Хятадын Ганьсу мужид цэцэрлэгийн 230 гаруй хүүхэд хар тугалга агуулсан үйлдвэрийн зориулалтаар ашигладаг будагт хордсон хэрэг гарчээ. Улмаар мужийн эрх баригчид цэцэрлэгийн зургаан ажилчныг баривчилж, 30 гаруй хүнд сахилгын хэрэг үүсгэж шалгаж эхэлсэн байна. Энэ сарын эхээр болсон уг хэрэг Хятадын боловсролын байгууллагын хүнсний дүрэм журмыг зөрчсөн хамгийн том хэрэг гэгдэх болж үндэсний анхаарлыг татаад байна. Ганьсу мужийн намын хорооноос Ням гаригт (2025.07.20) нийтэлсэн мөрдөн байцаалтын тайланд дурдсанаар аюулгүй байдал, хяналт шалгалтын явцад алдаа гарсан, мөн хэргийг нуун далдлах, хэргийг хариуцсан хүмүүст хахууль өгөх, шинжилгээний хариуг өөрчлөх гэсэн оролдлого илэрсэн байна. Тухайлбал, Тяньшүй цэцэрлэгийн эрхлэгч хүүхдүүдэд өгч буй хоолны өнгө, үзэмжийг сайжруулах замаар илүү олон элсэгчдийг татахыг хүссэн аж.
Улмаар цэцэрлэгийн тогооч цахим худалдааны платформоос үйлдвэрлэлийн зориулалттай будгийг худалдан авч, "хүнсний хэрэглээнд зориулагдаагүй" гэх анхааруулгыг үл харгалзан өдрийн хоол хийхдээ ашигласан байна.
Уг худалдан авсан будгийн хар тугалганы хэмжээ хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнээс 400 мянга дахин их байсныг хожим шинжилгээгээр тогтоогдсон байна. Тяньшүй цэцэрлэг өмнө нь хямд үнээр хүнсний зориулалттай будгийг худалдаж авдаг байсан ч илүү тод өнгөтэй хоол бэлтгэхийг илүүд үзсэнээр хүүхдүүд хордсон юм. Үйлдвэрийн зориулалттай өнгө оруулагч будаг ашиглаж хийсэн амттаныг идсэн 235 хүүхэд тухайн өдрөө хордлогын шинж тэмдэг өгч, эмнэлэгт хэвтсэн гэж мэдээлж байв. Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр, хүүхдүүдийн гэдэс өвдөж, дотор муухайрч байсан төдийгүй зарим хүүхдийн шүд нь харласан байна. Гэхдээ бодит тоо баримтаар 247 хүүхдээс гадна цэцэрлэгийн захирал, ажилтнуудын цусан дахь хар тугалганы хэмжээ ихэссэн болох нь тогтоогдсон байна.
Цэцэрлэгийн захирал тэргүүтэй зургаан ажилтныг химийн хортой хоолоор үйлчилсэн хэргээр баривчилжээ.
Сургууль, эмнэлэг, төрийн байгууллагад ажиллаж байсан бусад 27 хүнд сахилгын хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Гэхдээ Ням гаригт олон нийтэд ил болсон тайланд хэргийн үйл явц, хариу арга хэмжээний бараг бүх шатанд санаатайгаар нуун дарагдуулах гэсэн оролдлого илэрсэн болохыг онцолсон байв. Тайланд дурдсанаар, Ганьсу мужийн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв уг хэргийг хүлээн авсныхаа дараа үл тоомсорлож, эрүүл мэндийн журам зөрчиж, дээж болон шинжилгээний хариуг асар зөрүүтэй гаргасан байна. Тяньшүй хотын хоёрдугаар ардын эмнэлэгт дор хаяж хоёр хүүхдийн шинжилгээний хариуг хууль бусаар өөрчлүүлж, хар тугалганы агууламж багассан гэх худал хариу гаргасан аж.
"Тяньшүй хотын ардын хоёрдугаар эмнэлэг болон түүний лабораторийн тасгийн удирдлага эмх замбараагүй байдал үүсгэж, ажлын хариуцлагаа бүрэн хангаагүй, лабораторийн чанарын хяналт мөн адил хангагдаагүй, холбогдох мэргэжлийн хяналтын ажилтнууд системтэй сургалтад хамрагдаагүй байна” гэж тайланд онцолсон байв.Түүнчлэн өндөр төлбөртэй тус цэцэрлэг зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулахаас гадна хоёр жилийн хугацаанд хувийн цэцэрлэгийн хүнсний аюулгүй байдлын хяналт шалгалтад ороогүй байхад орон нутгийн боловсролын товчоо "нүдээ аньсан" гэж буруутгажээ.
Улмаар Тяньшүй цэцэрлэгийн томоохон хөрөнгө оруулагч болон тус сургуультай холбоотой бусад хүмүүс хүүхэд хордсон хэргийг нуун дарагдуулах гэж, хээл хахууль өгсөн байж болзошгүй гэж сургуулийн өмнөх боловсрол хариуцсан албан тушаалтнууд сэжиглэж байна.
Хятадын Авлигатай тэмцэх дээд байгууллага Тяньшүй цэцэрлэгт гарсан хэргийн дараа төрийн олон түвшний албан тушаалтан болон шинжилгээ явуулсан эмнэлгийн удирдах албан тушаалтуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, мөрдөн байцаах ажиллагааг эхлүүлсэн байна. Хүүхдүүдийн зарим нь эмчлэгдэж, эмнэлгээс гарч эхэлсэн бөгөөд эмчилгээний үр дүнд цусан дахь хар тугалганы хэмжээ дунджаар 40 хувиар буурсан байна. Түүнчлэн Тяньшүй хотын Майжи дүүргийн "Brownstone Peixin" цэцэрлэгт цусны хар тугалганы хэвийн бус асуудал гарсанд мужийн намын хороо болон мужийн засгийн газар харамсаж буйгаа илэрхийлж, хүүхдүүд болон тэдний эцэг эхээс гүнээ уучлалт гуйсан байна.
Тайланг нийтлэхтэй зэрэгцэн Ням гаригийн орой цэцэрлэгийн гадаа эцэг эхчүүд эсэргүүцлийн жагсаал хийсэн. Хятад дахь эсэргүүцлийг хянадаг ажилтны цахим орчинд нийтэлсэн бичлэгээс үзвэл Тяньшүй цэцэрлэгийн гадаа цагдаа болон хэдэн зуун жагсагчдын хооронд мөргөлдөөн болсныг харуулна. Цагдаа нар жагсагчдын эсрэг бороохой ашиглан хүч хэрэглэж, уур бухимдалдаа туйлдсан эцэг эхчүүд хариу мөргөлдөж байжээ.
Нэргүй 46 минутын өмнө 81.9.119.87
!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom