БЗД-ийн 18 дугаар хороо Хавдар судлалын үндэсний төвийн В1 давхарт өчигдөр /2025.07.28/ гал гарсан. Тодруулбал, БЗД-ийн 18 дугаар хороо Хавдар судлалын үндэсний төвийн В1 давхарт гал гарч байна гэсэн дуудлага өчигдөр 14:11 цагт НОБГ-т иржээ. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид ажиллаж галыг унтраасан. Тэгвэл Хавдар судлалын үндэсний төвөөс өнөөдөр /2025.07.29/мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд:
"өчигдөр /2025.07.28/Хавдар судлалын үндэсний төвийн подвалд засварын ажил гүйцэтгэх явцад гагнуурын оч тархсанаас үүдэн галын аюул үүссэн боловч нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч, галыг бүрэн унтрааж, тархах аюулыг зогсоолоо. Одоогоор гал гарсан шалтгаан, нөхцөл байдал, үүссэн эрсдэл, хохирлын хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагууд шалган, үнэлж байна.
Үүссэн нөхцөл байдлын үед эмчлүүлэгч, үйлчлүүлэгч, ажилчдыг аюулгүй нүүлгэн шилжүүлэн бүртгэж, хагалгаа, эрчимт эмчилгээний хэсгүүдэд онцгой хяналт тавьж, яаралтай тусламж үйлчилгээг гамшгийн үеийн бэлэн байдалд шилжүүлэн шуурхай ажиллалаа. Галын аюултай холбоотой гэмтсэн, бэртсэн, хүндэрсэн хүн бүртгэгдээгүй.
ХСҮТ-ийн хамт олон эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх ажлыг эрчимтэй зохион байгуулсан бөгөөд өнөөдөр буюу 2025 оны долдугаар сарын 29-ний өдрөөс эмнэлгийн тусламж, үйлчилгээ бүрэн хэвийн үргэлжилнэ.
Өчигдөр буюу 7 дугаар сарын 28-нд цаг авсан, товлосон боловч үйлчлүүлж амжаагүй амбулатори, шинжилгээ, мэс засал болон бусад тусламж үйлчилгээнүүдийг өнөөдөр нөхөж үзүүлнэ.
Галын аюулыг шуурхай хяналтдаа авч, мэргэжлийн өндөр түвшинд ажилласан Нийслэлийн Онцгой байдлын газар, Галын аврах ангийн алба хаагчид, Цагдаагийн байгууллагын хамт олон болон гамшгийн үед дэмжлэг үзүүлсэн бүх байгууллага, ажилтнуудад Хавдар судлалын үндэсний төвийн хамт олны нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье" гэжээ.
Холбоотой мэдээ