“…Эдийн засгийн хөгжлийг эрчим хүч тодорхойлж байна. Энэ салбарт өрнөж буй суурь өөрчлөлтүүд нь ашигт малтмалын салбарыг илүү чухал сэдэв болгох болов” хэмээн Колумбийн их сургуулийн Дэлхийн эрчим хүчний бодлогын төвийн ахлах судлаач, Жонатан Элкинд Улаанбаатар хотноо анх удаа болсон Төв Ази-Монгол-Кавказ-Афганистан(CAMCA) бүс нутгийн форумын үеэр тэмдэглэн хэлсэн юм. Тэр ч утгаараа Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) ашигт малтмалын зах зээлийн хөгжлийг анхааралтай ажиглаж байдгийг тэрбээр онцлоод “Өнгөрсөн долоо хоногт IEA 2025 оны чухал ашигт малтмалын зах зээлийн шинэчилсэн төлөвийг танилцуулсан. Тус тайланд 2024 онд литийн эрэлт 30 хувиар өссөн гэдгийг онцолсон нь үнэхээр гайхмаар тоо юм. Харин никель, кобальт, графит болон ховор металл элементүүдийн эрэлт 2023 оноос хойш жилд 6-8 хувь өссөн байна. Энэхүү огцом өсөлт нь чухал ашигт малтмалын сэдвийг бид дахин дахин ярих болсны нэг шалтгаан юм. Эдгээр ашигт малтмалууд нь хагас дамжуулагч, соронз, салхин турбин, удирдлагын систем зэрэгт ашиглагддаг бөгөөд эрчим хүчний салбарт түлхүү хэрэглэгдэж байгаа. Мэдээж зөвхөн эрчим хүчээр хязгаарлагдахгүй, эмнэлгийн тоног төхөөрөмж ч эдгээр ашигт малтмалаас хамааралтай” гэлээ. Түүний хэлсэнчлэн чухал ашигт малтмал улам чухал болж байгаа энэ үед Төв Азийн 10 улсыг нэгтгэсэн CAMCA бүсэд ямар сорилт болон давуу тал үүсэж байгааг энэ үеэр хэлэлцсэн юм. АНУ бол өндөр технологийн төв болсон гол эдийн засаг. Гэвч үүнийг дагаад тус улсад өдгөө газрын ховор элемент болон чухал ашигт малтмалын тогтвортой, найдвартай хангамжийг бүрдүүлэх нь эдийн засгийн болоод аюулгүй томоохон сорилт болоод буй юм. Учир нь эдгээр чухал түүхий эдийн боловсруулсан бүтээгдэхүүний дийлэнхийг хангадаг БНХАУ нийлүүлэлтийн сүлжээний төв болсон буюу төвлөрлийг үүсгэж чадсан явдал. Хоёрдугаарт, энэхүү давуу байдлаа БНХАУ эдийн засаг төдийгүй геополитикийн хүчин зүйл болгож байгаа буюу нийлүүлэлтийн сүлжээгээр дамжуулан стратегийн салбаруудад нөлөөлөх чадвартай болж хувирчээ. Газрын ховор элемент, чухал ашигт малтмалын нөөцөөс хамааралтай салбаруудад өндөр технологийн бүтээгдэхүүн, сэргээгдэх эрчим хүчний технологи, батлан хамгаалахын системүүд зэрэг багтаж буй. Харин зах зээлийн болоод геополитикийн энэ бүх хүчин зүйлс Кавказ, Төв Ази буюу CAMCA бүс нутгийн үнэ цэнийг илүү тодотгох нөхцөл болов. