УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр /2025.07.09/ 08.00 цагт хуралдаж эхэллээ.
Намрын ээлжит чуулганыг 9 дүгээр сарын 15-нд эхлүүлнэ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН 2025 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ХААЛТЫН ҮГ
Эрхэм хүндэт ард иргэдээ
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ
Улсын Их Хурлын гишүүд тангараг өргөж ажилдаа орсноос хойш даруй нэг жил өнгөрлөө. Амжиж бүтээсэн, алдаж оносноо эргэн харах, цаашдын ажлаа бодитой, оновчтой эрэмбэлэх мөч тохиож байна.
126 гишүүнтэй шинэ парламентын 9 дэх бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн нэг жилийн хугацаанд нийт 144 хууль, 146 тогтоол баталсан. Үүнээс 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 66 хууль, 59 тогтоол хэлэлцэн баталлаа.
Эрхэм хүндэт иргэд ээ,
Ард түмний төлөөлөл болсон Улсын Их Хурал олон түмнээ байнга сонсож байх ёстой. Төрийн эрх барих дээд байгууллагын шийдвэр өргөн олонд хүлээн зөвшөөрөгдөхийн үндэс нь ард түмнийхээ итгэл сэтгэл, хүсэл эрмэлзлийг мэдэрч ойлгох явдал байдаг.
Тиймээс Улсын Их Хурлын даргын хувьд парламентыг олон ургалч үзэлд тулгуурлах, ил тод, нээлттэй байх, “хүн төвтэй” ойлголцол, зөвшилцлийг баримтлахад нэн тэргүүнд анхаарч ажиллалаа.
Энэ удаагийн 5 нам, эвслээс бүрдсэн Улсын Их Хурал нь парламентын ардчиллын үндэс суурийг гүнзгийрүүлэн бэхжүүлж, ард түмний төлөөллийн дуу хоолой болсон Улсын Их Хурлын институцын хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог улам төгөлдөржүүлснээр бид Монгол Улсын парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа.
Энэ бол зөвхөн нэг сонгуулийн мөчлөгийн үр дүн бус, ардчиллын замыг тууштай баримтлагч Монголын төр, нийгмийн олон институцүүдийн хамтын хүчин чармайлтын үр дүн юм.
Улсын Их Хурал намрын чуулганаар баталсан 2024-2028 оны стратеги төлөвлөгөөндөө ил тод, нээлттэй, хүртээмжтэй байх, иргэдийн оролцоог хангах үнэт зүйлийг онцлон тусгасан билээ.
Түүнчлэн Хүн төвтэй хууль буюу хууль хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл санаа бүхий байх; Цаг үеийн шаардлагад нийцсэн хууль буюу Нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг байх; Иж бүрэн зохицуулалттай, ойлгомжтой хууль буюу Хуулийг тодорхой, ойлгомжтой болгож, хууль болон журмаар зохицуулах харилцааны заагийг тодорхойлох гэсэн эрх зүйн орчны “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ”-ийн бодлогыг хэрэгжүүлэх үндэс суурь болсон төр төвтэй хуулиас хүн төвтэй хууль руу шилжих, хуулиас давсан журмыг цэгцлэх, хууль ба журмын зохист харьцааг хангах эрх зүйн үндсийг Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар бий болголоо.
Тодруулбал, журам батлах нэрээр хуулиар тогтоосон иргэний эрх зүйн байдлыг дордуулдаг явдал цаашид үгүй болно. Журам зөвхөн хуулийг хэрэгжүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээ авах зорилгоор батлагддаг болно.
Мөн өөрийн чиг үүрэгт нь хамааралгүй байхад журам баталдаг явдал үүгээр зогсоно.
Түүнчлэн хүний эрхийн ноцтой зөрчил, хүнд суртал, авлига, албан тушаалын хэрэг бий болох боломжийг үгүй хийж, Засгийн газарт чиглэл болгож 350 орчим хууль дагасан журмуудыг цэгцлэх УИХ-ын тогтоолыг баталлаа.
Намрын ээлжит чуулган эхлэх хугацааг наашлуулж, 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлүүлж, төсөв хэлэлцэх хэлэлцүүлгийн үе шатыг шинээр нэмж 4 байсныг 5 үе шаттай болголоо.
Ингэснээр Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо төсвийн төслийг мэргэжлийн байгууллага, ард иргэдийн дунд олон талын оролцоог хангаж илүү нухацтай хэлэлцэх эрх зүйн орчин бүрдэж байна.
Парламентыг илүү нээлттэй, иргэддээ ойр байлгах зорилгоор “Нээлттэй парламент–2025” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.
Энэ хөтөлбөрөөр оюутан залуус болон ахмад үеийн төлөөллийг парламентын үйл ажиллагаанд хамруулан, мэдлэг, туршлага солилцож, шинэ сэтгэлгээний гүүрийг бүтээх, ахмадын арвин туршлагыг хослуулахыг зорьж байна.
Эдгээр хөтөлбөрүүдэд залуу, ахмад үеийг идэвхтэй хамруулахын зэрэгцээ хууль тогтоох ажиллагааны бэлтгэл хангаж ажилласан Улсын Их Хурлын тамгын газрын хамт олонд талархал илэрхийлье.
Эрхэм хууль тогтоогчид оо,
Та бид төрийнхээ сүлдэнд тангараг өргөж байсан мөч саяхан билээ. Бидэнд хийх ажил их, ард түмний хүлээлт өндөр байгаа тул үлдэж буй гурван жилийн хугацаанд илүү үр бүтээлтэй ажиллах хэрэгтэй байна.
Шинээр бүрдсэн парламентад гишүүд эзэмшсэн мэргэжил, хуримтлуулсан туршлагаар онцгойрон ялгарч, хэлэлцэж буй мэргэжлийн нарийн, ээдрээ төвөгтэй асуудалд жинхэнэ мэргэжлийн байр сууринаас хандах арга барил, уур амьсгал чухал байлаа.
Түүнчлэн Улсын Их Хурлын өмнөх бүрэн эрхийн хугацаанд хэлэлцэж батлаагүй хууль, тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаасанд тооцдог зохицуулалттай тул гишүүд ажлын гүн рүү даруй орох, чиг үүргээ шуурхай хэрэгжүүлж эхлэх хэрэгцээ шаардлага байсныг дурдах нь зүйтэй.
Тиймээс Улсын Их Хурлын даргын хувьд хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гишүүдийн санал бодлыг харгалзан, мөн зарим гишүүдэд тухайлан итгэл хүлээлгэн ачаа үүрүүлж ажлын хэсгүүдэд хуваарилан ажиллуулсан.
Эдгээр ажлын хэсгүүд нь хууль, бодлогын баримт бичиг боловсруулах, тухайн салбарын ажлын гүнд нь орж нарийвчлан танилцах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлсэн.
Асуудлыг судалж дүгнэх, Засгийн газар болон холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах замаар хуулийн төслүүдийг боловсруулж батлуулах, санал дүгнэлт танилцуулах зэргээр бодит үр дүнд хүрсэн ажлын хэсгүүдийг ахалсан болон түүнд орж ажилласан нийт гишүүдэд талархал илэрхийлье.
Улсын Их Хурлын гишүүдийн ахалсан ажлын хэсгүүд Хууль тогтоомжийн тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон Хөдөө аж ахуйн тухай анхдагч хуулийн төсөл зэрэг олон хууль тогтоолуудыг өргөн мэдүүлсэн.
Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль тогтоомжийг шинэчлэх, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах талаар хууль тогтоомжийг боловсронгуй болгох, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг боловсронгуй болгох, Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх асуудлаар холбогдох яам, байгууллагатай хамтран ажилласны дүнд эдгээр хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байна.
Үүний зэрэгцээ өнөөгийн аж ахуй, арилжаа, бизнесийн эрх зүйн харилцааг зохицуулж байгаа, 23 жилийн өмнө батлагдсан Иргэний хуулийн хэрэгжилтийг судалж танилцах, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсэг идэвх санаачилгатай ажиллаж, энэ хуулийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдлын талаар 40 гаруй судлаач, хуульчдын багаар томоохон хэмжээний судалгаа хийлгэж, үр дүнтэй ажиллалаа.
Энэхүү судалгааны үр дүн хэлэлцүүлгийн шатанд байгаа Арилжааны тухай хуулийг хэлэлцэхэд үнэтэй хувь нэмэр болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Одоо мөрдөгдөж байгаа эрүүл мэндийн үйлчилгээний санхүүжилтийн арга нь тоо хэмжээнд тулгуурласан, тэр хэрээр эмнэлгүүдэд эдийн засгийн сонирхол төрүүлж байгааг эрс өөрчлөх ёстой. Мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарт үндэслэн санхүүжилт олгох загварыг бий болгох шаардлагатай байна.
Тиймээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог оновчтой болгох, хүнс эмийн хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох 3 ажлын хэсэг байгуулан ажиллаж, эрүүл мэндийн асуудлаарх эдгээр ажлын хэсгүүд салбарын мэргэжилтнүүдийн санал бодлыг сонсох ажил хийж, үүсээд байгаа асуудлын учир шалтгааныг олох чиглэлээр олон ажил хийж, санал дүгнэлтээ танилцуулаад байна.
Үүний ард олон удаагийн хэлэлцүүлэг, уулзалт яриа, ойлголцол өрнөж цаг хугацаа, хүч хөдөлмөр орсон нь дамжиггүй.
Тухайлбал, хаврын чуулганы хугацаанд эдгээр ажлын хэсэг нийт 178 удаа хуралдаж, олон нийт, мэргэжилтнүүдийн дунд 46 хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулжээ.
