"BRICS"-ийн дээд хэмжээний уулзалт Бразилын Рио де Жанейро хотноо долдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд үргэлжилж байна. Улс орнууд энэ удаад Израилиас Иранд халдсан явдал, Газын зурвас дахь хүмүүнлэгийн сүйрэл, Дональд Трампийн худалдааны тариф зэрэг тулгамдсан асуудлын талаар хэлэлцэж байна. Мөн Бразилын ерөнхийлөгч Луис Лула хиймэл оюун ухаан, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлыг яриа хэлэлцээний гол сэдэв байх болно гэсэн юм.
"BRICS" бүлэг нь Бразил, ОХУ, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк гэсэн таван гишүүнтэй боловч өнгөрсөн онд хэмжээгээ хоёр дахин тэлж, Египет, Этиоп, Иран, Саудын Араб, Арабын нэгдсэн Эмиратаар бүл нэмсэн. Гэвч хэмжээгээ хоёр дахин тэлсэн тус бүлэг дотооддоо эв нэгдэл тааруу байгааг шинжээчид онцоллоо. Мөн тэд Трампын анхаарлыг татаж, асуудалд орооцолдохгүйг хичээж байна.
Хятадын дарга Ши Жиньпин энэ удаагийн уулзалтыг алгасч, өөрийнхөө оронд ерөнхий сайд Ли Цяныг илгээжээ. Олон улсын эрүүгийн шүүхийн баривчлах тушаалаас болоод ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мөн оролцсонгүй. Түүний оронд Гадаад хэргийн сайд Сергей Лавров хүрэлцэн ирсэн бөгөөд Путин өөрөө цахим байдлаар оролцож, үг хэлжээ.
Бразил улс "BRICS"-ийн дээд хэмжээний уулзалтыг дөрөв дэх удаагаа зохион байгуулж байна. Гэвч энэ удаад дэлхийн нөхцөл байдал хамгийн таагүй байгаа үед уулзалтыг зохион байгуулж байгаагаараа онцлог байсныг Луис Лула онцлов. Тийм учраас энх тайвныг дэмжиж, мөргөлдөөнийг зогсооход зуучлагчийн үүрэг гүйцэтгэхийг гишүүн орнуудад уриалжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр гишүүн орнууд уулзалтын эцэст гурван хамтарсан мэдэгдэл гаргах төлөвтэй байна. Тодруулбал, Газын зурвас дахь хүмүүнлэгийн хямрал, Израилийн Иран дахь халдлага болон бусад мөргөлдөөнтэй холбоотой мэдэгдэл хийж магадгүй.
🖕 3 цагийн өмнө 202.9.47.40
Дуртай дурный хонгионууд шүү