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын нөөц арвинтай, логистик, тээврийн таатай нөхцөл бүхий энэ бүс нутаг нийлүүлэлтийг төвлөрлийг сааруулах тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгэх боломжтой хэмээн олон улсад үзэж байгаа аж. Өнөөгийн геополитикийн орчинд стратегийн ашигт малтмалын зах зээлийн эмзэг байдалд анхаарал улам бүр хандуулагдаж буй энэ үед Кавказ, Төв Ази болон Украин бүс нутгууд нь АНУ болон дэлхийн стратегийн ашигт малтмалын хэрэгцээг хангахад түлхүүр үүрэгтэй бүсүүд болон тодрон гарч ирж байна. Афганистан, Армени, Азербайжан, Гүрж, Казахстан, Киргиз, Монгол, Тажикстан, Туркменистан, Узбекистан гэсэн CAMCA бүс нутгийн 10 орны зарим нь уул уурхай харьцангуй сайн хөгжсөн бол зарим нь улс нь ирээдүйд хөгжих нөөц боломжтой хэмээн үзэж байна. Ялангуяа, Казахстан улс л гэхэд Монголтой ижил, газар нутгийн нь 90 гаруй хувь судлагдаагүй, нөөц баялгаа бүрэн тодорхойлоогүй байгааг буйг AIFC-ийн Уул уурхайн төслийн удирдлагын албаны дарга Айнур Каппарова хэлсэн юм. Гэвч Казахстан улс бодлогын тогтвортой байдал, хөрөнгө оруулагчдад ээлтэй орчин, хурд зэргээрээ Монгол Улсаас хэдийн түрүүлж, зөвхөн уран олборлолтоор л гэхэд 1990-ээд онд л гэхэд Монгол Улстай ижил гараанаас эхэлсэн ч өнөөдөр дэлхийн хэмжээний томоохон нийлүүлэгч орон болж чадсан. Өдгөө тус улсад ирсэн хоёр хөрөнгө оруулагч тутмын нэг нь уул уурхайн салбартай холбоотой төдийгүй ихэвчлэн чухал ашигт малтмалыг онилж буйг Айнур Каппарова онцолсон юм. Хайгуулын тухайд БНТУ, Австрали, БНСУ, АНУ-ын томоохон компаниуд ажиллаж, хайгуул хийхээ илэрхийлжээ. Дэлхийн нийтийн хөгжлийн гол сэдвүүдийн нэг болоод буй критикал минералыг улс орон бүр өөрийнхөөр томъёолж байгаа. Монгол Улсын хувьд чухал ашигт малтмал гэсэн нэршлийг ашиглаж, үүнд багтах жагсаалтаа боловсруулах шатанд яваа билээ. Казахстан улс л гэхэд газрын ховор элемент, зэс, алт, мөнгөө уг жагсаалтдаа оруулсан бол ураныг оруулаагүй байгаа ба энэ тал дээр АНУ-тай ижил баримтлалтай байгааг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын зөвлөх А.Мандуул дурдсан. Тэрбээр форумын "Чухал ашигт малтмал: CAMCA-ийн стратегийн давуу тал" хэлэлцүүлгийг удирдан явуулсан юм. Монгол Улсын хувьд уран стратегийн чухал ашигт малтмалд орохгүй байх аргагүй гэдэг байр суурийг тэрбээр мөн илэрхийлсэн. Учир нь нүүрстөрөгч ялгаруулахгүйгээр эрчим хүчээ үйлдвэрлэх, цахилгаан авто машин хэрэглэх, цөмийн цахилгаан станцаа сэргээх, шинээр барих зэргээр дэлхийн дулаарлын эсрэг хүчин чармайлт гаргаж байгаа энэ үед ураныг чухал ашигт малтмал биш гэх үндэслэл манай улсын хувьд байхгүй хэмээн үзэж байгаа аж. Энэ чиглэлээр гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг эхлүүлж, Хөрөнгө оруулалтын гэрээгээ байгуулаад буй “Бадрах Энержи” компанийн гүйцэтгэх захирал Марк Мелеард эрчим хүчний салбарын томоохон өөрчлөлтийн талаар форумын үеэр байр сууриа илэрхийлсэн