Тодруулбал, Төрийн албаны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Татварын хууль тогтоомжийн шинэчлэх, Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмын хүрээнд холбогдох эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Холбоо, сангийн тухай хуулийн төслийг боловсруулах, Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, Шүгэл үлээх журмын талаарх эрх зүйн орчныг бий болгох ажлын хэсгүүдийг онцлон дурдъя.
Өндөр бүтээмжтэй төрийн албыг хөгжүүлэхэд талуудын идэвх чармайлт, харилцан ойлголцол чухал байна.
Үүнийг хурдасгах, түлхэц өгөх зорилгоор Улсын Их Хурлын даргын захирамжаар Төрийн үйлчилгээний процессын дахин инженерчлэлийн талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, процессын дахин инженерчлэлийн ажлыг үр дүнтэй зохион байгуулах, нэгдсэн ойлголт, арга зүй, удирдлагаар хангах зорилгоор тогтоол баталсан.
Төрийн албаны эрх зүйн орчныг боловсронгуй болгоход Улсын Их Хурал дээр байгуулагдсан ажлын хэсэгтэй шийдэл, хувилбар, санаа оноогоо харилцан нээлттэй солилцож хамтран ажиллаж, намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан Засгийн газар хуулийн төслийг өргөн мэдүүлэх нь зүйтэй.
Аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн тодотголтой хуулийн этгээдийн удирдлага, зохион байгуулалтыг шинэчлэн сайжруулж, үр ашиг, ил тод байдлыг нэмэгдүүлж, зардал бууруулах, компаниудыг хувьчлах, татан буулгах ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэе.
Эдгээр ажлын хэсгийн ахлагч нар үр дүн гаргахын төлөө асуудалдаа төвлөрч, гишүүдийнхээ оролцоог идэвхжүүлэх шаардлагатайг тухайлан сануулж байна. Мөн ажлын хэсгүүдэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлыг эрчимжүүлэхийг Улсын Их Хурлын Тамгын газарт даалгая.
Эрхэм гишүүд ээ,
Хүртээмжтэй байх, иргэдийн оролцоог хангах, хариуцан тайлагнадаг байх нь Монгол Улсын Их Хурлын үнэт зүйлийн нэг билээ.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэн чуулганы завсарлагын хугацаанд баталсан хууль тогтоомжоо сонгогч түмэндээ ойлгуулан таниулах ажлыг идэвхтэй хийж, хэлэлцүүлгийн шатанд байгаа болон боловсруулж буй хуулийн төслүүдийн талаар иргэд олон нийттэй нээлттэй санал солилцож, тэдний дуу хоолой, төлөөлөл байх эрхэм үүргээ нэр төртэй биелүүлэхийг хүсье.
Эх нутаг болон дэлхийн өнцөг булан бүрт аж төрөн суугаа эрхэм хүндэт Монголчууд Та бүхэндээ Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье.
Монгол түмний минь хийморь сүлд өөдөө байж, эх орон маань энх амгалан орших болтугай.
Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган хаасныг мэдэгдье.
"Хулгайн аргаар төрийн албан хаагчдын цалин хөлсний асуудлыг оруулж ирж байна"
- “Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцэв. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар танилцууллаа.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
-Өмнөх тогтоол дээр тогтоолын төслийг танилцуулахгүй, үг асуул явуулахгүйгээр төрийн албан хаагчийн цалин хөлс урамшуулал, тэтгэмж, буцалтгүй тусламжийг бүх салбарт тэгш шударгаар тогтоох байдлаар шинэчлэн зохицуулах байдлыг оруулжээ.Үүнийг эсэргүүцэж Ц.Туваан гишүүн ажлын хэсэг байгуулан ажилласан. УИХ-ын тогтоолын төслийг буцаасан. Яагаад дахин оруулаад ирэв. Төрийн албаны тухай өөрчлөх хуулийг буцаасан. Дахиад ийм тогтоол орж ирсэн нь ямар учиртай юм бэ. Дэмжмээргүй байна. Хулгайн аргаар төрийн албан хаагчдын цалин хөлсний асуудлыг оруулж ирж байдаг юм бэ. Төрийн албаны тухай хуулийг шинэчлэх гэж байгаа бол хуулиараа л яв л даа.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
-А.Ариунзаяа гишүүнтэй санал нэг байна. Дагалдуулж орж ирсэн Төрийн албаны тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг буцаан татаж байхад УИХ-ын тогтоолыг дагалдуулж орж ирж байгаа нь буруу. Цалин хөлс урамшууллыг цаашид адилтгах байдлаар Засгийн газарт үүрэг чиглэл өгөх тогтоол оруулж ирсэн байна. Аж үйлдвэржилт, Цахим бодлогын байнгын хороогоо өөрчилж, өөр хороодод нийлүүлсэн. Тиймээс эрхлэх байнгын хороонд шилжүүлж өгөх санал хэлж байна.
Байнгын хорооны саналаар санал хураалт явуулж, 79 УИХ-ын гишүүн дэмжиж баталлаа.
Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тогтоолыг батлав
Байнгын хорооны гаргасан горимын саналаар санал хураалт явууллаа. Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх саналыг дэмжих санал хураалт явуулж, 78 УИХ-ын гишүүн дэмжив. УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулж, 74 УИХ-ын гишүүн дэмжлээ.
Чуулганаар 83 ажлын өдөр хуралдаж, 66 хууль, 59 УИХ-ын тогтоол баталсан
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, дөрөв дэх хэлэлцүүлэг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд санал хураалтад бэлтгэж байна.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зүйл тус бүрээр санал хураалт явуулж, эцэслэн батлах санал хураалт явуулахад 86 гишүүн дэмжиж, баталлаа.
Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай эцэслэн батлах нийт санал хураалт явуулж, 83 гишүүн дэмжиж баталлаа.
Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг бүхэлд нь эцэслэн батлах санал хураалт явуулж, 79 гишүүн дэмжиж баталлаа.
Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцэслэн батлах нийт санал хураалтаар 80 гишүүн дэмжиж, баталлаа.
Энэ удаагийн чуулган нийт 83 ажлын өдөр хуралдаж, 66 хууль, 59 УИХ-ын тогтоол баталсан байна.
"АН-ын бүлэг дахин завсарлага авахгүй"
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Засгийн газрын өрийн баталгаа гаргах тухай УИХ-ын тогтоолын төсөл дээр завсарлага авсан.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-Бид завсарлага авч, тодорхой мэдээлэл авлаа. Х.Нямбаатар даргаас асуулт асуулаа. Энэ яаралтай горимоор орж ирж байгаа нь онц шаардлагатай үед орж ирдэг. Нийслэлийн хурдны тойрог замын асуудал цаг үеийн хувьд гэнэт үүссэн үү гэдэг дээр дургүйцэж, асуудлууд яригдаж байсан. Аливаа төсөл дээр шалгуур тавьж, зөв ажил бол эдийн засгийн үр өгөөжтэй юу гэдэг асуултад хариулах ёстой. Мөн энэ ажлыг хийх цаг нь мөн үү гэдэгт хариулах ёстой. Энэ ажил шаардлагатай гэдгийг үгүйсгэхгүй байгаа. Хамгийн гол нь эдийн засгийн үр өгөөжтэй байх ёстой. Жишээлбэл, жилд 320 тэрбум төгрөгийн төлбөр зам байна. Иргэд өдөрт тэрбум төгрөгийн төлбөр төлнө. Үнэхээр ийм өгөөжтэй төсөл юм бол өр зээл тавьж хийх шаардлагатай юу. Ашигтай бизнесүүд нь хийчихээр харагдаж байгаа. Мөн цаг хугацааны хувьд өнөөдөр хэрэгжүүлэх ёстой юу. Өнөөдөр төсвийн тодотгол ярьж байхад ийм төсөл оруулж ирэх нь зөв үү. Хэмнэлт ярьж байна шүү дээ. Ажлын байр бий болж, ДНБ хэчнээн хувь нь үлдэх вэ. Монгол биш Хятадын компани орж ирнэ. Энэ мэт олон асуудал байгаа ч АН-ын зүгээс нэгдсэн байр суурь гаргасангүй. Хэт яаралтай горимоор орж ирсэн учраас завсарлагаа дахин үргэлжлүүлэхгүй.
"Алт-3" аян хэрэгжүүлэхийг дэмжиж, баталлаа
Нийт 22 хуулийн төслийг эцэслэн баталж байна.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 73 УИХ-ын гишүүн дэмжлээ.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулахыг эцэслэн батлах санал хураалт явуулж, 29 гишүүн дэмжиж, дэмжигдсэнгүй. Хуулийн төслийг буцаалаа.
Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 64 УИХ-ын гишүүн дэмжиж, дэмжигдсэнгүй.
Алт-3 аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулж, 53 гишүүн дэмжлээ.
Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл эцэслэх батлах санал хураалт явуулж, 68 гишүүн дэмжлээ.
Хамт өргөн мэдүүлсэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 67 УИХ-ын гишүүн дэмжлээ.
Төсвийн тогтвортой байдлын тухай нэмэлт оруулах тухай хуулийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 72 гишүүн дэмжлээ.
Хот байгуулалтын тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 67 гишүүн дэмжлээ.
Барилгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эцэслэн батлах санал хураалтаар 73 гишүүн дэмжлээ.
Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эцэслэн батлах санал хураалтаар 70 гишүүн дэмжлээ.
Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай эцэслэн батлах санал хураалтаар 71 гишүүн дэмжлээ
Түгжрэлийн тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 61 УИХ-ын гишүүн дэмжлээ.
Чуулганы хуралдаан УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн саналаар 30 минут завсарлалаа.
Г.Тэмүүлэн, Б.Найдлаа нар байнгын хороо даргална
Үдээс хойшх чуулганы хуралдаан үргэлжилж, зарим байнгын хорооны даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.
