Сүүлийн жилүүдэд Монголд эрүүл амьдралын хэв маягийг сонирхогчид нэмэгдэж, хоол хүнсний зохистой хэрэглээ, шим тэжээлийн талаарх мэдлэгийг түгээх эрэлт эрс өссөн. Үүнийг даган “хоолзүйч”, “нутриционист” хэмээн өөрийгөө танилцуулж, олон нийтийн сүлжээнд идэвхтэй контент түгээгч хүмүүсийн тоо нэмэгдсэн нь анзаарагдах үзэгдэл болсон. Энэ нь нэг талаар талархууштай ч, нөгөөтэйгүүр шинжлэх ухааны үндэслэлгүй, батлагдаагүй мэдээллийг хэт ерөнхий, зарим тохиолдолд хэт итгэлтэй байдлаар түгээж буй нь олон нийтийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц түвшинд хүрэх болсон нь харамсалтай.
Ялангуяа Монголын уламжлалт анагаах ухааны нэр барин хоол хүнс, өвчин, эмчилгээний талаар хэт ерөнхий, гүехэн ойлголтоор мэдээлэл түгээж байгаа нь эмзэглэхүйц түвшинд хүрээд байна. “Шар ихэдвэл улаан мах битгий ид”, “бадгана их бол гурилан зүйл хор болно” гэхчлэн тайлбарлах нь анх сонсоход зөв ч мэт боловч, уламжлалт анагаах ухааны жинхэнэ агуулга, суурь онолын түвшинд үнэхээрийн гүн гүнзгий, системтэй ойлголт дээр үндэслэдгийг гярхай хэрэглэгч анзаарч мэдэх ёстой.
Монголын уламжлалт анагаах ухаан бол нэг хүний туршлага, нэг багшийн лекц, эсвэл хэдхэн сарын онлайн сургалтаар эзэмшчих мэдлэг биш. Энэ бол мянга мянган жилийн турш Хүннү, Түрэг, Уйгар, Их Монгол Улсын үеэс өнөөдрийг хүртэл хуримтлагдан, Төвд, Энэтхэг, Хятадын анагаах ухааны элементтэй уялдан хөгжсөн, бие махбод, оюун санаа, байгаль, цаг агаар, хоол хүнсийг цогцоор нь авч үздэг онолын тогтолцоотой шинжлэх ухаан юм. Тэнд “хоол” гэдэг нь өвчнийг шууд эмчлэх бус, тухайн хүний махбодын онцлог, цагийн эргэлт, амьсгал, байгалийн хүчин зүйлийн уялдааг тооцож байж оногдуулдаг “хөнгөн эмчилгээ”-ний хэлбэр гэдгийг ойлгох ёстой.
Юуны өмнө тэмдэглэх ёстой нэг зүйл бол хоол зүй, шим тэжээлийн ухаан нь хүний биологийн суурь, бодисын солилцоо, эмгэг судлал, анагаах ухааны ойлголтуудтай нягт уялдаатай, нарийн мэргэжлийн шинжлэх ухаан юм. Хүнсний илчлэг, макро, микро элементүүдийн хэрэглээ нь нас, хүйс, биеийн онцлог, өвчний байдал, амьдралын хэв маяг, генетик хүчин зүйлс зэргийг харгалзахгүйгээр ерөнхийлөн зөвлөмж өгөх боломжгүй. Гэвч бодит байдал дээр “хоолзүйч” нэрийн дор өөрсдийгөө танилцуулж буй хүмүүс энэ нарийн ялгаа, хязгаарлалт, уялдаа холбоог үл харгалзан "энэ хүнсийг идвэл хавдар арилна", "хоолны дэглэмээр сахар эдгэнэ", “эм уухгүйгээр зөвхөн хүнсээр бие эдгэрнэ” гэхчлэн туйлширсан, эмнэлзүйн нөхцөлд тохирохгүй зөвлөмж өгч буй нь шинжлэх ухааны хувьд ноцтой алдаа юм.