юм. Цөмийн энерги дэлхийн эрчим хүчний шилжилтийн чухал бүрэлдэхүүнд тооцогдон, хүлээн зөвшөөрөгдөж байгаа энэ үед Франц улсын Орано групп Монгол Улсын Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан чухал болохыг нийтээрээ хүлээн зөвшөөрч буй. Цөмийн эрчим хүч найдвартай, тогтвортой бөгөөд нүүрстөрөгчгүй цэвэр эх үүсвэр учраас улс орнууд Net Zero буюу хүлэмжийн хийн ялгаруулалтын түвшнийг тэг болгох зорилтынхоо төлөө энэ эх үүсвэрийн үйлдвэрлэлийг дэмжих болсон энэ үед Зөөвч-Овоо төсөл хэрэгжих байгаагаараа Монгол Улсад чухал ач холбогдолтой. Уур амьсгалын дээд хэмжээний COP28 уулзалтаас 2050 он гэхэд шатах ашигт малтмалыг богино хугацаанд үе шаттай халж, сэргээгдэх болон цөмийн эрчим хүчийг эрчимтэй нэвтрүүлэн найдвартай байдлыг хангах зорилт тавьсан ч нийлүүлэлт талдаа санаа зовоож байгаа асуудал нь олборлоход бэлэн нөөц юм. Иймд ураны хайгуул, олборлолтыг хөгжүүлэх шаардлага тулгарч байна. Нөгөө талд өнгөрсөн хоёр жилд дэлхийн зах зээл дээрх ураны үнэ хоёр дахин өссөн нь эрэлт ямар их нэмэгдэж байгаагийн илрэл мөн. Тийм ч учраас Зөөвч-Овоо төсөл цагаа олсон чухал төсөл болохыг Марк Мелеард онцоллоо. Орано групп зөвхөн Монголоор тогтохгүй Казахстан улсад мөн төсөл хэрэгжүүлдэг. Энэ утгаараа бүс нутгийн хэмжээнд мэдлэг, технхологи, туршлагыг дэлгэрүүлж, Төв Азийн орнууд дахь төслийнхнөөс Монголд авчран мэдлэг түгээж байгааг тэрбээр мөн хэлсэн юм. Яг ийм хөрөнгө оруулалтын гэрээ илүү олныг байгуулж, олон төсөл хэрэгжүүлэх нь аль ч улсад чухал. Ялангуяа, уул уурхай, чухал ашигт малтмалын төсөл хэрэгжүүлж эхлэхийн тулд дор хаяж 15-20 жил шаардлагатай учраас бодлогын тогтвортой байдал хамгийн чухал байгааг "Эм Си Эс Инвестмент" компанийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Л.Энхтөр хэлсэн. Төрийн зүгээс тогтвортой бодлогоос хангахаас гадна дэмжлэг, санаачилга чухал байгаа нь энэ үеэр мөн хөндөгдсөн сэдэв. Чухал ашигт малтмалын талаар хөндөх зүйлс маш олон бий. Ялангуяа, дөнгөж бодлогоо тодорхойлох гэж байгаа манай улсын хувьд нийгмийн дэмжлэгийг авах нь чухал сорилт болоод буй. Үүний тулд үйлдвэрлэлийн сайн туршлагаар шийдвэрлэж болох бөгөөд түүнийгээ орон нутгийн иргэдэд ил тод, үр дүнтэйгээр ойлгуулж чадвал нөхцөл байдал өөрчлөгдөж чадахыг Жонатан Элкинд мөн хэлсэн.
Нийтлэлч, медиа аналист Ц.Тамир
Нэргүй 4 цагийн өмнө 81.9.119.67
) Халуун охид таныг хүлээж байна ~~ Sexy24.mom
Нүүрс ... 2025-07-10 202.9.47.45
Монгол нүүрс цаашдаа баларчээ, яана даа яана, сөнөхөөс өөр замгүй юм байна.
з 10 цагийн өмнө 103.229.122.182
Моячуул нүүрс дээр ялаад урам орж хөлсөө нэмүүлэн Уран, ГХЭ-н төлийг гацаах ажилдаа ороод байна