Г.Тэмүүлэнг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар улируулан сонгохыг дэмжсэн байна.
Агаар орчны бохирдлын болон Хүнс, хөдөө аж ахуйн дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын Агаар орчны бохирдлын дэд хороог Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, Б.Бат-Эрдэнэ, У.Отгонбаяр, Н.Наранбаатар, С.Замира, А.Ундраа, Ж.Золжаргал, С.Одонтуяа, Л.Мөнхбаясгалан, Ж.Чинбүрэн нарын бүрэлдэхүүнтэй байгуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Мөн Монгол Улсын Их Хурлын Хүнс, хөдөө аж ахуйн дэд хороог Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, Ж.Батжаргал, Ц.Идэрбат, З.Мэндсайхан, С.Лүндэг, Б.Мөнхсоёл, Ц.Туваан, Д.Жаргалсайхан, Ц.Мөнхбат, Т.Мөнхсайхан, П.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргад нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан танилцуулав. Нэр дэвшигч, Улсын Их Хурлын гишүүн Бадрахын Найдалаа эдийн засагч, санхүүч мэргэжилтэй, 2024 оны Япон Улсын Кобегийн Их сургуульд хөгжлийн эдийн засгийн сэдвээр эдийн засгийн ухааны магистр зэрэг хамгаалсан тухай тэрбээр дурдаад, 1997-2000 онд өөрийн төгссөн Санхүү, эдийн засгийн дээд сургууль (СЭЗДС)-д багш, 2004-2008 онд Анод болон Хаан банканд Эрсдэлийн удирдлагын газрын захирал, 2008-2011 онд MCS ХХК, Юнител ХХК-ийн газрын захирал, 2011-2020 онд Монголын эдийн засгийн форумын гүйцэтгэх захирал, Монголын банкны холбооны ерөнхий нарийн бичгийн даргын ажил эрхэлж байгаад 2016-2024 онд ХҮН-ын дарга, Удирдах зөвлөлийн гишүүн, 2024 оноос Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь ХҮН-ын зөвлөлийн даргаар ажиллаж байгааг танилцуулав.
УИХ-ын гишүүн М.Ганхөлөг Боловсрол, шинжлэх ухаан дэд хороонд УИХ-ын гишүүн Ц.Баатархүү, Д.Бум-Очир, Ж.Галбадрах, А.Ганбаатар, С.Зулпхар, С.Мөнхтуяа, Д.Рэгдэл, Г.Хосбаяр, Б.Хэрлэн нарыг нэр дэвшүүлсэн бол Соёл, спорт, залуучуудын дэд хороонд Ш.Бямбасүрэн, Д.Ганмаа, М.Ганхөлөг, М.Нарантуяа-Нара, О.Саранчулуун, М.Сарнай, Д.Энхтуяа, М.Энхцэцэг, С.Эрдэнэбат нарыг оролцуулахыг дэмжсэн талаар танилцуулав.
Харин Өргөдлийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Одсүрэнгийн Номинчимэгийн нэрийг дэвшүүлэв.
Төрийн байгуулалтын дэд хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа танилцуулав. Тэрбээр "Бүсчилсэн хөгжлийн болон Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцлээ. Бүсчилсэн хөгжлийн дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Ж.Бат-Эрдэнэ, Э.Болормаа, Н.Номтойбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Г.Уянгахишиг, Ц.Идэрбат нарын бүрэлдэхүүнтэй байх бол Ёс зүйн дэд хороонд УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, А.Ариунзаяа, Б.Баярбаатар, Ч.Номин, Ч.Лодойсамбуу, О.Саранчулуун, Б.Хэрлэн, Ө.Шижир, Д.Энхтуяа нарыг нэр дэвшүүлснийг танилцуулав.
Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Номин танилцуулав. Тэрбээр, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, Ч.Номин нарыг нэмэхээр санал гаргасныг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн талаар танилцууллаа.
Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал танилцуулав. Тэрбээр, Хүний эрхийн дэд хороонд УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, М.Нарантуяа-Нара, О.Номинчимэг, П.Сайнзориг, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, С.Эрдэнэболд, Л.Соронзонболд, Б.Энхбаяр, О.Алтангэрэл, Б.Баярбаатар, Ж.Баярмаа нарыг оруулах саналыг гишүүдийн олонх дэмжсэн талаар танилцуулав.
Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Соронзонболд танилцууллаа. Тэрбээр Аялал жуулчлал хөгжлийн дэд хороонд УИХ-ын гишүүн Р.Батболд, Н.Батсүмбэрэл, Ш.Бямбасүрэн, Г.Лувсанжамц, Э.Одбаяр, Б.Тулга, М.Энхцэцэг нарыг
Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороонд УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, Ц.Баатархүү, М.Бадамсүрэн, О.Батнайрамдал, П.Батчимэг, Ж.Ганбаатар, Р.Сэддорж нарыг
Инноваци цахим бодлогын дэд хороонд УИХ-ын гишүүн Ч.Анар, Ц.Баатархүү, Р.Батболд, Ж.Бат-Эрдэнэ, Х.Булгантуяа, П.Ганзориг, Б.Жаргалан, Л.Соронзонболд, Б.Тулга нарыг нэр дэвшүүлж, дэмжсэн талаар танилцууллаа.
Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороонд УИХ-ын гишүүн Б.Заяабал, Г.Лувсанжамц, М.Мандхай, Б.Найдалаа, Б.Пунсалмаа, А.Ундраа, С.Цэнгүүн, Б.Уянга нарыг нэр дэвшүүлэхийг дэмжсэн талаар танилцууллаа.
Монгол Улсын Их Хурлын зарим дэд хорооны бүрэлдэхүүний тухай УИХ-ын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал хураалтыг нэгтгэн явуулахаар болов.
Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгов
УИХ-ын байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай асуудлыг хэлэлцэв. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд УИХ-ын гишүүн Ч.Анар, О.Амгаланбаатар, Э.Бат-Амгалан, Н.Батсүмбэрэл, Д.Бум-Очир, Э.Болормаа, Д.Ганбат, Л.Гантөмөр, А.Жангыбыл, Б.Жаргалан, С.Лүндэг, Ц.Мөнхбат, Н.Наранбаатар, П.Наранбаяр, Н.Номтойбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Г.Очирбат, Б.Тулга, Х.Тэмүүжин, Г.Тэмүүлэн, Г.Хосбаяр, Д.Цогтбаатар, Ө.Шижир, Б.Энхбаяр, Ж.Энхбаяр, Д.Энхтүвшин, Л.Энхнасан, С.Эрдэнэболд, А.Эрдэнэбүрэн гэсэн бүрэлдэхүүнтэй байна.
Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд УИХ-ын гишүүн Н.Алтаншагай, С.Амарсайхан, О.Амгаланбаатар, Ж.Батжаргал, П.Батчимэг, Б.Бат-Эрдэнэ, Б.Бейсен, Г.Ганбаатар, С.Ганбаатар, М.Ганхөлөг, Г.Дамдинням, Д.Жаргалсайхан, С.Замира, Ж.Золжаргал, Ц.Идэрбат, С.Лүндэг, М.Мандхай, Ц.Мөнхбат, Л.Мөнхбаясгалан, Т.Мөнхсайхан, Б.Мөнхсоёл, З.Мэндсайхан, Н.Наранбаатар, С.Одонтуяа, У.Отгонбаяр, Р.Сэддорж, Ц.Туваан, А.Ундраа, Ж.Чинбүрэн гэсэн 29 хүний бүрэлдэхүүнтэй байна.
Үүний дараа Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төслийг хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа уншиж танилцуулав. Тогтоолоор Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бологын, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн, Өргөдлийн, Төрийн байгуулалтын, Төсвийн, Хууль зүйн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын, Эдийн засгийн гэсэн нийт найман Байнгын хорооны бүрэлдэхүүнийг нэр бүрчлэн батлахаар тусгасныг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 64.1 хувийн саналаар баталлаа.
“Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг үүнийг дараа явуулав. Тогтоолы төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Жавхлан уншиж танилцууллаа. Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичигт эдийн засаг болон нийгмийн үр өгөөж өндөртэй төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангагдсан, Шинэ сэргэлтийн бодлогод нийцсэн төслүүдийн санхүүжилтийн эх үүсвэрт Засгийн газрын өрийн баталгаа гаргах замаар дэмжлэг үзүүлнэ гэж заасны дагуу шинэ тойрог зам буюу “Нэгдүгээр тойрог зам” төслийг санхүүжүүлэх зорилгоор 2025 онд авах 260.3 сая ам.долларын зээлийн 85.0 хувьд Засгийн газрын өрийн баталгаа гаргуулах хүсэлтийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ирүүлснийг тэрбээр дурдаж, хүсэлтийг Сангийн яам судлан тогтоолын төсөл боловсруулсныг танилцууллаа. Баталгаа гаргуулагч болон төсөл нь Өрийн удирдлагын тухай хуульд заасан шалгууруудын бүрэн хангаж байгаа гэж Сангийн яам үзсэн боловч эрсдэлийн түвшнийг “дундаж” хэмээн үнэлсэн байна. “Нэгдүгээр тойрог зам” төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын гол гудамжуудын түгжрэл дунджаар 20.0 хувиар буурч, замын хөдөлгөөний дундаж хурд 23.3 хувиар өснө гэж тооцож буйг Сангийн сайд онцлов.
Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Х.Ганхуяг танилцууллаа. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт 2025 оны төсвийн жилд багтаан Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгосноор замын хөдөлгөөний түгжрэл, алдаж байгаа цаг хугацаанаас үүдэлтэй нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгана гэж Засгийн газар үзсэн байгааг тэрбээр танилцуулсан юм. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, санал гараагүй, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн байна.
Хууль санаачлагчийн илтгэл болон Төсвийн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Д.Пүрэвдаваа, Г.Уянгахишиг, Ц.Мөнхбат, Дав.Цогтбаатар, Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд “Нэгдүгээр тойрог зам” төслийн эдийн засаг, нийгмий нөлөөлөл, ач холбогдол, зээлийг эргэн төлөх нөхцөл, эрсдэл, үр өгөөжийн тооцоо, олон нийтэд асуудлыг хэрхэн таниулсан, дараа дараагийн жилүүдэд авах зээлийн хэмжээ, гүйцэтгэгчтэй байгуулах гэрээний төрөл, төсөл хэрэгжүүлэгч компанийг сонгон шалгаруулах цар хүрээ, мэргэжлийн болон хяналтын байгууллагуудын оролцоог хангах, дэд бүтцийн төслүүдийн төсөвт өртгийн өсөлт, “Эрдэнэс Тавантолгой” компаниас санхүүжүүлэх 15.0 хувийн санхүүжилтийн боломж ямар байгааг болон шаардлага хангасан аймгууд бонд гаргахыг Засгийн газар хэрхэн дэмжиж байгаа зэргийг асууж, Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нараас дэлгэрэнгүй хариулт авсан юм.
Шинэ тойрог авто зам нь зөвхөн хот доторх хөдөлгөөнийг зохицуулаад зогсохгүй нийслэл орчмын бүс нутгийн хөгжил, авто замын сүлжээг өргөжүүлэх стратегийн ач холбогдолтой. Тус зам нь Улаанбаатар хот руу чиглэсэн улс, орон нутгийн гол замуудыг захад нь холбох тул хотоос хотоор дайран өнгөрдөг урсгалыг сааруулж, орон нутгийн тээвэр хотын гудамжаар дамжин түгжрэл үүсгэдэг байдлыг зогсооно. Тухайлбал, нэгдүгээр тойрог замын трассыг төлөвлөхдөө баруун хойд зүгт Дархан-Уул аймаг руу гарах зам, зүүн урд зүгт Налайх, Чойр чиглэлийн зам, урд талд Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал руу чиглэсэн хурдны замтай тус тус холбох юм.
Санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Чуулганы хуралдаан түр завсарлаж байна.
Сөрөг хүчин түр хороог байгуулж, төрийн өмчийн компаниудад шалгалт хийнэ
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа:
-Чуулганы хуралдаан 54.8 хувийн ирцтэйгээр эхэлж байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгдсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэв. Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар танилцууллаа.
УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Д.Бум-Очир:
-Хуулийн төслийн 20.30 заалтад чуулганы нэгдсэн хуралдаанд худал мэдээлэл ирүүлэх, танилцуулах тухай асуудал байна. Зөвхөн нэгдсэн хуралдаанд гэсэн байна. Байнгын хорооны хуралдааныг оруулах боломж байгаагүй юм уу?
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Энэ хуулийн дагуу түр хороо байгуулах, даргалах эрхийг сөрөг хүчиндээ өгч болохоор хуулийн зохицуулалт оруулж ирсэн. Өмнө нь долоон удаа түр хороо байгуулагдсан ч ямар үр дүнгүй эрх баригчид өөрсдөдөө хариуцлага тооцдоггүй байсан. Нэг, хоёр нь гайгүй байсан байх. Ихэнх нь өөрсдийнх нь булхайг дарах зориулалттай байсан. Сөрөг хүчин түр хороог байгуулснаар төрийн өмчийн компаниуд дээр шалгалт хийнэ. Хэн нэгэн дарга сайд нарын хүн нь өөрийн хувийн компаниас адгийн байдалд хүргэж, идэж уудаг болсон. Тусгай зөвшөөрөлтэй, давуу эрхтэй ажилладаг ч тавхан хувийн ашигтай, ихэнх нь буюу 70 гаруй компани нь ашиггүй ажиллаж байна. Бүх бичиг баримтыг нь шалгана. Дарга нар эртхэн савраа салгаарай.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:
-Монгол Улсын ес дэх парламент үйл ажиллагаагаа эхлээд нэг жил өнгөрлөө. Миний бие Ёс зүй, дэгийн байнгын хороог удирдаад нэг жил удирдаж, өнөөдөр УИХ-ын тухай хууль батлагдсанаар байнгын хорооны даргын ажлаа шилжүүлж байна. УИХ-ын индер дээрээс байнгын хороотой хамтран ажилласан гишүүддээ талархал илэрхийлье. Манай байнгын хороо төрийн албан хаагчийн ёс зүйн асуудалд нэлээд төвлөрч ажилласан. Долоон бүсэд чуулга уулзалт хийсэн. Х.Баасанжаргал гишүүнээр ахлуулсан Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд үнэлгээ хийж, нэмэлт боловсруулалт хийж УИХ-д оруулах ажлын хэсэг байгуулахаар ажиллаж байна. Цаашид Төрийн байгуулалтын байнгын хорооны харьяанд Ёс зүйн дэд хороо болж, чиг үүргээрээ өөрчлөгдөн ажиллана. Энэ хуулийн төслүүдийг сайжруулж, 220 мянган төрийн албан хаагчдаараа дамжуулан нийгмийн ёс суртахууныг төлөвшүүлэхэд гол үүргийг гүйцэтгэнэ.