2020 онд Европын Nutritional Medicine Association-аас гаргасан тайланд дурдсанаар, “нутриционист” нэрийн дор зөвлөгөө өгч буй хүмүүсийн 70 орчим хувь нь эмнэлзүйн сургалт, анагаахын боловсрол эзэмшээгүй, зөвхөн богино хугацааны онлайн сургалт төгссөн байдаг гэжээ. Энэ байдал манай улсад ч мөн адил ажиглагдаж байна. Тэдний дийлэнх нь мэргэжлийн хяналтын байгууллагад бүртгэлгүй, эрүүл мэндийн боловсролын гэрчилгээтэй эсэх нь тодорхойгүй нөхцөлд, олон нийтийн итгэлийг ашиглан “өндөр цусан даралтанд сайн хүнс”, “дааврын тэнцвэрт байдалд нөлөөлөх ундаа” гэхчлэн мэдээлэл түгээж, улмаар өвчтөнүүдийг эмнэлэгт хандах, шинжилгээ өгөх, эмчилгээ хийлгэх үйл явцаас хөндийрүүлэх эрсдэл үүсгэж байна.
Жишээлбэл, II төрлийн чихрийн шижинг хоолны дэглэмээр эмчилж болно гэх ойлголт шинжлэх ухааны хувьд маш болгоомжтой хандах шаардлагатай сэдэв. Мэдээж зөв хооллолт нь энэ өвчнийг удирдах, хяналтанд байлгахад маш чухал боловч инсулин, гипогликемик эмийн хэрэглээ шаардлагатай хүнд хэлбэрийн тохиолдолд хоолоор бүрэн эмчлэнэ гэдэг ташаа ойлголт. Энэ мэт ойлголтыг олон нийтэд буруу түгээх нь хүмүүсийг “эмэнд бус, хүнсэнд найд” гэх төөрөгдөлд оруулж, эмчилгээний хугацаа алдсанаар нөхөж баршгүй хохирол учруулах аюултай.
Мөн хорт хавдрын тухайд, "шим тэжээлээр хавдрыг зогсоож болно", "шийр идсэнээр хавдар арилна" гэхчлэн зарим хоолзүйч нэртэй хүмүүсийн өгч буй мэдээлэл нь судалгаагаар батлагдаагүй төдийгүй, өвчтэй хүмүүсийн итгэл найдвар дээр тоглож буй эмзэглэл хөндсөн, ёс суртахууны хариуцлагагүй үйлдэл юм. Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Америкийн Хавдар Судлалын Нийгэмлэг (ACS), ДЭМБ болон PubMed зэрэг мэргэжлийн судалгааны эх сурвалжууд хавдрын хооллолт, эмчилгээний уялдаа холбоог онцгой анхаардаг ч “эмчилнэ” гэдэг үгийг маш хянуур, баримт нотолгоотой хэрэглэдэг. Харин манайд баримтгүй, зөвхөн хувь хүний туршлага дээр суурилсан “би ингэж эдгэрсэн” гэх баримтлалууд нийгмийн итгэл дээр суурилсан буруу ойлголтыг бий болгож байна.
Тиймээс олон нийт хоолзүйн зөвлөгөөг хүлээн авахдаа эх сурвалжаа шалгаж, тухайн зөвлөгөө өгч буй хүний мэргэжлийн үнэмлэх, боловсрол, хариуцлагын системд бүртгэлтэй эсэхийг харгалзах зайлшгүй шаардлагатай. Мөн бодит өвчтэй, онош тавигдсан хүмүүс эмчийн хяналт дор, мэргэжлийн хоолзүйч буюу эмнэлгийн байгууллагад бүртгэлтэй нутриционистээс зөвлөгөө авах нь аюулгүй байдлыг хангасан зөв үйлдэл юм.
Эцэст нь, хоол хүнс бол анагаах ухааны нэг хэсэг байж болох ч дангаараа эм биш. Хүн бүрийн бие өөр, өвчний шалтгаан ялгаатай. Тиймээс нэг хүн дээр сайн нөлөө үзүүлсэн хүнс нөгөөд нь сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл ч бий. Эрдэм мэдлэг, нотолгоо, хариуцлагатай судалгаа дээр суурилсан мэдээллийг түгээх нь зөвхөн мэргэжлийн салбарын эрх биш, ёс зүйн үндсэн шаардлага юм. Тиймээс хоолзүйчид өвчний талаарх мэдээлэл өгөхдөө хариуцлагатай, шинжлэх ухааны үндэслэлтэй, туйлшралгүй байр суурьтай хандах хэрэгтэй. Эрүүл мэнд бол итгэл бус, нотолгоон дээр суурилдаг зүйл гэдгийг бид мартаж болохгүй.
