ЭМГЭНЭЛ

Манжийн ДАГВА (1953-2025)


Монгол Улсын гавьяат эдийн засагч, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга асан Манжийн Дагва нь 2025 оны долдугаар сарын 22-ны өдөр таалал төгссөнд гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

М.Дагва 1953 онд Говь-Алтай аймгийн Дарив суманд төрж, 1972 онд Говь-Алтай аймгийн Алтай хотын 10 жилийн дунд сургууль, 1977 онд ЗХУ-ын Москва хотын Инженер-эдийн засгийн дээд сургууль, 1986 онд Намын дээд сургуулийг дүүргэж, агаарын тээврийн инженер-эдийн засагч мэргэжил эзэмшжээ.

Тэрээр 1977 оноос Иргэний агаарын тээврийг удирдах ерөнхий газрын эдийн засагч, төлөвлөгч-эдийн засагч, 1980-1987 онд Төлөвлөгөө эдийн засгийн хэлтсийн дарга, 1987-1989 онд Москва хот дахь МИАТ нэгтгэлийн Ерөнхий төлөөлөгчийн газарт Ерөнхий төлөөлөгч, 1989-1992 онд МИАТ нэгтгэлийн орлогч захирал, 1992-1993 онд Зам, тээврийн ерөнхий газрын харьяа Агаарын харилцааны газрын дарга, 1993-1996 онд Иргэний агаарын тээврийг удирдах ерөнхий газрын Тэргүүн дэд захирал, 1998-2006 онд Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга, 2006 оноос МИАТ ТӨХК-ийн Бээжин хот дахь ерөнхий төлөөлөгчөөр ажиллаж байв.

Тэрээр 1989 онд Монголын иргэний нисэхийн удирдах байгууллагыг Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-д элсэн оруулах, нислэгийн багтаамж, давтамжийг нэмэгдүүлэх болон Монгол Улсын агаарын зайгаар дамжин өнгөрөх нислэгүүдийн агаарын навигацийн хураамжийн хэмжээг тогтоох зэрэг асуудлуудыг судлан шийдвэрлэжээ. Мөн 1990-1992 онд хэрэгжсэн техник туслалцааны “Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх судалгаа ба Үндэсний агаарын Аюулгүй байдлын төлөвлөгөөг боловсруулах төсөл”, 1993-1998 онд “Улаанбаатарын нисэх буудлын өргөтгөлийн төсөл”, 1995-2000 онд хэрэгжсэн “Агаарын навигацийг хөгжүүлэх төсөл”, Хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэх төсөл зэрэг төслүүдийг удирдан хэрэгжүүлсэн нь Монгол Улсын иргэний нисэхийн хөгжил дэвшилд чухал алхмууд болсон билээ.

Түүний үйл хэрэг, хөдөлмөрийг төр засгаас өндрөөр үнэлж Монгол Улсын гавьяат эдийн засагч цол, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Ардын хувьсгалын 60, 80 жилийн ойн медаль, Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан, Иргэний нисэхийн хүндэт ажилтан цол тэмдгээр шагнажээ. Мөн Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын 50 жилийн ойн шагналаар тус тус шагнасан юм.

Талийгаачийн хөдөлмөрч, хичээнгүй, нөхөрсөг, төлөв даруу, хүнлэг зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.

У.ХҮРЭЛСҮХ, Д.АМАРБАЯСГАЛАН, Г.ЗАНДАНШАТАР

Б.ДЭЛГЭРСАЙХАН, О.АМГАЛАНБААТАР, Л.НАСАНБУЯН, Г.ЧИНБАТ

Эмгэнэлийн бичгийг хэвлэлд нийтлэх, радио, телевизээр мэдээлэхийг зөвшөөрөв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-07-30 66.181.181.101

их сайхан харьцаатай сайн удирдагч байсан даа. ум мани бад мэ хум

Avatar

Нэргүй 2025-07-30 66.181.184.26

Ум ма ни бад ми хум

Avatar

Нэргүй 2025-07-30 59.153.113.220

Ум ма ни бад мэ хум 🙏

Avatar

Нэргүй 2025-07-30 202.179.26.114

Ум ма ни бад мэ хум

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж