-Өнөөдөр Улаанбаатар хотод 114 их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд 140 орчим мянган оюутан суралцдаг. Тэднээс хичээлдээ нийтийн тээврээр зайлшгүй явах шаардлагатай сурагч оюутны тоог 80 мянга байхаар тогтоож, Сангийн яамнаас тээвэрлэлтийн зардлыг нийслэлийн 2010 оны төсөвт суулгасан байна. Тэгэхээр нийслэлд 80 мянган оюутныг л нөхөн олговроор тээвэрлэнэ гэсэн үг юм. Гуравдугаар сарын 18-ны байдлаар нийтийн тээврийн газар дээр 71 мянган оюутны мэдээлэл судалгаа ирээд байна. Тэднээс 67 мянган оюутны цахим картыг хэвлэж бэлэн болгоод байгаа.
-Цахим картны онцлог юу вэ. Урьд өмнөх шиг хуурамчаар үйлдвэрлээд дамлан худалдаад байх юм биш биз дээ. Үнийн хувьд хэт өндрөөр тогтоогоогүй биз дээ?
-Энэхүү цахим карт нь асар өндөр нууцлалтай бөгөөд тухайн оюутны зураг наалттай байхын дээр хаана суралцдаг, хэддүгээр дамжааных вэ гэхчилэн бусад мэдээллийг агуулсан байх юм. Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэл бүрт цахим карт шалгагч багаж өгөх болно. Уг багажийг эхний ээлжинд кондукторууд ашиглана. Оюутны цахим карт 1500 төгрөгийн үнэтэй байна. Уг картаа энэ хичээлийн жил дуустал буюу зургадугаар сарын 31 хүртэл ашиглана гэхээр үнийн хувьд өмнөхөөсөө хямд тусч байгаа. Шинэ хичээлийн жилд дахин сунгалт хийхээр зохицуулсан.
-Цахим картыг ямар компани хэвлэж байгаа вэ. Тухайн компаниа хэрхэн сонгосон юм бол?
-Нийтийн тээврийн оюутны картыг хэвлэхээр дөрвөн компаниас санал ирсэн. Тэдгээрээс хэд хэдэн шалгуур үзүүлэлтээр “SMIT” компанийг сонгосон. Мэдээллийн технологийн ажлын туршлагатай байх, мэргэжлийн баг болоод хэвлэх тоног төхөөрөмж, нэгж картын үнэ хамгийн хямд байх, богино хугацаанд гүйцэтгэх, хөрөнгийн чадавхитай байх зэрэг зургаан шалгуур үзүүлэлтээр шалгаруулсан. Ажлын хэсгийнхэн нууцаар санал хурааж гүйцэтгэгчийг шалгаруулсан. Тус компани нь мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг монголын компани бөгөөд ЗЦГ-тай хамтарч жолооны үнэмлэхийг хийж байгаа харьцангуй туршлагатай юм билээ.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өндөр настнуудын цахим карт хэзээнээс хэвлэгдэх вэ?
-Тэдгээр хүмүүсийг цахим картжуулах хугацааг товлон хэлэхэд эрт байна. Ямартай ч хөгжлийн бэрхшээлтэй иргэд тавдугаар сарын 1, өндөр настнууд зургадугаар сарын 1 хүртэл хуучин үнэмлэхээрээ үйлчлүүлэх эрхтэй.
Д.Цээпил