Г.Эрдэнэбаяр
3,569.17






















































Диёто.Б.Отгонжаргал. 2025-07-29 202.126.88.125
Ер нь аливаа хүн өөрийн биеийн онцлог, мөн чанартаа тохируулж улирлаар хооллох уламжлалт
ёсоо баримтлан хоол хүнсээ тэнцвэржүүлэн хэрэглэх нь зөв шүү. Хүнсний нэр төрөл болгоныг
хэт мэдэмхийрэн муулж байгаа хүмүүсийн үгэнд бүү
итгээрэй.Таван тансаг хүнсний бүтээгдэхүүнээ тэнц-
вэртэйгээр зөв зохистой хэрэглэх нь зөв юмаа.Мөн
хүний бие махбодод хүчиллэг, шүлтлэг орчин био-
химийн урвалаар бий болж байдгийг мартаж болохгүй.Хооллолтод энэ бас нөлөөлнө.
Монгол Улсын иргэн 2025-07-29 122.201.31.11
яг үнэн сэдвийг хөнджээ. сүүлийн үед бүүр идэх хоол ч олдохгүй болсон. энэ ч муу, тэр ч муу, эсвэл тэрийг ид, харин үүнийг хэзээ ч бүү ид гэх мэт. харин тээр нэгэн цагт Шри Шри гийн саранцэцэг багш хүний бие өөрт нь юу хэрэгтэй байгааг мэддэг, тийм учраас юу идмээр санагдаж байна, түүнийгээ л ид. харин хэмжээгээ тохируулж идэх нь таны ухаан юм гэж хэлж байсан. тэр л хамгийн зөв юм шиг санагддаг шүү.
Нэргүй 2025-07-29 202.55.188.40
Тэгээд мэддэг мэргэжилтэнгүй нь иргэдэд мэдлэг олгож байгаа нь хаана байна? Японы Эн Эйч Кэй ТВ-г л хар л даа. Өдөр бүр эфирт нь эрүүл мэндтэй холбоотой программ гарч л байдаг. Хүмүүс нь наад захын ойлголттой байх жишээтэй. Манайд мэдээлэл түгээж байгаа тэр хүмүүсийн буруу биш шүү дээ. Улсаас бодлогоор зохион байгуулж байгаа юм алга. Тийм хоосон орон зайнд хүмүүс гарч ирэх нь ойлгомжтой асуудал
Иргэн 2025-07-29 66.181.181.184
зарим залуу эмч нар арай л их нээлт хийж байгаа шүү!!! Бусдаасаа ичэх эмээх юмгүй улайрч болохгүй шүү!!! мөнгө олоход учир бий!!
Зочин 2025-07-29 202.55.188.118
Эмч эмнэлгийнхэн чинь алуурчид болчихоод байхад яаж итгэх юм. Эмчийн алдааг ШУ-ны үндэстэй нотолгоонд суурилсан бодит дүгнэлт гаргаж шийддэг шүүх прокурор байдаггүй учраас эмч нэр зүүсэн л бол төрийн хамгаалалттай гэсэн үг.
Нэргүй 2025-07-29 66.181.160.31
Боловсрол дутуу хүмүүс энэ мэт шинжлэх ухааны нотлгоогүй юманд амархан итгэж дагадаг!! Үүнд нэг талаас манай анагаах ухааны түвшин хангалтгүй, эмнэлгийн үйлчилгээ дутмаг байгаа нь нөлөөлдөг л байх?! Хамгийн гол нь хувь хүн аливаа юманд шүүмжлэлтэй анализ, зөв дүгнэлт хийж чаддаг байх нь чухал!!!
Нэргүй 2025-07-29 202.55.188.40
Тийм шүү. Авах гээхийн ухаанаар хандах нь чухал.
зочин 2025-07-29 103.168.34.119
Мэддэггүй юмаа ярьж мундаг хүн боло санаатай хүмүүс байна байна
Эмч 2025-07-29 122.201.31.10
Тун зөв асуудлыг хөнджээ. Сэтгүүлч танд талархая.
🤪 2025-07-29 202.9.47.18
"Юу ч мэдэхгүй байгаагаа" ч мэдэхгүй.
Нэргүй 2025-07-29 66.181.182.221
Манай байшинд гэхэд пептид гэдэг юм сурталчилсан нэг нөхөр байна. Ярьж байгаагаар нь бол ид шидтэй гэх. Интернетээс асуухаар хэн ч мэдэхгүй
Нэргүй 2025-07-29 203.91.115.49
Сайхан.