Зарчмын зөрүүтэй долоон саналын томъёоллоор санал хурааж дууслаа. Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгдсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 76 УИХ-ын гишүүн буюу 85.4 хувиар дэмжлээ.
Хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 86.5 хувиар дэмжлээ.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 86.5 хувиар дэмжин баталлаа.
Төрийн албаны тухай хуулийн төслийг эцэслэх батлах санал хураалт явуулж, 82 хувиар дэмжлээ.
Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулахыг эцэслэн батлах санал хураалт явуулж, 83.1 хувиар дэмжлээ.
Авлигын эсрэг хуулийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 84.3 хувиар дэмжлээ.
Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 83.1 хувиар дэмжлээ.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай эцэслэн батлах санал хураалт явуулж, 80 хувиар дэмжлээ.
Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 83.3 хувиар дэмжлээ.
Чуулганы хуралдаанаар 9 асуудлыг хэлэлцэнэ
Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж, УИХ-ын намрын чуулган өндөрлөнө.
- Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын 2 гишүүн 2025.06.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/
- Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын 9 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/
- Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт хариулт 60 минут/
- Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан 2025.05.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/
- Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, дөрөв дэх хэлэлцүүлэг/
- “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- “Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- “Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хаалт
Нэргүй 2025-07-09 103.168.34.73
Асар их мөнгө ХЯТАД*аас зээлж байна даа Нөгөө мөнгө нь зам тавих…. тэр мөнгөөс нь цавчаа хийж луйвардана эцэст ард иргэдийн татвараас л төлнө
🌋 2025-07-09 202.9.47.40
126 ⚰
126 2025-07-09 202.9.47.40
Сөнө!
Нэргүй 2025-07-09 59.153.113.194
Сдагууд одоо 9/15 хүртэл энд тэнд наадам хэсэж, айраг цагаа эргүүлэх нь ээ. Гадаадын бусад улсын парламкнт ингээд 2 сар тараад алга болцгоодог болов уу?
Нэргүй 2025-07-09 81.9.119.15
!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна ~~ Sexy24.mom
Бөөн хуудуу. 2025-07-09 202.9.47.40
Наадмын өмнө ганц хоногт шууран баахан бушуу туулайн борвины баастай юм гялс гаргасан болоод зугтацгаав аа хөөрхийс! харж л байгаарай гурилын гаалийн татвар, тэтгэврийн зээл 2 шиг дараа нь бөөн эргэж хургасан, дахиж хэдэн сар гацсан засвар хийж жогорхойтой жонкуу болно. ванга биш нострадамус шиг хэлж байна.
Зочин 2025-07-09 103.229.121.187
Шарга морьт гүнтийн зам одоо болтол нээгдээгүй бна замаа хурдан нээгээчээ гэр орондоо очмоор бна яг наадамтай зэрэгцүүлдэг нь ямар учиртай юм бэ
Зочин 2025-07-09 59.153.112.175
энэ зам хойшоо болон урагшаа төвөөр дайрч түгжрэхгүйгээр хотоос гарах зам юм шүүхдээ хэвтээ зам байгаач босоо зам дутаад бгаа биздээ
Зочин 2025-07-09 59.153.112.175
дэмжсэн гишүүддээ баярлалаа төсөлтэй танилцсан бна маашшш хэрэгтэй зам тавих болсоныг иргэд ойлгох болноо хотын дарга энэ хавар өөрийн биеэр явж тайлбарласан
🖕 2025-07-09 202.9.47.40
126 хулгайч тар!
Нэргүй 2025-07-09 66.181.188.54
эргээд орлого орж ирдэггүй өнөөдөр тулгамдсан биш асуудалд ЗГ баталгаа гаргахыг дэмжих шаардлагагүй. Энэ төлгөн коммунист байнга идэж ууж байдаг хоноцын сэтгэлээр ханддаг гөлөг. Хэрэгжүүлэх гээд байгаа төслүүдээс ялангуяа зам бариад түгжрэл буурахгүй . Энийг яаралтай зайлуулах хэрэгтэй
Нэргүй 2025-07-09 103.212.118.111
Засгийн газар баталгаа өгч болохгүй ээ.
Нэргүй 2025-07-09 45.117.35.28
үхсэн баас. эдгээр малууд бойны газарт очиж хэрчүүлбэл таарна
Нэртэй 2025-07-09 59.153.87.54
чөмгөө дундартал аэиллах шиг боллоо, одоо амар амар