Авлигатай тэмцэж, шударга ёсыг тогтоон хөгжил дэвшилд хүргэнэ…
/АТГ-ын эрхэм зорилгоос/
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ болон түүний хүү О.Тэмүүлэнгийн хөрөнгө, орлогыг шалгах хугацааг АТГ-аас 30 хоногоор сунгасан нь өчигдөр дуусгавар болсон. Тиймээс АТГ өнгөрсөн хоёр сарын хугацаанд буюу нийтдээ 60 хоногийн турш Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ болон түүний хүүгийн орлогыг хууль ёсных уу, хулгай луйврынх уу гэдгийг шалгасны дараа өгсөн тайлбар нь "Нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд үнэн зөв мэдүүлэх, хөрөнгө, орлогын эх үүсвэрээ бодитой, үнэн зөв тайлбарлах үүргийг хуулиар хүлээдэг. Харин иргэн О.Тэмүүлэн нь өөрийн хөрөнгө, орлогыг мэдүүлэх, тайлбарлах үүрэг бүхий нийтийн албан тушаалтан биш юм. Хяналт шалгалтаар гомдол, мэдээлэлд дурдагдсан О.Тэмүүлэнгийн зарцуулсан хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны болох нь тогтоогдлоо.
Харин Монголд Л.Оюун-Эрдэнийн хүүгийн 17 саяын алмазан бөгжний дуулиан ингээд “домог” болж үлдэх бололтой.
“Шударга ёсны төлөө иргэдийн итгэл хүлээсэн байгууллага байна” гэж алсын хараагаа тодорхойлсон АТГ ажлаа хийж чаддаг уу. Гэдэг нь анхаарлын тэмдэг. АТГ өнгөрсөн 18 жилийн хугацаанд жинхэнэ, том авлигачид хэдийн барив. Гэдэг нь асуултын тэмдэг.
Үндсэндээ, “Авлигатай тэмцэхээс алхам ухрахгүй” гэж амлаж явсан экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн авлигатай тэмцсэн он жилүүдэд Монгол Улсын авлигын индекс, ардчиллын индекс, хэвлэлийн эрх чөлөөний индекс хэдэн арван байраар арагшилсан.
“Транспэрэнси Интернэшнл Монгол” төрийн бус байгууллагаас гаргасан судалгаагаар Монгол Улсын авлигын индексээр сүүлийн таван жилд: 2019 онд 35 оноо авч, 180 улсаас 106 дугаар байрт, 2020 онд 35 оноо авч, 180 улсаас 111 дүгээр байрт, 2021 35 оноо авч, 180 улсаас 110 дугаар байрт, 2022 онд 33 оноо авч, 180 улсаас 116 дугаар байрт, 2023 онд 33 оноо авч, 180 улсаас 121 дүгээр байрт тус тус эрэмбэлэгдэж байжээ. Харин 2024 онд долоон байраар урагшилсныг АТГ-ын ажлын болоод Л.Оюун-Эрдэнийн авлигатай тэмцсэн тэмцлийн үр дүн гэж хэлэхэд ичгэвтэр. Авлигын индекс бол АТГ ажлаа хэр хийж буйг харуулсан товч үзүүлэлт. Тэр тусмаа V-DEM институтын ардчиллын индексээр Монгол Улс Ази тивдээ автократ дэглэм рүү орсон зургаан улсын нэгээр нэрлэгдсэн нь АТГ нь Л.Оюун-Эрдэнийн” нохойд барьдаг мод” болсноос өөрөөр үндсэн үүрэг, өргөсөн тангаргаа умартсаны нэг нотолгоо юм. АТГ байгуулснаар Монголд авлига өссөн үү гэхээс үнэндээ буураагүй.
Хоёр
Төрөөс зарласан тендер будлиантуулах, хэт өндөр үнийн дүнгээр тендер гүйцэтгэх, олсон ашгаа улстөрчдөд хуваадаг үзэгдэл Монголд гэм биш болсон. Өөр улсад хэн нэгэн албан тушаалтан төрийн тендер будилаантуулах, аль нэг компани өндөр үнэтэй тендер авч, улстөрчидтэй ашгаа хуваавал авсан, өгсөнтэйгөө авлигын хэргээр шууд шоронд орно.
Атал Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хамаатан /үеэл/ И.Болор-Эрдэнэ гэгчийн “Ай Ти Эс Өү” компани төрөөс зарласан 136 тендерт оролцож, өндөр дүнтэй бүх л тендерийг авсан нь Монголын “шударга ёс” юм. Түдэй Монголд Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын хамаатан садан л төрийн тендерт азтай, одтой байгаа нь гүтгэлэг биш.
Жишээ нь, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн төрсөн ах Б.Баатар улсын наадмыг 10 тэрбумаар найруулсан нь ашиг сонирхлын илэрхий зөрчил төдийгүй, авлигын шинжтэй үйлдэл. Харин манайд хууль хоёр өөрөөр үйлчилдэг, “Херо”-г хэн шалгаж, нохойг хэн саах билээ.
Монгод ардчилсан тогтолцоотой, хуулийн засаглалтай улс мөнсөн бол АТГ аль хэзээний Ерөнхий сайдын 50 хувийн эзэмшилтэй “Херо энтертаймент” болон 100 хувь эзэмшдэг “Хүлэг” компаниар төсвийн хэр их мөнгө орж, гарсны шалгаад, шүүх нь хийсэн хэрэгт нь ял зэм хэдийнэ оноочихсон байгаа.
Гээд Монгол чинь автократ дэглэмд шилжсэн зургаан улсын нэг болсон. Тиймдээ ч Л.Оюун-Эрдэнийн орлогыг хууль, шүүх нь шалгаж тогтоож чадахгүй байгаа юм. Уг нь Л.Оюун-Эрдэнийн орлогыг нотлоход тийм ч хэцүү биш. Олсон ашгийг нь төлсөн татвартай нь жил, сараар нь гаргаад ирэхэд л хууль ёсны орлого уу, хулгай луйвар хийв үү гэдэг нь тов тодорхой болчихно. Л.Оюун-Эрдэнэ ч өөрөө олны шаардлагын хүрээнд орлогоо нотлоход мөн амархан болсон. Иймээс л Л.Оюун-Эрдэнийн орлогыг нотлож чадаагүй, элдэв марзан мэдэгдэл хийж суугаа АТГ-ыг татан буулгавал таарна.
Б.БАТ
3,595.38






















































Холбоотой мэдээ