Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито болон Эрхэм Дээд Хатан Масако нар Монгол Улсад айлчилж, хоёр орны найрсаг харилцааг нэмэгдүүлэн, дайны хохирогчдод хүндэтгэл үзүүлсэн билээ. Тэгвэл Ням гаригт (2025.07.13) Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито болон Эрхэм Дээд Хатан Масако нар Монгол Улсад айлчилсан явдал нь хэзээ ч мартагдашгүй гэж тодорхойлсон байна.
Эзэн Хааны хэвлэлийн албанаас айлчлалын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, "Бид Монгол Улсын баялаг түүх соёл, байгалийн гайхамшгийг шууд мэдэрч чадсан" гэжээ.
Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 80 жилийн ойг тохиолдуулан хийсэн найм хоногийн айлчлалын үеэр Цог Жавхлант Эзэн Хаан болон Эрхэм Дээд Хатан нар тухайн үед Монгол дахь хорих лагерьд хоригдож байсан япончуудад хүндэтгэл үзүүлжээ. Дайны дараа Зөвлөлтийн хүчин Сибирьд хоригдож байсан 575 мянга гаруй япон цэргээс 14 мянган цэргийг Монгол руу илгээж байв. Эдгээр цэргүүд хоёр жил гаруйн хугацаанд дэд бүтцийн төсөл дээр ажиллаж байсан бөгөөд 1,700 нь амиа алдсан гэж тэмдэглэгдсэн байдаг байна.
Японы засгийн газраас Улаанбаатар хотын захад байгуулсан дурсгалын хөшөөнд Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито болон Эрхэм Дээд Хатан Масако нар Мягмар гаригт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэн чимээгүй зогссон юм. Энэхүү үйл явдал нь Цог Жавхлант Эзэн Хаан хилийн чанад дахь цагдан хорих газарт амиа алдсан япончуудын дурсгалыг хүндэтгэсэн анхны тохиолдол аж. Эзэн Хааны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр, Монголын төр засаг, ард түмэнд халуун дотноор угтан авсанд талархаж буйгаа илэрхийлж, айлчлалаар дамжуулан хоёр орны найрамдалт харилцаа олон жилийн турш ахиц дэвшилтэйгээр бэхжиж буй талаарх ойлголтоо гүнзгийрүүлсэн.
Мөн Эзэн Хааны нэрийн өмнөөс "Залуу үе цаашид харилцан сонирхлоо гүнзгийрүүлж, хоёр талын харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бид найдаж байна" гэсэн байна.
Хятад, Орос хоёрын дунд оршдог Монгол Улс Япон улстай 1972 онд дипломат харилцаа тогтоосон. Хожим 1990 онд Монгол Улсад ардчилал, эдийн засгийн либералчлал эхэлснээс хойш Япон улстай нягт харилцаа холбоогоо нэмэгдүүлсэн билээ.
3,595.11






















































Холбоотой мэдээ