Хөвсгөлийн Мөрөн сумаас Хатгал чиглэлийн замд байдаг Бэрхэмшийн сайр руу үерийн ус орсон байна. Иймд энэ чиглэлд хөдөлгөөн үйлдэж байгаа иргэд аюулгүй байдлаа ханган анхаарал болгоомжтой зорчихыг Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69-р анги анхааруулж байна.
Цаг уурын байгууллагаас долдугаар сарын 13-ны Ням гаригийн өглөө Говь-Алтай, Завхан, Архангайн нутгаар, өдөртөө Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булганы нутгаар, үдээс хойш дээрх аймгуудаас гадна Төв, Сэлэнгэ, Дундговийн нутгаар, үдэш оройдоо Хөвсгөл, Булган, Архангай, Төв, Сэлэнгийн нутгаар усархаг аадар бороо үргэлжлэн орж, улмаар голын усны түвшин ихээхэн нэмэгдэх, уулын гуу жалга, судгийн дагуу гэнэтийн үер буух эрсдэл үүсэхээр байна. Иймд Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Төв, Сэлэнгийн нутгаар амарч наадамлаж яваа аялагчид, амрагчид, малчид, нийт иргэд үер усны аюулаас урьдчилан сэргийлнэ үү. Архангайн Өгийнуур, Батцэнгэл сум, Булганы Могод, Гурванбулаг, Рашаант сум, Өвөрхангайн Бүрд сум, Сэлэнгийн Ерөө, Хүдэр зэрэг сумдын нутгаар аялаж, амарч байгаа иргэд онцгой анхаарал болгоомжтой байгаарай. Үерийн эрсдэл нэмэгдэхээр байгаа тул ОБЕГ, дээр дурьдсан аймаг, сумдын удирдлагын зүгээс ард иргэд, тээвэрчид, аяланчдад зориулсан сэрэмжлүүлэг, мэдээллийг тогтмол түгээж, 13-14-ний өдрүүдэд бэлэн байдлаа хангаж ажиллах шаардлагатай болохыг урьдчилан анхааруулж байна.
Холбоотой мэдээ