Сурвалжлага: Аяны хэрэгсэл хямдарсан ч худалдан авалт алга

Сурвалжлага: Аяны хэрэгсэл хямдарсан ч худалдан авалт алга

Сурвалжлага: Аяны хэрэгсэл хямдарсан ч худалдан авалт алга

Монголчууд дэлгэр зуны нар хур тэгширсэн амралтаараа хөдөөг зорьж, аялж, зугаалдаг уламжлалтай. Гэхдээ аялалдаа гарах нь сайхан ч түүнд бэлтгэнэ, аян хэрэгслээ цуглуулна гэдэг шандас сорьсон ажил байдаг. Тэгвэл энэ удаад бид та бүхэндээ аяны хэрэгсэл, майхны үнэ ханш ямар байгааг талаар сурвалжлан хүргэхийг зорилоо.

Энэ жилийн хувьд аяллын хэрэгслийн үнэ буурсан хэдий ч иргэдийн худалдан авах чадвар тааруу байгаа зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан аялал зугаалгын хэрэгсэл борлуулах цэгүүдийн борлуулалт муудаж, худалдаачид “Өмнөх жилүүдээс эрс багассан” хэмээн хэлж байна. Эдийн засгийн хүндрэлийн нөлөөгөөр иргэд мөнгөө хэмнэж, аяллын хэрэгсэл худалдан авах нь илүү ховор болжээ. Мөн зээлийн аппликейшнээр бараа авах хүсэлтэй иргэд нэмэгдэж, худалдаачид наймаагаа ихэвчлэн зээлийн аппликейшнээр хийж байна.

“ЗЭЭЛИЙН АППЛИКЕЙШН АСУУДАГ НЬ ИХЭССЭН”

Шөнийн захын гадаах талбай дээр аяллын хэрэгслийн худалдаачинтай бид уулзахад, тэрбээр хоёр жил гаруй энэ чиглэлд ажиллаж байгаа бөгөөд хэрэглэгчдийн худалдан авах хандлага, сонирхол хэрхэн өөрчлөгдөж байгааг ийнхүү хуваалцсан. Түүний хэлснээр “Зуны улирал эхлээд аяллын багц л ихэвчлэн авч байна. Майхан, ширээ сандал, чийгний гудас, агаараар хийлдэг гудас гэх мэт. Ерөнхийдөө ая тухтай байхыг л бодож сонголтоо хийдэг болсон. Нар нэвтэрдэггүй, халдаггүй, амархан угсардаг майхан л хамгийн эрэлттэй байна” гэсэн юм.

Аяллын гол хэрэгслүүдийн үнэ ханшийн тухайд, түүний борлуулж буй майхан нь 650 мянган төгрөгөөр зарагдаж байгаа бөгөөд дээд хучлагатайгаа хамт ирдэг. Мөн даацын ширээ 100 мянга, чийгний гудас 55 мянга, сандал 25 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж. Гэсэн ч энэ нь өмнөх жилээсээ хямд болсон үнэ гэнэ. Энэ талаар тэрбээр “Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад үнэ нэмэгдээгүй, харин ч буурсан. Гэтэл хүмүүсийн худалдан авах чадвар улам муудаж, маш цөөн тооны бараа л авч байна” гэж онцолж байлаа.

Наадмын өдрүүдэд борлуулалт тийм ч сайн биш байгаа нь эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойг худалдаачин илэрхийлэв. Хүмүүс өмнөх жил авсан майхнаа муудаагүй бол энэ жил дахин зарлага гаргахгүй байгаагаас гадна хүүхдийн мөнгөө хүлээсэн хүмүүс, банкнаас тэтгэврээ хүлээсэн хөгшчүүд их байгаагаас харахад иргэд мөнгөгүй байгаа нь илт мэдрэгдэж байна.

ЭНЭ ЖИЛ ХИЙЛДЭГ МАЙХАН ИРЭЛТТЭЙ БАЙНА

Сүүлийн жилүүдэд хийлдэг, угсардаггүй майхан хэрэглээнд орж эхэлсэн нь хэрэглэгчдийн сонирхлыг татаж байна. Тухайлбал, гадаслаад төмөр зоож зовоохгүй, тав тухтай, хурдан угсрах боломжтой. Түүнчлэн жил ирэх тусам хийц, материал нь сайжраад байгаа болохоор хүмүүс илүү сонирхож байгаа гэх.

Гэсэн ч хэрэглэгчид чанарыг илүүд үзэх болж, хямд авсан ч ганцхан жил болдог майхнаас татгалзаж, хэдэн жил хэрэглэхүйц чанартайг хайдаг болсон нь худалдааны шинэ хандлага болон хувирчээ. Нөгөө талаараа чанартай гэдэг нь заавал өндөр үнэтэй, брэнд байх албагүй гэж худалдагчид үздэг байна.

