Дэлхийд ганцхан монгол наадам дэнж хотойтол сайхан боллоо. Гэвч наадмын маргааш намар болдог. Зуны сар зургаа, намрын сар найм биш. Наадмаас наадам дамжин найрлах зуур нарын шаргал өдрүүд "өндөрлөж", өвлийн улирал утаатайгаа заларна. Харамсалтай нь, наадам дуусч намар болсныг, намар дуусч өвөл болохыг анхаарч, анзаарч буй нь цөөхөн.
Жилийн жилд, зуны зунд, намрын намар, зугаалж, найрлаж яваад гэнэт өвөл утаагаа олж хардаг монголчуудын гэм биш зан. Энэ өвөл ч Улаанбаатар утаанаасаа салахгүй гэдэг нь тов тодорхой болсон. Уг нь хэн, хүнгүй л өвөлдөө өнөөдрөөс бэлдвэл хүйтнийг хүндрэл бэрхшээл багатай давна.
Энэ өвөл нийслэлчүүдийг нэлээд амаргүй асуудлууд хүлээж буй. Учир нь нийслэлчүүдийг цахилгаан эрчим хүчээр хангадаг ганц цахилгаан станцад нь гэмтэл гараад хоёр сарын нүүр үзлээ. Салбарын сайд нь хариуцлага хүлээхэд бэлэн, үүнийг засварлахад маш их хөрөнгө зарцуулна гэхээс өөрөөр шийдэл хэлсэнгүй, хийсэнгүй өнөөдрийг хүрлээ. Ерөнхий сайд Г.Занданшатар энэ сарын 16-нд ДЦС-3 ажиллаж нөхцөл байдалтай танилцсан. Энэ үеэр засвар, шинэчлэлийн ажлаа эрчимжүүлж, өвөл гал алдахгүй байхад анхаарч, эв нэгдэлтэй ажиллахыг эрчим хүчний салбарынханд сануулаад дараах үүрэг даалгаврыг өгөөд буй.
Шинэ Засгийн газар байгуулагдаад нэг сар болов
Өмнөх засаг огцорно, огцрохгүй гэсээр бараг сарын хугацаанд улс төр ороо бусгаа байж ямар ч ажил өрнөөгүй, хийгдээгүй гэхэд хилсдэхгүй. Ингээд шинэ засаг байгуулагдаад нэг сарын хугацаа өнгөрч наадам залгаж мөн л дорвитой шийдэл, ажил хийсэнгүй.
Угтаа шинэ Ерөнхий сайд томилогдохдоо, хэмнэлтийг өөрсдөөсөө эхэлж төрийн байгууллагуудыг цомхотгоно, хувийн хэвшлийн хийх ёстой ажлыг төр хийхгүй, баялаг бүтээгч нараа бүх талаар дэмжинэ, авлигаас ангид үнэнээ хэлдэг засаг байна гэдгээ илэрхийлсэн.
Гэтэл Л.Оюун-Эрдэнийн хүүгийн тансаглалын асуудлыг АТГ-т шалгаж байна гээд мөн л хоёр орчмын хугацаа өнгөрч өнөөдрийн хүртэл таг чиг байна. Баяр наадам гэсээр бид үүнийг мартсан болтой.
Энэ оноос эхлэн шахмал түлшийг хэрэглээнээс хасч хийн түлшид шилжинэ
Утаатай тэмцэнэ гэх асуудал нэгэнт улиг болсон. Утааг бууруулах гэж зуух, яндан, нүүрс, олон жилийн насжилттай машин гээд утаа ялгаруулж буй бүгдийг сольж, хориглож үзлээ.Үе, үеийн хотын дарга нар Засгийн газрын гишүүд эрх баригчид утааг бууруулахад хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгө мөнгө зарцуулсан ч утаа буураагүй эсрэгээрээ нэмэгдсэн гэхэд хилсдэхгүй. Улмаар сайжруулсан шахмал түлшийг болохгүй байна гэж үзээд 2025 оны аравдугаар сар гэхэд 20 мянган айлыг газ буюу хийн түлшийг хэрэглээнд нэвтрүүлнэ гэж албаныхан мэдээлсэн. Улмаар эхний хоёр жилд 100 мянган айлын шилжилт хийхээр төлөвлөж байгаа аж. Ингэснээр эхний хоёр жилд 100 мянгыг нь хийн түлшээр халаадаг болчихвол гэр хорооллын утаа хоёр дахин багасах боломжтой гэж үзэж буй. Одоогоор манай улсад 200 орчим айл өрх, байгууллага хийн түлшээр дулаанаа шийдсэн байна. Хийн түлшээр дулаанаа шийдэхэд өртөг маш өндөр бөгөөд эрсдэл их. Энэ мэт шинэ шийдлээ хэрэглээнд нэвтрүүлэхэд бид бэлэн үү!
Хамгийн чухал нь бидний төсвийн ихэнхийг бүрдүүлдэг нүүрсний үнэ унасан хэвээр байна. Сангийн сайд нь төсвийн орлого энэ чигээр тасарсан хэвээр байвал намар дахиад төсөв тодотгоно гэдгийг мэдэгдсэн. Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт дордож, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ цаг минутаар өссөөр байна. Үүний зэрэгцээ ам.долларын ханш чангарсан хэвээр байна. инфляцыг хэрхэн барих эдийн засгаа яаж тогтвортой байлгах вэ гэдэг асуудал тулж ирээд буй.
Удахгүй сургууль, цэцэрлэг эхэлэхтэй зэрэгцээд Улаанбааатарын түгжрэл нэмэгдэнэ. Гэтэл зам засварын ажил хийх нэрээр энд, тэнд овоолсон шороо, ухсан нүхтэйгээ зуныг үдэж, намартай золголоо. Улаанбаатар ундуй сундуй, нүүдлийн айл шиг болжээ.
Дээрээс нь улаанбуудайн гурил, малын тэжээл зэргийг гаалийн албан татвараас чөлөөлөх шийдвэр гаргаснаар гаднаас импортын улаанбуудай, гурил авснаас үүдэж дотоодын үйлдвэрүүдэд сөргөөр нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, 2023 онд 443 мянган га талбайд улаанбуудай тариалж байсан бол энэ онд 264 мянган га талбайд улаанбуудай тариалахаар төлөвлөсөн нь тариалалт 40 гаруй хувиар буурсан үзүүлэлт болсон. Тиймээс улаанбуудай, малын тэжээлээ өмнөх импортын татварын дагуу авах нь зөв гэж үзэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм. Уг хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэж, хаврын тариалалтын өмнө шийдэх хүлээлттэй байсан ч шийдэж чадаагүй. Энэ мэт хадлан тэжээл, тог цахилгаан гээд энэ улсад шийдэх ёстой өчнөөн асуудал бий.
Энэ жил Улаанбурхан өвчний тархалт эрс нэмэгдсэн нь бас анхаарах асуудал болоод байна. Өнөөдрийн байдлаар 12 мянга гаруй хүүхэд улаанбурханаар өвчилжээ.
Улаанбаатарын утаа, цаг агаарын эрс тэс уру амьсгалаас болоод өвөлжингөө нийслэлчүүд ханиад томуунд дарлуулна. Өвдсөн, ханиасан үр хүүхдээ аваад эмнэлгийн хонгилдоо хэвтэнэ. Ийм амьдралыг туулдаг атлаа намрын сар найм мэт найрлаж зугаалсаар л. Намрын найр нь ихэдвэл өвөл нь зуд нүүрлэнэ. Зуд залхуу, залхаг айлын "гэрт" нүүрлэдэг.
3,595.72






















































Холбоотой мэдээ