Солонгосын хойгт энх тайван, Зүүн хойд Азийн бүс нутгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Хойд Солонгос болон АНУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг Өмнөд Солонгосын засгийн газар зохион байгуулахыг тууштай дэмжиж байгааг “Yonhap” агентлаг мэдээлэв. “Yonhap” агентлаг Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны мэдэгдлээс эш татан мэдээлсэн бөгөөд яамны төлөөлөгчийн мэдэгдсэнээр, "Өмнөд Солонгосын засгийн газар Хойд Солонгос-АНУ-ын дээд хэмжээний яриа хэлэлцээг үргэлжлүүлэхийг идэвхтэй дэмжиж байна. Энэ нь Солонгосын хойгт энх тайван, бүс нутгийн тогтвортой байдалд чухал нөлөө үзүүлнэ” гэжээ.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун болон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нар 2018 онд Сингапурт, 2019 онд Ханойд дээд хэмжээний уулзалт хийж байсан.
Гэвч яриа хэлэлцээ тодорхой үр дүнд хүрэлгүй зогссон юм. Өдгөө хоёр орны хооронд найрсан харилцаа хадгалагдсаар байдаг гэж Ким Жон Уны дүү Ким Ё Жон мэдэгджээ. Гэхдээ бодит нөхцөл байдал дээр Хойд Солонгосын удирдагч саяхан АНУ-тай тэмцэж, ялалт байгуулна гэж мэдэгдэж байв. Ким Ё Жон мэдэгдэлдээ, Хойд Солонгосын цөмийн зэвсгийг ангижруулах гэсэн хатуу байр сууринаасаа ухарч, Хойд Солонгосын шинэ бодит байдлыг хүлээн зөвшөөрөхгүй бол яриа хэлэлцээ үр дүнд хүрэхгүй хэмээн онцлон тэмдэглэсэн байна. Түүнчлэн, тус улсын цөмийн статус нь Үндсэн хуульд тусгагдсан гэдгийг сануулсан байна.
Ким Ё Жон мөн мэдэгдэлдээ, Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч Ли Жэ Мён эвлэрэлд чиглэсэн зарим алхам хийж буй ч бодлогын түвшинд дорвитой өөрчлөлт харагдахгүй байгаа тул Өмнөдтэй хэлэлцээ хийх сонирхолгүй байгаагаа илэрхийлсэн байна.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ким Жон Унтай дахин уулзахад бэлэн гэдгээ илэрхийлж байсан. Харин Ким Ё Жоны мэдэгдлийн дараа Цагаан ордон өмнөх байр сууриа дахин нотолсон байна. Цагаан ордон төлөөлөгч “Умардын цөмийн асуудлыг энхийн замаар шийдвэрлэх, Солонгосын хойгт тогтвортой байдал тогтоохын тулд яриа хэлэлцээнд нээлттэй” гэдгээ мэдэгдсэн байна. Өмнөд Солонгос ч мөн адил тус байр суурийг дэмжиж буйгаа илэрхийлж, Хойд болон Өмнөдийн хооронд итгэлцлийг сэргээх хэрэгтэй гэж үзэж байна. Мөн АНУ болон Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалтыг дахин зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргах болно хэмээн мэдэгджээ.
3,595.11















