“Pocket Zero”, “Storepay”, “Sono” зэрэг зээлийн үйлчилгээтэй холбоотой асуулт асуух иргэд нэмэгдсэн нь өнөөдрийн зах зээлийн бодит байдлыг илэрхийлж буй. “Хүмүүс ер нь зээлээр авах боломж байгаа эсэхийг л их асуудаг болсон. Манайх өөрөө зээлийн аппликейшн ашигладаггүй, гэхдээ өөр захуудтай харьцуулахад хамгийн доод үнээр зардаг. Жишээлбэл, Нарантуул дээр зарж буй ижил бараанаас майхан нь бүр 200 мянган төгрөгөөр хямдхан байгаа” хэмээн худалдагч нэмж ярилаа.

Харин Шөнийн захын B1 давхарт гурван жил гаруй ажиллаж буй М.Мөнхдалайгийн хэлснээр борлуулалт өмнөх жилтэй харьцуулахад нэлээд тааруу байгаа гэдгийг онцлов. Иргэдийн хандлага ч сүүлийн үед  100 хувийн бороо, салхины хамгаалалттай майхан сонирхож авах болжээ. Мөн олон хүнтэй аялал хийх нь нэмэгдэж байгаа учраас 4-6, 6-8 хүний багтаамжтай аяллын бараа их сонирхож байна.

М.Мөнхдалайгийнд худалдаалж буй майхнуудын үнийн хувьд дунджаар 299’000-1’050’000 төгрөгийн хооронд байлаа. Тэрбээр бараагаа танилцуулахдаа "Манай майхнууд чанар, эдэлгээнээсээ хамаараад 100 мянган төгрөгөөс эхэлж байна. Иргэд дунджаар 300-400 мянган төгрөг дотор аяллын хэрэгслээ авахаар зорьдог болж. Тэрнээс дээш үнэтэй бол эргэлздэг болсон. Мөн зээлийн аппликейшн их ашигладаг болсон. Манайх “Store Pay”-тай хамтарч ажилладаг. Ихэнх хүн түүгээрээ л худалдан авалт хийж байна” гэв.

АМРАЛТЫН ГАЗАР, ЖУУЛЧНЫ БААЗУУДЫН ҮНЭ ТЭНГЭРТ ХАДСАН

Энэ жил гэр бүлээрээ Хөвсгөл аймгийг зорих гэж буй иргэн Д.Цэцэгийн тухайд ам бүл зургуулаа учир хамгийн багадаа зургаан хүний багтаамжтай майхан сонирхож байгаа боловч үн нь дор хаяж нэг сая төгрөгөөс эхэлж байгаа аж. Тэрбээр ярихдаа “Гэр бүлээрээ Хөвсгөл явах гээд аяны хэрэгслээ цуглуулж байна. Манайх ам бүл зургуулаа. Чанартайг нь авах гэвэл үнэтэй, харин хямдхан нь жил хүрэхгүй муудчихдаг. Зарим газрууд зээлийн аппликейшнээр өгөхгүй болохоор бусад хэрэгсэл авахад мөнгө хүрэлцэхгүй хүндрэл үүсдэг" гэлээ.

Түүний онцолсон өөр нэгэн асуудал нь амралтын газар, жуулчны баазуудын үнэ тэнгэрт хаджээ. Ийм учир аяллын хэрэгсэл аваад аялах нь илүү боломжийн тусаж байна.

Үүний дараа бид “Sunday Plaza”-г зорилоо. Хаалгаар ороход тэндхийн уур амьсгал харьцангуй нам гүм, хөл хөдөлгөөн багатай байв. Худалдаачид сандал дээрээ сэнсээ асаан, халуунд сүүмийтэл суух нь харагдана. Зарим нь гар утсаа оролдон, зарим нь хөрш лангууныхантайгаа хууч хөөрч сууцгаана. Худалдан авагчид цөөн, сонирхон үзэж байгаа хүмүүс ч ховор. Аяны хэрэгсэл өрсөн лангуунуудыг харахад “Энэ жил амралт зугаалгаар явах хүн цөөрсөн үү” гэх бодол өөрийн эрхгүй төрнө. Гэсэн хэдий ч зарим худалдагч эрэлт нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй, ирэх долоо хоногоос хөл хөдөлгөөн нэмэгдэнэ гэж найдаж байлаа. Иргэдийн худалдан авалтын чадвар, эдийн засгийн нөхцөл байдал энэ бүхэнд шууд нөлөөлж буй нь тодорхой байв. Энэ талаар “Sunday Plaza” худалдааны төвийн худалдаа эрхэлж буй иргэн Я. Отгонтөгс үзэж буйгаар иргэдийн худалдан авах чадвар сул байгаа учраас өөрсдийн боломжид тааруулан аяны хэрэгслээ сонгодог болжээ. Худалдаачид чаль болох хямдруулж өгөхийг зорьж байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад барааны үнэ бага зэрэг хямдарсан ч энэ жил худалдан авалт харьцангуй тааруу байна.

