. Улмаар Арден охиндоо нөхрийнх нь гэрээг хуримын бэлэг болгон бэлгэлсэн.

Оззи, Шарон нарын хурим

Шарон дараа нь нөхрөө эцгийнхээ дуу бичлэгийн студиэс хасаж, АНУ-ын томоохон компани болох "CBS"-тэй гэрээ байгуулах боломжийг олж өгсөн байна. Мөн Шарон нөхрийнхөө менежер болсонд аав нь дургүйцэж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. "Daily Telegraph" сэтгүүлд нийтлэгдсэнээр, Арден шүүхэд ялалт байгуулж сая ам.долларын нөхөн төлбөр авсан. Үүнээс болж аав охин хоёрын харилцаанд сэв суун, бараг 20 жил нэгэнтэйгээ харьцаагүй байна.

"ЭРГЭЭД БОДОХОД БИ МЯНГАН УДАА ҮХЭХ ЁСТОЙ БАЙСАН"

Шарон нөхрийнхөө менежер болж, ямар ч асуудлыг шийдвэрлэж байхад Оззи рок-н-ролл амьдралын хэв маягаа үргэлжлүүлж байв. Тэрээр 2011 онд "Оззи Осборнийг бурхан ивээг" баримтат кинонд "Эргээд бодоход би мянган удаа үхэх ёстой байсан ч хэзээ ч үхээгүй" гэж хэлжээ. Мөн "Хуучин цагт өдрийн 12 цаг гэхэд би хамраараа сорж, судсаараа тарьж, янз бүрийн зүйл хэргэлдэг байсан" гэсэн байна. Энэ нь гэр бүлийн амьдралыг нь ч тогтворгүй болоход нөлөөлсөн. Шарон 2011 онд "CNN"-д өгсөн ярилцлагадаа нөхрийнхөө хүчирхийллийн талаар ярьжээ.

"Үнэхээр аймшигтай байсан. Чи гэртээ, хөршүүд байхгүй, хүүхдүүд унтаж байна. Чи ганцаараа гэдгээ мэдэрнэ. Энэ үед юу хийх байсан бэ?" гэж хэлж байжээ.

РЕАЛИТИ ОДОД

Хэдийгээр Осборн гэр бүлд бэрхшээлтэй цаг үе байсан ч тэд маш их алдартай байсан. Тэдний телевизийн реалити шоу болох "The Osbournes" 2002 онд "Primetime Emmy" шагналыг хүртэл хүртэж байжээ. Энэхүү шоу нь гэр бүлийн бусад гишүүдийг ч мөн адил алдартай болоход тусалсан. Оззигийн эхнэр Шарон алдартай ток шоуны хөтлөгч болж, тэдний охин Келли хөгжмийн карьераа эхлүүлж, дараа нь телевизийн салбарт алдартай нэгэн болсон байна. Оззи 1993 онд "I Don’t Want To Change The World" бие даасан дуугаараа хэд хэдэн Грэмми шагнал хүртжээ. 2023 онд тэрээр дахин хоёр Грэмми хүртсэн бөгөөд нэг нь шилдэг рок цомог, нөгөө нь шилдэг рок тоглолтын төрөлд байв. Мөн "Black Sabbath" хамтлагийн гишүүн байхдаа ч олон шагнал хүртсэн. 2006 оны гуравдугаар сард Оззи болон "Black Sabbath" хамтлагийн гишүүд Рок-н Роллын алдрын танхимд нэгджээ.

Оззиг нас барсны дараа хамтлагийнхан нь сэтгэл хөдөлгөм үгсийг хуваалцсан байдаг. Батлер өөрийн "Instagram" дээрээ "Баяртай, хайрт найз минь. Энэ олон жилийн туршид баярлалаа. Бид маш хөгжилтэй байсан" гэсэн байна. Тэрбээр мөн Бирмингем дэх тэдний төрөлх хотыг дурдаж, "Астоны дөрвөн хүүхэд – хэн санах билээ? Бид тэнд сүүлчийн удаа тоглосондоо баяртай байна" гэсэн юм. Тони Иоммигий хувьд Оззи нас барсан мэдээ зүрх шимшрүүлсэн тухай "X" дээр хуваалцжээ. Тэрбээр "Түүн шиг хүн дахиж хэзээ ч олдохгүй. Гизер, Билл бид нар ахыгаа алдлаа" гэсэн байна. Билл Уорд мөн "X" дээр "Би чамайг одоо хаанаас олох вэ? Дурсамж, бидний чимээгүйхэн тэврэлт, аваагүй дуудлагууд. Чи үргэлж миний зүрх сэтгэлд байх болно" гэжээ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДАЛ

Оззи 2019 оны эхээр уушгины үрэвсэл тусч, Лос Анжелес дахь гэртээ эмчилгээ хийлгэж байсан тул тоглолтуудаа цуцлахад хүрсэн байдаг. Үүнээс хойш түүний эрүүл мэнд улам муудсан. Тэрээр хэд хэдэн удаа хагалгаанд орсон бөгөөд нэг нь амжилтгүй болж, бараг алхаж чадахгүй болсон. 2020 оны нэгдүгээр сард тэрээр Паркинсоны өвчтэй гэдгээ олон нийтэд зарласан юм. Гэсэн ч тэрээр зарим үед тайзан дээр гарсаар байв. 2022 оны "ECommonwealth"-ийн наадмын хаалтын үйл ажиллагаанд оролцохоор Бирмингем хотод ирж, дуулсан байдаг.

Тэрээр 2023 оны нэгэн ярилцлагадаа “Хэрвээ би дахиж тайзан дээр гарч чадахгүй байдалд хүрвэл ганцхан удаа тоглолт хийж, фенүүддээ талархлаа илэрхийлээд үхвэл аз жаргалтай байх болно" гэж хэлж байжээ. Тухайн жилдээ тэрээр эрүүл мэндийн шалтгаанаар аялан тоглолтоо бүрмөсөн зогсоож байгаагаа зарласан. Мөн 2023 оны аравдугаар сард болох хөгжмийн наадамд оролцохоо больсон юм.

“Би өдөр өдрөөр амьдарч байна. Хэрвээ дахин дуулах боломж олдвол дуулна. Гэхдээ энэ бол миний амьдралын хамгийн сайхан хэсэгтэйгээ салахтай адил байна. Эхэндээ өөртөө, эмч нартаа, хорвоо ертөнцөд уурлаж байсан. Харин одоо зүгээр л энэ бүхнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй гэдгээ ойлгосон” гэж Оззи "Rolling Stone" сэтгүүлд ярьсан юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж