"Ганган хромоо тослоод, Төв цэнгэлдэх орно доо" хэмээн хэвлүүхэн ярих энэ хүүг Б.Отгонжаргал гэдэг. Тэр одоо 10 настай. Таван настайгаасаа хурдан морь унаж эхэлсэн тэрбээр өдгөө туршлагатай уралдаанч болжээ. Ерөнхий боловсролын 69 дүгээр сургуулийн 5А ангийн сурагч хүү зуны амралт эхэлмэгц хөдөө цэвэр агаарт гарч, мориныхоо ажлыг хийхээр яарна. Түүний аав Д.Баясгалан нь Төв аймгийн Эрдэнэ сумын уугуул бөгөөд нутагтаа 20 гаруй жил хурдан морь уяж буй уяач. Эднийх энэ жилийн баяр наадмуудад их нас, шүдлэн, даага гэсэн гурван насны морь сойж байгаа бөгөөд гурвууланг нь Отгоо унана.
Отгоогийн энэ жилийн эхний хурдан морины уралдаан 2025 оны долдугаар сарын 7, 8-нд зохион байгуулсан Налайх дүүргийн наадам байв.
Тэрбээр даага, их нас гэсэн хоёр насны морь унаж уралдсан бөгөөд хараахан айраг, түрүү хүртэж чадаагүй байна. Уралдааныхаа тухай Отгоо ярихдаа "Налайхын наадмын эхний өдөр их насны морь унаж, уралдсан ч өнгөн дээр нэг км давхиад суучихсан. Морь маань ядарч, цуцсан учраас уралдаанаа дуусгаж чадаагүй. Миний хувьд бүх насны хурдан морь унадаг. Гэхдээ энэ жил азаргаа унахгүй, тавьж байгаа. Одоогоор уралдааны айраг, түрүү авч амжаагүй л байна. Ер нь хурдан морь унаад, айрагдах л хамгийн гоё. Миний мөрөөдөл айрагдах" гэсэн юм.
"УРАЛДААНЧ ХҮҮГИЙН ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ НЬ УЛСЫН БАЯР НААДАМД УРАЛДАЖ, АЙРАГДАХ"
Б.Отгонжаргал таван хүүхэдтэй айлын отгон хүү. Тиймдээ ч аав нь хүүдээ "отгон"-той нэр хайрлажээ. Гурван эгч, нэг ахтай. Бага эгч нь бас хурдан морь унадаг байсан тухай аав, ээж нь ярьсан юм. Ах, эгч нь бүгд том болцгоосон учраас Отгоо болон түүний хайртай хээр даага гэр бүлийнхээ "олимп"-ийн найдвар нь болжээ. Хар багаасаа морь, малд ойр өсч, хурдан морь сонирхож эхэлсэн уралдаанч хүүгийн хүсэл мөрөөдөл нь улсын баяр наадамд уралдах.
Тэрбээр энэ жил хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр чин сэтгэлээсээ хичээж байгаагаа хэлсэн юм.
Түүний хувьд хамгийн том уралдаан нь Төв аймгийн 100 жилийн ойн баяр наадам гэнэ. Тэр наадамд уралдаанч хүүгийн унасан соёолон 30, даага нь 40 дүгээр байранд орж ирсэн байна. Харин хамгийн амжилттай уралдсан уралдаан нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын наадам. Отгоо тэр наадамд эхний 10 байранд багтаж, өмнөх амжилтуудаа ахиулсан тухайгаа ярив. Тэрбээр "Хээр даага бид хоёр гэр бүлийнхээ олимпийн найдвар нь. Бид хоёр сайн байвал улсын баяр наадамд уралдана" хэмээн инээмсэглэн, итгэл дүүрэн хариулах нь өхөөрдөм.
"ЗАРИМДАА ӨӨРИЙГӨӨ ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНД ТҮРҮҮЛЖ БАЙНА ГЭЖ ЗҮҮДЭЛДЭГ"
Уралдаанч хүү Б.Отгонжаргалын хамгийн сайн найз нь О.Хүслэн. Найз нь нэг насаар ах хэдий ч морь унах тал дээр Отгоогоос их зүйл суралцдаг гэдгийг хэлсэн юм. Үе тэнгийн хоёр ханиндаа морины ажлаа хийж, өдрийг зугаатай өнгөрүүлэх аж. Хааяа их ажлын хажуугаар барилдаж, хоорондоо хүчээ сорино. "Барилдахаар ихэвчлэн Отгоо давдаг юм дөө" гэж О.Хүслэн хүү итгэл муутайхан хариулна. Нээрээ л Отгоо хүү шөрмөс зааж, найзыгаа хөлдөөд давчихав. Унасан О.Хүслэн хүү "Тээр би танд хэлээ биз дээ" гэж ам асуух нь тэр.
Уралдаанч хөвгүүд их эртэч. Баяр наадмын өглөө үүр, шөнийн заагаар босч, уралдаандаа бэлдэнэ.
Отгоо, Хүслэн хоёр хамгийн эртдээ үүрийн 04.00-05.00 цагт босч, өглөөний цайгаа уугаад л уралдан гарцгаана. Улсын баяр наадам дөхөхөөр сэтгэл нь догдлоод нойр хүрдэггүй гэдгийг тэд хэлж байлаа. Заримдаа өөрсдийгөө хурдан морины уралдаанд түрүүлж байна гэж зүүдэлдэг тухайгаа ярьсан юм. Б.Отгонжаргал хүү "Энэ жилийн баяр наадмаар заавал түрүүлнэ. Тэгэхийн тулд сайн хичээж, өдөр бүр мориныхоо ажлыг дутаахгүй хийж байна" гэв.
"ЕР НЬ УНАЖ БЭРТЭХГҮЙ БАРИАНД ОРОХ НЬ ХАМГИЙН САЙХАН"
-Үе тэнгийн найзуудыг нь гар утас их үздэг гэж шүүмжлэх юм. Та хоёр утас үздэг үү?
Б.Отгонжаргал: Утас үзэх нь үзнэ ээ. Гэхдээ тэгж их донттолоо үздэггүй.
-Гремикс гэж таних уу?
О.Хүслэн: Мэднэ. Ютүбэр ах байдаг. Бас олон мянган дагагчтай. Би лав уулзаж үзэхийг хүсдэг.
Б.Отгонжаргал: Би лав уулзахыг тэгж их хүсдэггүй. Морио унаад л хөдөө байх нь сайхан байдаг гэж хариулав.
Тэднээс хурдан морины уралдааны гараанаас гарахад хэр сандардаг тухай нь асуухад "Жаахан л сандардаг. Зарим морьд зайраад байдаг. Ер нь аман зөөлөн номхон морь унах сайхан. Уралдааны зам нь бороо устай, халтиргаатай бол хэцүү. Хаврын уралдаанд уралдахад шавар шавхай үсрээд их хэцүү байдаг" гэдгийг хэлж байлаа.
Отгоо хүүгийн хувьд хурдан морины уралдааны үеэр хоёр, гурван удаа мориноосоо унаж, бага зэрэг гэмтэж байжээ. Тэгсэн хэдий ч хурдан морь унахаа больё гэж бодож байгаагүй гэдгийг хэлж байв. Түүний найз О.Хүслэн "Миний хамгаалах хэрэгсэл бүрэн бий. Хамгаалалтын малгай, цээживч, өвдгөвч, тохойвч өмсөх ёстой. Цанх татахаас сэргийлдэг хэрэгсэл бас байдаг. Зарим хүүхдүүд тийм юм зүүдэггүй юм. Ер нь унаж бэртэхгүй барианд орох нь хамгийн сайхан" гэдгийг хэлсэн юм.
Харин Отгоо хүү "Ер нь хурдан морь унах сайхан. Тарал зарлаад, найзуудтайгаа хамт морь унах нь их гоё санагддаг. Бас их олон найзтай болдог. Би ирэх жилийн баяр наадамд уралдаад хасагдах байх. Гэхдээ хурдан морь унахаа больсон ч туслах тавиачаар ажиллана. Ирээдүйд улс, аймгийнхаа нэрийг дуудуулсан Тод манлай уяач болно. Хүүхэд багачууд маань үндэсний өв соёлоо хадгалж, тээж, авч үлдээсэй. Молор эрдэнэ болсон морио унаж сураарай гэж хэлмээр байна. Морин дэл дээр салхи татуулан давхих сайхан шүү" хэмээн хээр дааган дээрээ мордож, гийнгоо уянгалуулав.
Ум хэрэ, Бадан дади, Базар горьда, Хаян хярваа, Хүлү хүлү, Хум пад, Гийнгоо…
















Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Нэргүй 2025-07-11 81.9.119.176
!!!!!! Халуун охид таныг хүлээж байна ~~ Sexy24.mom
Richest stomach 2025-07-11 202.9.46.148
баян ходоод руу үлдэх найдвар.
Emrt +batalgaagyigl + ni; 2025-07-11 169.133.250.254
-ylcuun; tal tald ordg +byrgedeicjntei
Нэргүй 2025-07-11 66.181.185.252
наадмын нээлтийн диктороо солих цаг болжээ