Я.Отгонтөгс ярихдаа “Зуны улирал эхлэхтэй зэрэгцээд хүмүүс жижиг сандал, майхан, мишок зэрэг аяллын төрөл бүрийн бараа худалдаж авч байна. Манайх дээр бараа харьцангуй хямд, боломжийн үнээр зарагддаг. Гэвч хүмүүсийн худалдан авах чадвар муудсан байгаа нь ажиглагдаж байна. Тэд аль болох ямар ч байсан хямдхан, аятайхан, чанартай юм авахыг хүсдэг болсон" гэлээ.

Түүнтэй адил тус төвд худалдаа эрхлээд долоон жил болж буй худалдагч С. Булганнямын дэлгүүр энэ жилээс эхлэн цаг үеэ дагаад "Lend MN” аппликейшнээр дамжуулан үйлчлүүлэгчдэдэ төлбөрийн уян хатан нөхцлийг санаг болгодог болжээ. Тус дэлгүүрийн майхны үнэ нь зузаан, нимгэн, нарны хамгаалалттай, салхины хамгаалтаасаа хамаараад өөр, өөр байдаг ба ерөнхийдөө 550’000-1’400’000 төгрөг орчимд худалдаалагдаж байна.

С.Булганням “Аялал, зугаалгын улиралд манайхаас ихэвчлэн сандал, гэрэл, аяны ком зэрэг бараа их зарагддаг. Гэхдээ энэ жилийн хувьд өмнөх жилүүдтэй харьцуулахад хүмүүсийн худалдан авалт маш тааруу байна” гэв.

Иргэд аяллаа хэмнэлттэй, хямд байдлаар зохион байгуулахыг илүүд үздэг болсон нь анзаарагдлаа. Хүмүүсийн халаасан дахь мөнгө хумигдаж, зээлийн аппликейшн ашиглах хандлага газар авчээ. Харин худалдаачид борлуулалт муудсан ч үнэ хямдруулах, зээл санал болгох зэргээр аль болох борлуулалтаа хадгалахыг хичээж байна. Энэ бүхнээс харахад аялал зугаалгын улирал эхэлсэн ч иргэдийн санхүүгийн чадавх хүндэрч, аяны бэлтгэлээ бүрэн хангах нь хэцүү сорилт болж хувирчээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ

С.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 26 минутын өмнө 103.229.121.185

хямдарсан гэдэг ч худлаа, зүгээр л авах нэг нь аваад хэрэгцээ нь ханажээ гэж ойлго, аяны хэрэгсэл мах, сүү, талх биш нэг авсан бол нилээн хэдэн жил хэрэглэнэ ш дээ

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 142.126.123.77

kkk

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 142.126.123.77

юм зараад мөнгө олно гэдэг xошного болсон ажил xий н**ш манаж xүн гуйж сууxаар

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 142.126.123.77

тэр мөнгө xаа байна аа. xуучин болоод л байсан болж л таараа

Avatar

Зөвлөмж 3 цагийн өмнө 66.181.187.221

нэг удаагийн цаасан аяга шиг ийм юмнуудад мөнгө үрж яадаг байнаа.

Avatar

🇨🇳 🚮 3 цагийн өмнө 202.9.47.40

Энэ чанаргүй, хэрэгцээгүй хог новшинд зарцуулах мөнгө төгрөг даанч байхгүй.

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 157.15.7.105

Чанаргүй үнэтэй хогийг нь хүн бүр авчихсан

Avatar

зочин 6 цагийн өмнө 103.229.120.236

Худалдан авалт муудсан биш чанаргүй бараа үнэтэй байгааг эд ойлгодог болоосой

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 49.230.232.253

Чанаргүй хулхи бараа хэн авах вэ дээ

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 202.55.191.130

har 1000 ijil baraatai naimaachid … nuguu zamiin guanz neg dor 100 guanz ijil hool hiiigeed hun tsuurluu gej uilagnahtai adiil

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 45.117.35.28

хонгилын үзүүрт гэрэл харагдлаа гээд байдаг байсан саадууд гэрэл бөхөөгөөд бүүр таг харанхуй болгоод хаячихлаа

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 103.168.34.61

Одоо ямар ч айл нэг юмтай байгаа. Бас дэндүү олон газар зарж байна.

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 103.111.68.3

Аливаа зочид буудал стандарт шаардлага хангаж байж үнэтэй болдог журам гарга хоосон гэр яахаараа тийм их үнэтэй байдаг их өндөр үнэтэй үйлчилгээнд өндөр татвар ноогдуулж зохицуулаачээ

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.21.109.30

зөв

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 45.117.35.28

өмнөх бараа нь байгаа тул авах хүн байхгүй ээ. барааа чирч быайхаар үйлдвэрлэл явуул. одоо балар цаг шиг үйлдвэрлэх нь өөрт нь дээр.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж